АРДЧИЛСАН СОНГУУЛЬ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ҮНДСЭН ЗАРЧМУУД
АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ҮНДСЭН ЗАРЧМУУД

Ардчилсан сонгууль нь бүх нийтийн, нууц, шууд санал хураалт дээр үндэслэнэ

Сонгуулийн үеэр дараах үндсэн зарчмууд цогц байдлаар бүрэн хэрэгжиж байвал ардчилсан буюу ард түмний сонголт бүрэн бодитой хэрэгжлээ гэж үзэж болно. Үүнд:

а. Бүх нийтийн байх

Бүх нийтийн байх гэдэг нь сонгуулийн насанд хүрсэн бүх иргэн сонгууль өгөх эрхтэй байх юм. Иргэн яс үндэс, гарал, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, өмч, эрхэлж буй ажил, албан тушаал, шашин шүтлэг, боловсролын түвшингээс үл хамааран сонгох эрхтэй. Монгол Улсын иргэн Та 18 насанд хүрсэн бол сонгох эрхээ эдэлнэ. Тухайн насанд хүрсэн гэдгийг тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд бүрэн хүрснийг ойлгоно.

Хуульд заасны дагуу зарим нэг хязгаарлалт байж болдог нь бүх нийтийн байх зарчмыг алдагдуулж буй хэрэг биш юм. Жишээ нь: Эмнэлгийн дүгнэлт, шүүхийн шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа хүн сонгуульд оролцох эрхгүй.            

б. Саналаа нууцаар гаргах

Сонгогч Та саналаа хэрхэн өгч буй нь таны хувийн нууц юм. Сонгогч ямар нэгэн гадны хүч, нөлөөлөлгүйгээр, зөвхөн өөрийн оюун бодлоор сонголт хийх, саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоо нөхцөлийг хангахад энэхүү зарчмын агуулга оршино. Санал бэлтгэх тасалгаанд сонгогч танаас өөр хэн ч байж болохгүй бөгөөд саналаа чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахыг хориглон хуульчилсан. Таны саналын нууцыг хамгаалах үүргийг сонгуулийг эрхлэн явуулж буй байгууллагууд хүлээнэ.

в. Шууд оролцох

Та саналаа ямар нэгэн төлөөлөлгүйгээр зөвхөн өөрөө биечлэн өгнө. Харин хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр саналын хуудсыг бөглөж чадахгүй бол сонгуулийн хорооны 2 ба түүнээс дээш гишүүнийг байлцуулан өөр хүний туслалцааг авч болно. Ингэхдээ туслалцаа үзүүлэгч Таны сонгох гэсэн сонголтыг тэмдэглэсэн эсэхийг шалгах нь зүйтэй.