Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББХолбоо барих
ХУУЛЬ, ТОГТООМЖ
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Ёс зүйн дүрэм
Мэдэгдэх, тайлбарлах
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
НИЙТИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА
Нийтийн албан тушаалтан ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгэн томоохон, үр дүнтэй арга хэмжээ бол  хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах явдал юм.

Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг тодорхой ажил, албан үүргээ гүйцэтгэхийн өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж гаргана. Харин Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуульд заасан тодорхой хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос баталсан маягтын дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө, үнэн зөв гаргах үүрэгтэй.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25.2 зүйлээр  иргэдийг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй саадгүй танилцах боломжоор хангахыг үүрэг болгосон.   Иймд дараах байгууллагад хандан тодорхой албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үзэж танилцах, холбогдох мэдээлэл авах өргөн боломж байна. Үүнд,

- Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар Авлигатай тэмцэх газарт
- Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд
- Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд
- аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд
- бусад албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд хандана.

Авлигатай Тэмцэх Газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 тоот тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэл өгөх  журам”-ыг  баталсан байна.

Тус журмаар албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн аль хэсэг олон нийтэд нээлттэй байх вэ гэдгийг тогтоож олон нийтэд ямар арга замаар нээлттэй байлгахыг журамлан тогтоожээ. Төрийн өндөр албан тушаалтнуудын мэдүүлгийг  Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтэлдэг бөгөөд  АТГ-ын http://www.iaac.mn/ вэб сайтын “Хөрөнгө, орлого, сонирхлын зөрчлийн мэдүүлэг” гэсэн хэсгээс танилцаж болно.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар дээр дурьдсан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэл авах хүсэлтээ дараах загвар, маягтыг ашиглан гаргах бөгөөд байгууллагын удирдлага тухайн хүсэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор мэдээлэлтэй танилцах, эсвэл гаргаж өгөх зөвшөөрөл олгох бөгөөд уг зөвшөөрлийн дагуу эрх бүхий албан тушаалтан нэн даруй холбогдох мэдээллийг өгнө.