Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББХолбоо барих
ХУУЛЬ, ТОГТООМЖ
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
Ашиг сонирхлын зөрчлийн төрөл
Хориглолт
Хязгаарлалт
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
НИЙТИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА
Хязгаарлалт

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар бүлэгт нийтийн албан тушаалтанд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлахад дараах  хязгаарлалтыг тогтоосон. 

Сурталчилгаатай холбогдсон хязгаарлалт

13.1. Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно. 

Жишээ: Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсийн дарга Цэрэн нь нэгэн үүрэн телефоны оператор компанийн хэрэглэгчдэд шинээр санал болгож байгаа дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлчилгээний  сурталчилгаанд оролцож, мэргэжилтний хувьд саналаа илэрхийлэв. Цэрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ижил тэгш харилцах учиртай. Гэтэл тэрээр зөвхөн нэг компанийн үйлчилгээг ийнхүү танилцуулсан нь албаны нэр хүндээ ашиглан аливаа зар сурталчилгаанд оролцохыг хориглосон заалтыг зөрчсөн хэмээн ойлгогдоно.

Жишээ:
Нэгэн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн олон нийттэй харилцах тасгийн дарга, “Оны шилдэг залуу”-гаар шалгарсан Амар “Онцгой байдлын үед иргэн та юу хийх вэ?” арга хэмжээний үр дүнгийн талаарх ээлжит мэдээллийг телевизээр хийжээ. Энэ мэдээллийг сонссон нэгэн иргэн “Манай байгууллага аврах тусгай хэрэгслийн тоног төхөөрөмж нийлүүлдэг юм. Танай байгууллагаас зохион байгуулдаг телевизийн нэвтрүүлгийн дундуур танаар сурталчилгаа хийлгэе” гэсэн санал тавьжээ. Амар ингэх нь төрийн байгууллагын ажилтны хувьд хуулиар хориглосон үйл ажиллагаа болохыг иргэнд тайлбарлан өгсөн байна. Амар өөрийн хариуцсан үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлсэн. Хэдийгээр аврах тусгай хэрэгслийн тоног төхөөрөмж нь аврах албаны үйл ажиллагаанд тустай боловч тэдгээрийг сурталчлах нь тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг  байгууллагын ашгийн төлөөх үйл ажиллагаанд хамаатай тул энэ талын сурталчилгаанд оролцоогүй Амарын үйлдэл хуульд нийцэж байна. 

Төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалт

14.1. Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно.

Жишээ: Нэгэн дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Энхжин нь дүүгийнхээ “Энх саруул” нэртэй эмийн сангийн үйл ажиллагааг дэмжиж дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн зохион байгуулж буй хуралд ирж оролцжээ. Ингэхдээ дүүргийн харьяа эмнэлгүүдийнхээ удирдлагад тус дүүргийн эмнэлэг, оношилгооны төвүүдээр үйлчлүүлж байгаа бүх иргэдэд “Энх саруул” эмийн сангийн эм, эмийн бүтээгдэхүүнийг санал болгож байхыг үүрэг болгосон байна. Төрийн сангийн хэлтсийн дарга Энхжин өөрийн хашиж буй албан тушаалыг ашиглан дүүгийнхээ буюу хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлын өмнө нийтийн албыг төлөөлсөн байна.

Жишээ: Нэгэн дүүргийн газрын албаны дарга Самдангийн эхнэрийн “ХХХ” компанийн газрын төлбөр нь 10 сая төгрөг болжээ. Гэтэл албаны дарга Самдан газрын төлбөрөөс чөлөөлөх тухай тушаал гаргажээ. Уг тушаалд “Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн “ХХХ” компанийг газар ашиглах гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан хэмжээний газрын төлбөрөөс чөлөөлсүгэй” гэсэн байна. Самдан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлж, хууль зөрчсөн гэж ойлгогдож байна.

14.2.  Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно.

Жишээ: Хятад улсын хөрөнгө оруулалттай газрын тосны олборлолт явуулдаг “Янтунх” компанийн үйл ажиллагаатай танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахаар ажиллаж байгаа Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн даргатай уг компани нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулдаг, харьяанд нь ажилладаг албан тушаалтнууд хяналт тавьдаг сумын Засаг дарга Самбуужав уулзаж “Янтунх” компани нь сум орны хөгжилд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгааг танилцуулахын сацуу тус компаниас гарч байгаа бүтээгдэхүүний зардлыг бууруулах үүднээс өөрийн суманд хилийн боомт нээх хүсэлтийг дээд шатны байгууллагад уламжлахыг хүсчээ. Сумын Засаг дарга Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн даргад хууль бус хүсэлт тавьсан байна.

