Монгол улсын Их хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам
Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хууль
Монгол улсын Их хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам
 Сонгуулийн ерөнхий хорооны
                                                                      2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн
                                                                             25 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ
 АЖИГЛАХ, СУРВАЛЖЛАХ ТУХАЙ ЖУРАМ

 
Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

    1.2. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсанаар ойлгоно:
           1.2.1. “ажиглагч” гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан ажиглагчийг;
           1.2.2. “гадаадын ажиглагч” гэж Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор гаргаж, бүртгүүлэн үнэмлэх авсан, Олон улсын байгууллага, гадаад улсын төрийн болон төрийн бус байгууллагаас томилогдсон этгээдийг;
           1.2.3. “дотоодын байгууллага” гэж иргэний сонгох эрхийг дэмжиж, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий энэ журмын 5.3-д заасан шаардлагыг хангасан төрийн бус байгууллагыг;
           1.2.4. “сурвалжлагч” гэж дотоодын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагаас сонгуулийн явцыг сурвалжлахаар томилсон этгээдийг.

1.3. Ажиглагч, сурвалжлагч, дотоодын байгууллага нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн явцыг  ажиглаж, сурвалжлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

1.4. Гадаадын ажиглагч болон дотоодын байгууллагыг Сонгуулийн ерөнхий хороо, дотоодын байгууллагын томилсон ажилтныг тойргийн хороо, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагчийг хэсгийн хороо тус тус бүртгэж, үнэмлэх олгоно.

1.5. Сонгуулийн явцыг ажиглаж, сурвалжлах этгээд нь сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлах үедээ сонгуулийн хороодоос олгосон үнэмлэхийг энгэртээ зүүсэн байх бөгөөд уг үнэмлэх нь тухайн иргэний үнэмлэх, паспорт болон зураг бүхий, албан газрын хүчин төгөлдөр үнэмлэх зэрэг тухайн иргэнийг нотлох баримт бичгийн  хамт хүчинтэй.

1.7. Дотоодын байгууллага болон гадаадын ажиглагчийн бүрэн эрх нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр эхэлж сонгуулийн албан ёсны дүн гарсан өдрөөр,  нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагчийн бүрэн эрх хэсгийн хороонд бүртгүүлж үнэмлэх авснаар эхэлж, тухайн хэсгийн хорооноос санал хураалтын дүнг гаргаж зарласнаар тус тус дуусгавар болно.

 1.8. Сонгуулийн үйл явцыг ажиглахаар хүсэлт гаргасан этгээд нь сонгуулийг үйл явцыг ажиглахтай холбогдон гарах зардлаа бүрэн хариуцана. 

Хоёр. Сонгуулийн хороодын эрх, үүрэг

 2.1. Сонгуулийн ерөнхий хороо энэ журмын 5.2-т заасан баримт бичгийг хүлээн авч дотоодын байгууллагыг бүртгэсэн тухай шийдвэр гаргана. Сонгуулийн хороод энэ журмын 3.2, 4.4, 5.5-д заасан баримт бичгийг хүлээн авч, ажиглагч, дотоодын байгууллагын ажилтныг бүртгэн үнэмлэх олгоно.
 
  2.2. Санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үед ажиллах ажиглагчийн тоог хэсгийн хороо хуралдаанаараа хэлэлцэн тогтооно.

 2.3. Ажиглагч нь хууль тогтоомжид заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хороо тухайн ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, үнэмлэхийг нь хураан авна. Хэсгийн хороо энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. 

 2.4. Сонгуулийн хороод нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн томилсон ажиглагчдыг энэ журмын 3.4.1-3.4.10-т заасан эрхээ эдлэх боломжоор хангана.
  
2.5. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн ажиглагчийн эрхийг хэсгийн хороо, дотоодын байгууллагын ажилтны эрхийг тойргийн хороо, гадаадын ажиглагчийн эрхийг Сонгуулийн ерөнхий хороо тус тус хүчингүй болгоно.

 2.6. Ажиглагч, дотоодын байгууллагын ажилтан нь энэ журмын 2.5-д заасны дагуу эрхээ хасуулсан бол түүнийг санал болгосон байгууллага, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс түүний орны хүнийг  ажиллуулахгүй.


Гурав. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилсон ажиглагч

3.1. Хэсгийн хороо санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө энэ журмын 3.3-т заасан баримт бичгийг үндэслэн ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгоно.

 3.2. Ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэхдээ дараах баримт бичиг бүрдүүлнэ:
         3.2.1. энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан ажиглагчийн товч анкет;
         3.2.2. ажиглагчаар томилсон нам, эвслийн шийдвэр, бие  даан нэр дэвшигчийн хүсэлт;
         3.2.3. иргэний үнэмлэхийн хуулбар.

