Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББХолбоо барих
ХУУЛЬ, ТОГТООМЖ
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
Ашиг сонирхлын зөрчлийн төрөл
Хориглолт
Хязгаарлалт
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
НИЙТИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА
Хориглолт

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар бүлэгт нийтийн албан тушаалтанд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах 12 төрлийн хориглолт, хязгаарлалтыг тогтоосон.

Хориглосон заалт:

Албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт;

10.1. Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг ХОРИГЛОНО.

Жишээ 1. Засгийн газрын нэгэн агентлагийн удирдах албан тушаалтан Хонгор өөрийн чиг үүргийн хүрээнд “Өрнө-Дорно” банк дампуурах гэж байгааг олж мэдэн тус банкинд их хэмжээний хадгаламж эзэмшдэг өөрийн найз Готовт мэдээлэл дамжуулсан байна. Готов банкнаас хадгаламжаа татаж авсан бөгөөд банк дампуурахад тэрээр ямар ч эрсдэл хүлээгээгүй аж. Албан тушаалтан Хонгор Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчиж бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулжээ.

Жишээ 2. Төрийн өмчийн уул уурхайн нэгэн томоохон компанийн өөрөө буулгагч автомашины хөдөлгүүрийн эд анги эвдэрснээс болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдох болов. Тиймээс уг автомашинд зориулсан эд ангийг худалдан авах тендерийг зарлахаар тогтжээ. Компанийн гүйцэтгэх захирал Донров энэ тухай мэдээллийг их сургуулийн найз Сүрэндээ хэлэв. Ингэснээр найз Сүрэн нь өөрөө буулгагч автомашины хөдөлгүүрийн эд ангийг нийлүүлэх тендерт оролцох боллоо. Худалдан авах ажиллагааны үе шат бүрийг /босго үнэ, оролцогчдын санал, тоо г.м нийтэд тодорхой болсноос бусад бүх мэдээллийг/ найздаа мэдээлж, тухайн нөхцөл байдалд тохирсон зөвлөгөөг бас өгч байв. Энэ бүхний үр дүнд Сүрэнгийн хувийн компаниас технологийн хувьд хуучирсан, дахин ашиглахаа больсон эд ангийг нийлүүлжээ. Гүйцэтгэх захирал Донров бүрэн эрхийнхээ хүрээнд олж авсан мэдээллийг задруулснаар найз Сүрэндээ ашигтай байдал үүсгэсэн байна.

Жишээ 3. Нэгэн дүүргийн газрын албаны дарга Батад удахгүй батлах газар зохион байгуулалтын ойрын таван жилийн ерөнхий төлөвлөгөөнд санал авах албан бичгийг төлөвлөгөөний төслийн хамт ирүүлжээ. Төсөлд тухайн  дүүргийн иргэдийн өмчлөл болон эзэмшилд ороогүй газрууд багтсан байв. Бат үүнийг соргогоор тусган авч, өөрийн болгохоор төлөвлөж байсан газрыг төрсөн дүү Хүрлээд хэлж, яаралтай хөөцөлдөн авахыг санал болгов. Төлөвлөгөө ч Батын өгсөн саналын хүрээнд дэмжигдэн батлагдаж, өөрийн дүү Хүрлээтэй хэлэлцсэн ёсоор хүссэн газраа өөрсдийн эзэмшлийн болгож чадлаа. Бат өөрт олдсон эрх мэдлийн хүрээнд олж авсан мэдээллийг хамаарал бүхий этгээдэд давуу байдлаар олгож, улмаар хууль зөрчсөнийг дээрх жишээ харуулж байна.

Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт

11.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОНО.

Жишээ: Нэгэн аймгийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Намсрай нь тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хариуцдаг. Гэтэл түүний эхнэр Туяа “Шимт-Ус” нэртэй ундааны цех ажиллуулдаг байна. Намсрай нь талх, ундаа үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх удирдамжийн төслийг өөрөө гардан боловсруулав. Түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсгийг биечлэн удирдахаар уг удирдамжид тусгажээ. Батлагдсан удирдамжийн дагуу Намсрай хяналт шалгалтын ажлыг хийв. Шалгалтын дүнг нэгтгэх, хэлэлцүүлэх, шийдвэр гаргах үе шатуудад ч мөн оролцсон байна. Шалгалтын үр дүнд үндэслэн зарим аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох шийдвэрийг ч гаргалцав. Харин түүний эхнэр Туяагийн удирддаг ундааны цех шалгалтад “маш сайн” дүн үзүүлжээ. Намсрай эхнэрийнхээ ажиллуулдаг аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийх ажилд оролцохоос татгалзах учиртай байсан. Эхнэр нь хамаарал бүхий этгээд учраас түүний ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахад оролцож, хянан шалгасан нь хууль бус үйлдэл юм.

Жишээ: Засгийн газрын нэгэн хэрэгжүүлэгч агентлагт өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр ажлын байр зарлагдсаныг иргэн Цэцэг үзээд зохих шалгалтыг өгч тэнцлээ. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Цэцэгийг томилуулах албан бичгийг тухайн агентлагийн дарга Сүрэнд явуулав. Сүрэн дарга албан бичгийг аваад өөрийн төрсөн эгчийн охин байхыг мэдсэн тул Цэцэгийг ажилд томилох шийдвэрийг гаргасангүй.  Энэ тохиолдолд Сүрэнг сайшаах нь зүйтэй. Учир нь тэрээр хуулиа дээдлэн ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс сэргийлж ажилласан байна.

11.2. Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОНО.