Жишээ: Нэгэн дүүргийн замын  цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Яримпилын эхнэр жолооны курс байгуулахаар болжээ. Эхнэр нь жолооны курс байгуулах зөвшөөрөл гаргуулж өгөхийг Яримпилаас хүссэний дагуу тэрээр Замын цагдаагийн газрын жолооны курс хариуцсан нэгжийн даргатай уулзаж, бүрдүүлсэн материалаа гардуулан эхнэрийнхээ ажиллуулах жолооны курсын зөвшөөрлийг түргэн хугацаанд гаргаж өгөхийг гуйжээ. Энэ тохиолдолд Яримпил өөрийнхөө албан үүрэгт шууд холбогдох байдлаар эхнэрээ Замын цагдаагийн газрын нэгжийн даргын өмнө төлөөлсөн гэж ойлгогдож байна 

14.3. Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй:

14.3.1. өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө;
14.3.2. өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө;
14.3.3. албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө. 

Жишээ: Засгийн газрын нэгэн агентлагийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Төрөө өөрийн байгууллагын албан хаагчдад англи хэлний хичээл заалгахаар хэлний сургалтын төвүүдийн байршил, сургалтын үнэ болон бусад мэдээллийг цуглуулан судалж үзээд нэгэн сургалтын төвийг сонгож биечлэн уулзаж, гэрээ хийхээр болсон байна. Энэ талаар удирдлагадаа танилцуулахад сургалтыг зохион байгуулахыг зөвшөөрөөд байгууллагыг төлөөлж сургалтын төвтэй гэрээ байгуулах эрхийг агентлагийн эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Шагдарт олгов. Шагдар сургалтын төвийн талаарх мэдээлэлтэй танилцаад уг гэрээнд сургалтын төвийн өмнө байгууллагаа төлөөлөх боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь сургалтын төвийн ерөнхий нягтлан бодогч нь түүний эхнэрийн дүү байв. Сургалтын төвийн ерөнхий нягтлан бодогч нь Шагдартай хамаарал бүхий этгээд байсан тул тэрээр байгууллагаа төлөөлөн гэрээ байгуулахаас татгалзсан байна. Ингэснээр албан тушаалтан өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй гэсэн хуулийн заалтыг Шагдар биелүүлжээ.

Төлбөр авахтай холбогдсон хязгаарлалт

15.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно.

Жишээ: Нэгэн яамны санхүүгийн хэлтсийн дарга Жавзан яамных нь өргөтгөлийг хийж дуусгасан “Си энд Ю” компанийн санхүүжилтийг 3 хоногийн дотор шийдвэрлэх үүргийг гэрээгээр хүлээсэн байв. Гэтэл Жавзан уг компанийн удирдлагад хандан, санхүүжилтийг шийдвэрлэхээс өмнө бичиг баримтын зардал гэх  50 мянган төгрөгийг яамны дансанд хийхийг шаарджээ. Жавзан албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсний төлөө ямар нэгэн байдлаар төлбөр авах учиргүй тул хууль зөрчжээ. 

15.2. Хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно.

Жишээ: Говь-Алтай аймгийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Өнөрмаа нь тус сургуулийн 3-10 дугаар ангийн сурагчдын түвшин тогтоох шалгалтын сорилын хураамж 2500 төгрөгийг “Сургууль хөгжүүлэх сан”-гийн дансанд тушаах тухай тушаал гаргасныг холбогдох байгууллага шалгаад хүчингүй болгосон байна. Захирал Өнөрмаагийн тушаалаар нэмэлт төлбөр авах ёсгүй.