3.3. Ажиглагч нь сонгуулийн үйл явцыг ажиглахдаа хуульд заасны дагуу дараах эрх эдэлнэ:
         3.3.1. сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
         3.3.2. саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
         3.3.3.бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдоос гарын үсэг цуглуулсан маягттай танилцах;
        3.3.4. зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах;
         3.3.5. санал бэлтгэх бүхээг, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
         3.3.6. санал авах байранд сонгуулийн санал авах явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;
         3.3.7. санал авах, тоолох ажлыг ажиглах;
         3.3.8. зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад дагалдан явж ажиглах;
        3.3.9. санал авах явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;
         3.3.10. хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах;
         3.3.11. ажиглалтын тайлангаа нийтэд тавих, хэвлэн нийтлэх.

3.4. Ажиглагч нь сонгуулийн явцыг ажиглахдаа дараахь үүрэг хүлээнэ:
        3.4.1. Монгол Улсын Үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг хүндэтгэн сахих;
        3.4.2. сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй, зөвхөн хөндлөнгөөс ажиглах;
        3.4.3. саналаа нууцаар гаргаж буй сонгогчийн эрхийг хүндэтгэх, тэдэнд саад учруулахгүй байх;
        3.4.4. санал тоолох, дүн гаргах ажиллагаанд саад учруулахгүй байх;
        3.4.5. санал авах байрны дэг журмыг сахих, сонгуулийн хорооны гишүүд, сонгогчидтой зөв боловсон, хүндэтгэлтэй харьцах.

3.5. Хэсэгт санал хураалт дууссаны дараа тухайн хэсэг дэх санал хураалтын дүнгийн тайланг санал хураах, тоолох төхөөрөмжөөс гаргаж, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагчид өгнө.

3.6. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагч хэсэгт санал хураалт дууссаны дараа санал тэмдэглэсэн тухайн хэсэг дэх саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авч болно.

3.7. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон ажиглагч нь энэ журмын 3.6-д заасан мэдээллийг авах тухай хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд бичгээр гаргана.

Дөрөв. Гадаадын байгууллага сонгуулийн явцыг ажиглах

4.1. Гадаадын байгууллага нь Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглуулахаар томилсон этгээдээ бүртгүүлэх хүсэлтээ санал авах өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор гаргаж, бүртгүүлнэ.

4.2. Гадаадын ажиглагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сонгуулийн явцыг ажиглаж, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулна.

4.3. Гадаадын ажиглагчийн Монгол Улсад зорчих эрх, Монгол улсад байх зөвшөөрөл болон зардлыг түүнийг урьсан, эсхүл илгээсэн тал, эсхүл ажиглагч өөрөө хариуцна.

4.4. Гадаадын ажиглагчаар бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
        4.4.1. Энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан гадаадын ажиглагчийн товч анкет;
        4.4.2. Биеийн байцаалтын хуулбар /паспорт, үнэмлэх/;
        4.4.3. Цээж зураг /4х6/ 1 хувь;
        4.4.4. Сонгууль ажиглах тухай хүсэлт.
 
 4.5. Санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн явцын ажиглалтын тайлан,  санал дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй.

4.6. Гадаадын ажиглагчийг урьсан байгууллага дараах үүрэг хүлээнэ:
       4.6.1. Гадаадын ажиглагчийг бүртгүүлэх;
       4.6.2. Гадаадын ажиглагчийн үйлчилгээг бүрэн хариуцах;
       4.6.3. Эрхээ хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслалцаа үзүүлэх;
  
4.7. Гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адил бүртгүүлж, үнэмлэх авсан байна.

4.8. Гадаадын ажиглагч нь сонгуулийн явцыг ажиглахдаа сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчвөл хэсгийн хороо тухайн ажиглагчийн үнэмлэхийг нь хураан авах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж 1 хувийг тухайн ажиглагчид өгөх бөгөөд тухайн ажиглагчийн үнэмлэхийг хураан авч энэ тухай Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдэгдэнэ.

Тав. Дотоодын байгууллага сонгуулийн явцыг ажиглах

5.1. Дотоодын байгууллага нь Улсын Их Хурлын сонгуулийн явцыг ажиглахаар бүртгүүлэх хүсэлтээ санал хураах өдрөөс 30-аас доошгүй  хоногийн өмнө СЕХ-нд албан ёсоор гаргаж, байгууллагаа бүртгүүлнэ.

5.2. Дотоодын байгууллага нь сонгуулийн үйл явцыг ажиглах тухай хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргасан байна:
          5.2.1. тойрог тус бүрт ажиллах ажилтны тоо;
          5.2.2.улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
          5.2.3. байгууллагын дүрмийн хуулбар;
          5.2.4. санхүүгийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл;
          5.2.5.байгууллагын удирдах ажилтны нэрс, албан тушаал;
         5.2.6.байгууллагын үйл ажиллагааны тухай танилцуулга, ялангуяа  сонгуулийн чиглэлээр ажилласан туршлагыг дэлгэрэнгүй дурдсан байна.
 
