АРДЧИЛСАН СОНГУУЛЬ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ҮНДСЭН ЗАРЧМУУД
АРДЧИЛСАН СОНГУУЛЬ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Ардчилал чөлөөт, шударга сонгууль дээр түшиглэн хөгждөг.  Ардчилсан нийгмийн онцлог шинж нь засаг төрөө нээлттэй сонгох иргэдийн боломж, шударга үйл явц юм. Иргэн Та хүсэл зоригоо илэрхийлэн төр засагт өөрийгөө төлөөлөх албан тушаалтанг шударга бөгөөд чөлөөт байдлаар сонгож чадаж байвал энэ нь жинхэнэ ардчилсан сонгууль болно.

Засгийн эрхийг нэг нам дангаар авах, эсвэл хүчирхэг бус сөрөг хүчинтэй байвал тухайн улс оронд ихэвчлэн дарангуйллын засаглал тогтдог. Өөрөөр хэлбэл, төр засгийн бодлогыг шүүн хэлэлцэх сөрөг хүчингүй бол улс орны хөгжилд нааштай өөрчлөлт гарах нь эргэлзээтэй байдаг. Иймд иргэн Та сонгуульд өрсөлдөж буй улс төрийн хүчин, нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөхдөө хариуцлагатай хандах хэрэгтэй.     

Ардчилсан сонгуулийн мөн чанар нь:

• олон намын төлөөлөлтэй

• олон нэр дэвшигчтэй

• чөлөөтэй хэлбэрээр явагддаг

• сонгуульд оролцож буй иргэд сонгуульд хэрхэн оролцох сонголттой

• сонгуульд хэрхэн оролцсныхоо төлөө ямар нэг хариуцлага хүлээхгүй байх зэргээр илэрнэ.

Ардчилсан бус сонгуулийн мөн чанар нь:

• Сонгуулийн шинжийг ерөнхийдөө агуулах боловч сонголт хийх хувилбар байхгүй

• нэг нам буюу улс төрийн хүчний төлөөлөлтэй, ихэвчлэн нэг нэр дэвшигчтэй

• сонгуульд хэрхэн оролцох нь албадлагын шинжтэй

• сонгуульд оролцсон байдлаасаа үүдээд хариуцлага хүлээх магадлалтай

• айлган сүрдүүлэх, заналхийлэх, эд мөнгө болон бусад зүйлээр өөртөө татах, саналыг худалдаж авах зэрэг байдлаар илэрнэ.

Засаг төрөө тохинуулахад эрхэм иргэн Таны зөв сонголт туйлын чухал бөгөөд хариуцлагатай зүйл юм. Таны хийсэн сонголтоос одоо ба ирээдүйн төр засгийн ардчилсан шинж чанар, улс орны тогтвортой хөгжил ихээхэн хамааралтай юм.