Жишээ: Нэгэн сумын ойн тасгийн дарга Билэгтээс тухайн сумын иргэн Амгалан мод бэлтгэх зөвшөөрөл авахаар хүсэлтээ гаргажээ. Тэрээр 4 шоо метр улиас мод бэлтгэх зөвшөөрлийг журмын дагуу нийтдээ /нэг шоо метр нь 3300 төгрөг/ 13200 төгрөг төлөх ёстойгоо мэдэж байв. Түүнчлэн улсын тэмдэгтийн хураамж болох 1300 төгрөг хураалгах учиртай. Амгалан 14500 төгрөг барьсаар сумын захиргаа руу явж очиход ойн тасгийн дарга Билэгт албан бичгийн хэвлэмэл хуудас хэвлүүлэх 500 төгрөг бэлнээр өгөхийг шаарджээ. Албан бичгийн хэвлэмэл хуудас хэвлүүлэх 500 төгрөг авах тухай ойн тасгийн дарга Билэгтийн шаардлага хууль бус юм.

Бэлэг авахтай холбогдсон хязгаарлалт

16.1. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно.

Жишээ: Хандгайтын Мөнгөний орд газрыг эзэмшдэг төрийн өмчит “Sil-Mon” компанийн ТУЗ-ийн даргыг улируулан
сонгох эсэх асуудлыг хэлэлцэхээр ТУЗ-ийн гишүүдийг хурлын танхимд орж ирцгээхэд гишүүд тус бүрийн суудал дээр ТУЗ-ийн дарга мэндчилгээний хамт мөнгөн эдлэл тавьсан байх бөгөөд энэхүү “гэнэтийн бэлэг” нь ямар учиртай дохио болохыг ойлгосон гишүүд санал нэгтэйгээр Эрдэнэбатыг улируулан сонгосон байна. Үүнийг нь Эрдэнэбат өгөөмөр үнэлж, гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр гишүүд тус бүрт компанийн хөрөнгөөр тохилог орон сууцыг 50 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авах нөхцөл бүхий эрхийн бичгийг санал болгожээ. Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хууль зөрчсөн. Тэд Эрдэнэбатаас шууд ба шууд бус хэлбэрээр бэлэг, үнэт зүйл авсан байна.

Жишээ: Эрчим хүчний яамнаас 5000 ширхэг нарны зай нийлүүлэх тендерийг зарлажээ. Тендерт оролцож буй “Бодлын гэгээтэй” ХХК нэг ширхэг нарны зайн үнийг 200 000 төгрөгөөр, харин “Мөнхийн галт” ХХК 250 000 төгрөгөөр нийлүүлэх үнийн санал тус тус ирүүлсэн байв. Хуулийн дагуу хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Бодлын гэгээтэй” ХХК тендерт шалгарчээ. “Бодлын гэгээтэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал тендерийн хорооны гишүүдэд баярласнаа илэрхийлж, хүн тус бүрт гарын бэлэг хэмээн гадаадын өндөр үнэтэй архийг сувилалд амрах эрхийн бичгийн хамт өгсөн байна. Тендерийн хорооны гишүүд уг бэлгийг хүлээн авч, заримынх нь гэр бүл сувилалд амарчээ. Эрчим хүчний яамны тендерийн хорооны гишүүд албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан “Бодлын гэгээтэй” ХХК-аас бэлэг, үйлчилгээ авах учиргүй бөгөөд харин ч тухайн бэлэг, үйлчилгээнээс татгалзах ёстой.


16.2. Энэ хуулийн 16.1-д заасан хориглолтод албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбогдолгүй өгсөн бэлэг болон албан үүрэгтэй нь холбогдуулан дипломат журмаар өгсөн бэлэг хамаарахгүй.

Жишээ: Хяналт шалгалтын ажлаар нийслэлээс аймгийн төвд ирж томилолтоор ажиллаж байсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтын ажлаа дууссан өдрийн орой нь зочид буудалдаа ирэхэд буудлын жижүүр дээр хүн тус бүрийн тоогоор цаасан хайрцагтай зүйл үлдээж, бэлэг гэж хэлээрэй гэсэн байв. Буудлын жижүүр үлдээсэн хүний нэрийг хэлсэн боловч ажлын хэсгийнхэн нэг нь ч танихгүй байв. Тиймээс хоорондоо ярилцаад тэдний хийсэн шалгалттай холбоотой байж болзошгүй тул тэдгээрийг авахгүй байхаар шийдэж энэ тухай нийслэл рүү удирдлагадаа мэдэгдэхээр боллоо. Удалгүй үлдээсэн хүн өөрөө ирснээр ямар учиртай болох нь тодорхой болсон тул бэлгийг авсан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлээс аймгийн төв рүү машинаар ирэх замд нь цасанд сууж, түлш нь дууссан байсан машин шөнө таарсныг бензин хийж өгч, цаснаас гаргасан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд баярласан жолооч тэдэнд хувийн зүгээс бэлэг өгсөн байжээ. Энэ нь албан үүрэгтэй нь холбогдуулан өгсөн бэлэгт хамаарахгүй тул ажлын хэсгийн гишүүд авч болно.

