Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББХолбоо барих
ХУУЛЬ, ТОГТООМЖ
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Ашиг сонирхлын зөрчил
Нийтийн ашиг сонирхол
Хувийн ашиг сонирхол
ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
НИЙТИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА
Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?


Ашиг сонирхлын зөрчлийн тухай олон янзын тодорхойлолт бий. Тухайлбал, Трансперенси интернейшнл байгууллагын тодорхойлсноор “ашиг сонирхлын зөрчил гэдэг нь төрийн албан хаагч төрийн ашиг сонирхолд болон улсын ашиг сонирхолд үйлчлэхээсээ илүү төрийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж өөрийн үзэмжээр хувийн  ашиг сонирхолдоо үйлчлэх нөхцөл байдлыг ойлгоно” гэжээ. 

Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага “төрийн албан хаагчаас үүргээ гүйцэтгэхэд албаны болон хувийн сонирхол зөрчилдөх буюу төрийн албан хаагчийн хувийн сонирхол нь албаны үүргээ гүйцэтгэхэд нь харшаар нөлөөлөхийг хэлнэ” гэжээ. 

"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль"-д “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал хэмээн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн хувьд нэг талаас олон нийтийн эрх ашигт үйлчлэх үүрэг, нөгөө талаас хувийн сонирхол хоорондоо зөрчилдөхийг ашиг сонирхлын зөрчил хэмээн ойлгож болно. Нийтийн албан тушаалтны хувийн сонирхол албан үүргийг нь давамгайлах буюу нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавигдах тохиолдолд төр, байгууллагын ашиг сонирхол орхигдох буюу зөрчигдөх нөхцөл байдал үүсдэг байна.

Ашиг сонирхлын зөрчлийн тодорхойлолтод дараах үндсэн гурван агуулга багтана.


Ашиг сонирхлыг зохицуулах нэн тэргүүний зорилго бол нийтийн албаны бодлого тодорхойлох, шийдвэр гаргах үе шатан дахь шударга байдал, бүхэлдээ төрийн удирдлагын шударга байдлыг хамгаалах явдал юм. Ашиг сонирхлын зөрчлийг дараах 4 механизмаар зохицуулдаг байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ч энэхүү механизмыг бүрдүүлсэн.

Ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй нөхцөл байдлыг хянах, олж илрүүлэх зорилгоор бүртгэх, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг авах, мөн ашиг сонирхлын зөрчилтэй байдалд орж болзошгүй нийтийн албан тушаалтан уг байдлаас зайлсхийх ёс зүйн үүргийг тодорхойлж, оноох зэрэг арга хэмжээ байдаг.

Үүнээс гадна ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизмын нэгэн томоохон зохицуулалтын арга бол ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй нөхцөл байдлыг хориглох явдал юм. Ингэснээр сонирхлын зөрчил илрэн гардаг гол нөхцөлүүдийг тодорхойлон, тухайн нөхцөл байдалд хүргэхгүй байх зорилгоор нийтийн албан тушаалтны тодорхой зан үйл, үйлдлийг хязгаарлаж хориглодог. Энэхүү механизмыг уг  хуулийн 2 дугаар бүлгийн 7, 8, 9 дүгээр зүйл, 3 дугаар бүлгийн 10-22 дугаар зүйлд тус бүр тусгасан тодорхой заалтуудаар нарийвчлан зохицуулсан юм.

Нийтийн албан тушаалтан нэгэнт ашиг сонирхлын зөрчилд орсон тохиолдолд тэрээр ашиг сонирхлоо зарлах, хувийн сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргахад оролцохоос татгалзах, албан үүргийг нь зөрчил үүсэхгүй чиг үүрэгт шилжүүлэх, албан хаагчийн ажил үүргийг дахин өөрчлөх тодорхойлох, зөрчил үүсгэх чиг үүргээс чөлөөлөх гэх мэт байдлаар шийдвэрлэнэ. Хуулийн 4 дүгээр бүлгийн 23- 26 дугаар зүйл, 5 дугаар бүлгийн 27 дугаар зүйлд ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх арга замуудыг тусгасан байна.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  хориглох, хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах, ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэж зохицуулсан хэм хэмжээг нийтийн албан тушаалтан зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох механизм ажилласнаар ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт хэрэгжих бодит нөхцөлөөр бүрэн хангагддаг байна.

Тиймээс хариуцлагын төрлүүдэд сануулах, цалинг тодорхой хэмжээгээр бууруулах, торгууль ногдуулах, хууль бус үйл ажиллагааг нь хүчингүй болгох, албан тушаалаас бууруулах, нийтийн албанаас халах зэргийг оруулж хуульчилсан байна. Хуулийн 5 дугаар бүлгийн 29 дүгээр зүйлд хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэгбүрчлэн тусгасан билээ.