Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББХолбоо барих
ХУУЛЬ, ТОГТООМЖ
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Ёс зүйн дүрэм
Мэдэгдэх, тайлбарлах
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
НИЙТИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоох, мөрдүүлэх

Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахын хамгийн чухал зорилт бол төрийн байгууллагын бодлого, шийдвэр гарах үйл явцын шударга байдлыг хамгаалах, мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, хянах, зохицуулах замаар төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах явдал юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т төрийн байгууллагын удирдлагын энэ чиглэлээр хүлээх үүргийг заасан байна.

Төрийн байгууллагын удирдлага
нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх, уг хууль болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй.

Хэрэв албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг, мөн түүнчлэн ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг хянан шалгах явцад авлигын шинжтэй зөрчил илэрсэн бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоох, мөрдүүлэх

Ёс зүйн асуудал нь нэг талаас хувь хүний зан байдлын, нөгөө талаас эрх зүйн ойлголт учраас ёс зүйн хэм хэмжээ нь өргөн агуулгатай. Үүн дотор ашиг сонирхлын зөрчил багтаж, ёс зүйн нэг шаардлага нь болдог.

Засгийн газраас баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ээр төрийн захиргааны байгууллага бүр тус дүрмийг дагаж мөрдүүлэн байнгын хяналт хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна. Төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлахдаа тус дүрмийг жишиг болгон авч болохыг мөн хүлээн зөвшөөрсөн. Тус дүрмийн 4.1.1 дэх хэсэгт төрийн албан хаагч нь “хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах” явдлыг эрхэмлэн дээдлэхээр заажээ. Дүрмийн 5 дугаар зүйлд зааснаар “өөрийн өмчийн байдал, тэдгээрт орсон өөрчлөлт, орлогын талаар эрх бүхий байгууллагад үнэн зөв мэдээлэх”, “өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”-аар, мөн зүйлээр дараах сонирхлын зөрчлийн хэлбэрийг хориглосон байна.

- Үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх
- Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх
- Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэнэ гэжээ.

Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг батлан мөрдүүлж байгаа бөгөөд дүрмийн зорилго нь ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээд, төрийн албан хаагчийн гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэгддэг байна. Тус журмаар байгууллага бүр ажилтны тооноос хамааран өөрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган тогтоох, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороотой байхаар заажээ. Ёс зүйн хороо нь ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах үүрэгтэй байна.

Ихэнх төрийн байгууллагууд өөрийн ёс зүйн дүрэм батлан мөрддөг бөгөөд нэг бүлэг заалт нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэм хэмжээ байдаг.