16.4. Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй. 

Жишээ: Төрийн албан хаагч Туяагийн багын найз Тунгаа хувиараа бизнес эрхэлдэг. Төрсөн өдрөөр нь Тунгаа найз Туяадаа 800.000 төгрөгийн үнэтэй гар утас бэлэглэв. Дээрх бэлэг нь Туяагийн нэг сарын цалингаас 2 дахин үнэтэй тул Туяа хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтанд хуулийн хугацаанд бичгээр мэдэгдсэн байна. Энэ тохиолдолд  Тунгаа нь Туяагийн төрөл, садангийн хүн биш. Тиймээс Туяа бэлгийг эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор заавал мэдэгдэх үүрэгтэй. Тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлсэн байна.

Хандив авахтай холбогдсон хязгаарлалт

17.1. Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.

Жишээ: Сургуулийн барилга барих тендер шалгаруулалтыг зохион байгуулж буй ажлын хэсэг уг үйл ажиллагаатай холбогдох гадаад орны туршлага судлах зорилгоор мэдээлэл олж авах гэтэл ажлын хэсгийн байрлаж буй газрын албан өрөөнд интернэтийн сүлжээ ороогүй байв. Иймд ажлын хэсгийнхэн ажлын хэсгийн гишүүдийн хэрэгцээнд модем авч өгөхийг хамтран ажилладаг хуулийн этгээдээс хүсчээ. Тендер шалгаруулах комиссын гишүүд нь нийтийн албан тушаалтанд тооцогдох бөгөөд нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг хүсэхийг хуулиар хориглосон.

17.2. Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно.

Жишээ: Баянгол дүүргийн Засаг дарга дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг сургах, чадавхижуулах
чиглэлээр хөтөлбөр батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мэдлэг” төрийн бус байгууллагаас ажилтнуудад нь зориулсан сургалтыг үнэ төлбөргүй явуулах саналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад тавьжээ. Тамгын газрын дарга үүнийг хүлээн зөвшөөрч, сургалтыг үнэ төлбөргүйгээр авчээ. Энэ үйлдэл хууль зөрчөөгүй байна.

17.4. Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.

Жишээ: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг сургах, чадавхижуулах хөтөлбөр ч амжилттай хэрэгжиж дууслаа. Жилийн дараа дүүргийн Засаг даргад хандаж, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах газар эзэмших зөвшөөрөл хүссэн албан бичиг “Мэдлэг” төрийн бус байгууллагаас ирсэн байхыг үзлээ. Засаг дарга хууль зөрчин шийдвэр гаргахыг хүссэнгүй, хандив, санхүүгийн туслалцаа авсан тул хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хуулиар хориглосон байдгийг танилцуулж ойлгуулсан байна.

Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт

18.1. Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.

Жишээ: Долгор Боловсролын яаманд 18 жил ажилласан, салбарынхаа ажлыг арван хуруу шигээ мэддэг нэгэн. Тэрээр сүүлийн жилүүдэд сурах бичиг хэвлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажиллаж байгаа. Өөрийн эзэмшсэн туршлага дээрээ үндэслэн Долгор “Үзэг - харандаа” хэвлэлийн компанид орон тооны зөвлөхөөр давхар ажиллаж, сар бүр цалин авах болов. Долгорын энэ үйлдэл нь түүнийг хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхэлж байгааг харуулах бөгөөд тэрээр хууль зөрчсөн гэж ойлгогдоно.

18.6. Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.

Жишээ: Төв аймгийн 10 дугаар сургуулийн захирал Бурмаа мод тарьдаг бөгөөд үүнээс бага бус орлого олдог. Бурмааг ойн аж ахуй эрхлэх ажлыг давхар гүйцэтгэж болохыг хуулиар зөвшөөрсөн байна.

Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалт

21.1. Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

21.1.1. урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах;
21.1.2. урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх;
21.1.3. урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх.