Жишээ: Мөнхөө “Их хотын барилга” ХХК-д инженерээр ажиллаж байгаад 2011 оны 9 дүгээр сард Барилгын яамны Хот төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн болов. Түүнийг хэлтсийн дарга нь Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нэр бүхий барилгын компаниудтай гэрээ байгуулан ажиллахыг үүрэг болгожээ. Мөнөөх барилгын компаниудын дотор өөрийнх нь ажиллаж байсан “Их хотын барилга” ХХК орсон байв. Мөнхөө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.2-т заасныг баримтлан энэ ажлаас татгалзав. Яагаад гэвэл барилгын компаниудтай гэрээ байгуулах хугацаа нь 2012 оны 6 дугаар сард таарч байв. Мөнхөөгийн өмнө ажиллаж байсан “Их хотын барилга” ХХК нь түүний нэгдмэл сонирхолтой этгээд бөгөөд тэд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байсан. Мөнхөө 2012 оны 9 дүгээр сарыг дуустал өмнө ажиллаж байсан байгууллагатай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулах учиргүй. Ийм тохиолдолд Мөнхөөгийн гаргасан шийдвэр хуульд нийцсэн бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсгэхээс урьдчилан сэргийлсэн алхам болж байна.

Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох;

12.1. Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг ХОРИГЛОНО.

Жишээ: Нэгэн аймгийн хэмжээнд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд удаа дараагийн зөрчил дутагдал гаргадаг, байнга цаг хэтрүүлэн ажилладаг Наран эзэнтэй “Fire” баарны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хураан авч, хаалгыг лацдаж байх үед мэргэжлийн хяналтын байцаагч руу хэлтсийн дарга нь утасдаж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эргүүлж өгөх үүрэг өгсөнбайна. Ингэснээр Саран уг баарны зөвшөөрлийг буцаан өгчээ. Энэ тохиолдолд хэлтсийн дарга шийдвэр гаргахад хөндлөнгөөс нөлөөлж, Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг зөрчжээ.

Жишээ: Хотын төвийн дүүрэг дэх  “Өнөр” зоогийн газрын эзэн Алимаагийн нөхөр Юндэн нь нийслэлийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалтай. Төвийн дүүрэгт ажиллаж буй зоогийн газруудад тухайн дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс төлөвлөгөөт шалгалт явуулахад “Өнөр” зоогийн газарт стандартын шаардлага хангаагүй, эрүүл ахуйн наад захын горимыг мөрдөөгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Шалгалтын дүнг нэгтгэн боловсруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан, мэргэжлийн хяналтын байгууллагад уламжлахаар зэхэж байх явцад Юндэн дүүргийн хэлтсийн дарга Сумъяа руу утасдаж, “Өнөр” зоогийн газарт холбогдох хэсгийг шалгалтын тайлангаас хасахыг үүрэгдсэн байна. Гэвч дүүргийн дарга Сумъяа шалгалтын тайлангаас “Өнөр” зоогийн газрын нэрийг хасуулсангүй. Юндэн өөрийн албан тушаалын байдлаа ашиглан эхнэрийнхээ ажиллуулдаг зоогийн газарт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр хариуцлага тооцох тухай шийдвэрийг гаргуулахгүй байхад нөлөөлөхөөр хуулийн заалтыг зөрчсөн байна.   

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт

20.1. Албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг ХОРИГЛОНО. 

Жишээ: Багануур дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Дэлгэрээгийн найз Гарьд Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан нэг жилийн хугацаагаар явах болов. Тэрээр найз Дэлгэрээг өөрийн “Эн Эн Си Си” компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байх санал тавьсан боловч Дэлгэрээ саналыг хүлээж аваагүй байна. Дэлгэрээгийн үйлдэл зөв. Нийтийн албан тушаалтны аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэхийг хуулиар хориглосон.

Жишээ: Иргэн Сүрэнхүү нэгэн  арилжааны банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж, улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Өмнө нь ажиллаж байсан банкийг өөрийн хөрөнгөөр босгосон тул эд хөрөнгөө бусдад даатгахыг хүсээгүй тул одоо банкныхаа удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Сүрэнхүү аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллаж болохгүй. Тэрээр Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа өгөх, эсхүл банкны удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзах ёстой.

20.4. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтан тухайн хуулийн этгээдэд нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалгын нийлүүлэгчээс ашиг авахыг ХОРИГЛОНО.

Жишээ: “Уурхай” төрийн өмчит компани аюулгүй байдлаа хангахад зориулсан галын хор худалдан авах тендер зарлахад “Зуунжил” компани шалгарч галын хор нийлүүлэхээр болжээ. “Уурхай” компанийн гүйцэтгэх захирал Палам “Зуунжил”  компаниас нийлүүлэх гэж буй галын хорын үнийн дүнгийн 10 хувийг өөртөө ашиг болгон авахыг хүсэхэд нийлүүлэгч компани зөвшөөрсөн байна. Гүйцэтгэх захирал Палам тухайн хуулийн этгээдэд нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалгын нийлүүлэгчээс ашиг авахыг хориглох хуулийн заалтыг зөрчсөн байна.

20.5. Албан тушаалтан нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авахыг ХОРИГЛОНО.

Жишээ: Иргэн Бархас дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад албан тушаалаасаа чөлөөлөгджээ.Түүний эхнэр нь “Хайрхан” компани их ашигтай ажиллаж байгаа, тэдний хамтрагч болохыг зөвлөв.Гэвч Бархас энэ зөвлөгөөг хүлээн авсангүй. Учир нь Бархас дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа Хайрхан компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж байжээ. Иймд Хуулийн 20.5-д заасны дагуу тэрээр нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хянах, хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж байсан “Хайрхан” компанийн хамтрагч байх боломжгүй юм.