Жишээ: Авто замын газрын дарга Данзан нь 6 сарын дараа тэтгэврийн насанд хүрэх бөгөөд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж тэтгэвэрт гарангуутаа гүйцэтгэх захирлаар ажиллах болзолтойгоор Мянганы замын төсөлд ажиллаж байгаа “Оддын зам” нэртэй компанитай шууд гэрээ байгуулан хэд хэдэн ажлыг гүйцэтгүүлэв. Данзан тэтгэвэрт гарсны дараа “Оддын зам” компанид гүйцэтгэх захирлаар ажиллах ёсгүй. Данзан албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь ашиг сонирхлын зөрчил үүсч болох холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллахыг хориглоно.

Жишээ: Дорж цагдаагийн тусгай хэлтэст 20 жил ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. Тэрээр дөрвөн сарын дараа “Зоригт эрс” хэмээх хамгаалалтын албыг байгуулан хамгаалалтын албаны гэрээт харуул ажиллуулах зөвшөөрлийг өмнө ажиллаж байсан байгууллагын хэлтсийн даргаасаа хүсчээ. Албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөний дараа урьд ажиллаж байсан байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх ёсгүй. Дорж Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасныг зөрчжээ.

21.3. Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй албаны чиг үүргийн дагуу харилцаа тогтоохыг хориглоно.

Жишээ: Цэрмаа урьд хамт ажиллаж байсан Дулмаагаас зочид буудлын менежментийн талаар зөвлөгөө авах, яамнаас зочид буудлуудад хийх хяналт шалгалтын талаар санал солилцохоор түүнтэй уулзах хүсэлт тавьсан байна. Цэрмаагийн ажиллаж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Дулмаа Цэрмаатай албаны чиг үүргийн дагуу харилцаа холбоо тогтоох ёсгүй.

Бусад орлогын хязгаарлалт

22.1. Албан тушаалтан өөрийн албан үүргийн дагуу авах цалин хөлснөөс гадна энэ хууль, бусад хуулиар хориглоогүй бусад ажил, алба, гэрээний урамшуулал, мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болно.

Жишээ: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Дондог удирдлагаас өгсөн үүргийн дагуу “Малын удмын сангийн төрлийг нэмэгдүүлэх нь” чиглэлээр төслийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэсэн байна. Төсөл амжилттай хэрэгжиж дуусахад Дондогт төслийн зохицуулагч зөвлөхөөр ажилласны урамшууллыг олгосон байна. Дондогийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

22.3. Албан тушаалтан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил, үүрэг гүйцэтгэж байхдаа болон ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд дараах үйл ажиллагааг хориглоно:

22.3.1. шууд, эсхүл гуравдагч этгээдийн зуучлалаар ажил, үүрэгтэй нь холбоогүй санхүүгийн эх үүсвэр зэрэг аливаа үр ашиг хүлээн авах;
22.3.2. холбогдох төрийн өмчит хуулийн этгээд болон түүний удирдлага, захиргааны гишүүнээс бэлэг авах;
22.3.3. холбогдох төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаас, хөрөнгө олж авах;
22.3.4. холбогдох төрийн өмчит хуулийн этгээдэд өөр албан тушаал эрхлэх.  

Жишээ: Төрийн өмчийн  оролцоотой “Агуй” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч Болд нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлд 3 жил ажиллаж байгаад чөлөөлөгджээ.
а. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад түүнд уг компаниас гарган худалдаж буй бондноос 100 ширхгийг
бэлэглэхээр шийдвэрлэсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагч Болд хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.2-т заасныг үндэслэн уг бэлэгнээс татгалзсан.
б. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс чөлөөлөгдсөнөөсөө хойш Болд нь хоёр жилийн турш төрийн албанд үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж, ганц гишүүнтэй “Жимс” ХХК-ийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Түүний компани шинэ технологи нэвтрүүлж, зах зээлд худалдан авагчтай болж эхлэхэд “Агуй” ХК “Жимс” ХХК-ийг худалдан авах санал тавьжээ. Болд зөвшөөрсөн бөгөөд төлбөрийн оронд “Агуй” ХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмших, мөн уг компанийн гүйцэтгэх удирдлагад ажиллах болзол тавив. Хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заагдсан хоёр жилийн хугацаа өнгөрсөн байсан тул “Агуй” ХК үүнийг зөвшөөрөх боломжтой юм.