5.3. Сонгуулийн ерөнхий хороо дотоодын байгууллагын хүсэлтийг хүлээн авч ажлын 5 хоногийн дотор бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. Ингэхдээ дараахь шалгуурыг үндэслэнэ. Үүнд:
          5.3.1. Аливаа улс төрийн намын харъяаллын бус, улс төрийн намаас санхүүждэггүй байх,
          5.3.2. Тухайн байгууллагын удирдах албан тушаалтан сонгуульд нэр дэвшээгүй байх, хэрэв нэр дэвшсэн тохиолдолд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх.
          5.3.3. Улс төрийн нам, нэр дэвшигчээс хараат бус, шударга, чөлөөтэй, хуульд захирагдах, төвийг сахиж ажиллах зарчмын хүрээнд баримтлах ёс зүйн дүрэмтэй байх,
          5.3.4. Сонгуульд хараат бус, бие даасан хөндлөнгийн ажиглалт хийж байсан тодорхой туршлагатай, эсхүл ийм төрлийн туршлага бүхий байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх.

5.4. Дотоодын байгууллага нь сонгуулийн нэг тойрогт 5 хүртэл тооны ажилтныг томилон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44.2, 44.3-д заасан хугацааг баримтлан тойргийн хороонд бүртгүүлнэ.

5.5. Дотоодын байгууллагын ажилтан бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
          5.5.1. Тухайн байгууллагыг бүртгэсэн тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн хуулбар;
          5.5.2. Биеийн байцаалтын хуулбар /иргэний  үнэмлэх, албан газрын үнэмлэх/;
          5.5.3. Энэхүү журмын 3 дугаар хавсралтаар баталсан ажиглагчийн анкет. 

5.6. Тойргийн хороо дотоодын байгууллагын томилсон ажилтныг бүртгэхдээ дараахь шалгуурыг харгалзана. Үүнд:
          5.6.1. санал болгосон ажилтан нь улс төрийн намын гишүүн бус байх,
         5.6.2. тухайн ажилтны ажиглалт хийх тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчтэй болон тухайн тойргийн хорооны гишүүнтэй төрөл садан биш байх.

5.7. Тойргийн хороо энэ журмын 5.7-д дурдсан шалгуураас бусад үндэслэлээр дотоодын байгууллагын ажилтныг бүртгэхээс татгалзахыг хориглоно. 

5.8. Тойргийн хороо дотоодын байгууллагын ажилтныг бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ тухай шийдвэрээ дотоодын байгууллагад өгнө. Дотоодын байгууллага уг шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

5.9. Дотоодын байгууллага нь өөрийн томилсон ажилтнууддаа сонгуулийн тухай хууль тогтоомжийн хүрээнд сонгуулийн явцыг ажиглах аргачлалын талаар сургалт зохион байгуулах үүрэгтэй.

5.10. Дотоодын байгууллагын ажилтан сонгуулийн явцыг ажиглахдаа улс төрийн нам, эвслээс томилогдсон ажиглагчдын нэгэн адил энэ журмын 3.5-д заасан үүргийг  хүлээнэ.

5.11. Дотоодын байгууллагын ажилтан нь дараахь эрх эдэлнэ:
         5.11.1. сонгуулийн хэсгүүдэд хуваарийн дагуу очиж, санал хураалтын явцыг ажиглах;
         5.11.2. сонгуулийн бэлтгэл ажлын болон сонгуулийн санал хураалтын  явцтай танилцах; 
         5.11.3. санал авах байрны зохион байгуулалттай танилцах;
         5.11.4. хэсгийн хороонд нээлттэй тавьсан сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
         5.11.5. сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах үйл явцын талаар мэдээлэл авах, санал авах ажиллагааг ажиглах; 
         5.11.6. санал авах, санал тоолох, дүн гаргах, мэдээлэх, мэдээллийг дамжуулах зэрэг ажиллагаатай танилцах;
         5.11.7. санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн явцыг ажигласан тухай тайлан, санал дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, хэвлэн нийтлэх.

Зургаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч сонгуулийн явцыг сурвалжлах

 6.1. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч нь сонгуулийн явцыг  сурвалжлахдаа баримт нотолгоо, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан хараат бус, шударга, хууль дээдлэх зарчимд тулгуурлан, сэтгүүлчийн ёс зүйг баримтлана.

  6.2. Сонгуулийн хороод сурвалжлагч нарыг дараахь боломжоор хангана:
          6.2.1.сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар  мэдээлэл авах;
          6.2.2. хороодын ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцах;
          6.2.3. санал авах ажлын зохион байгуулалттай холбоотой мэдээ, мэдээлэл авах;
          6.2.4. зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчийн саналыг авах явцын талаар мэдээлэл авах, сурвалжлага хийх;
          6.2.5. санал хураах явц, санал тооллогын дүн гаргах, мэдээлэх зэрэг ажиллагаатай холбогдсон мэдээ, сурвалжлага авах.
 
 6.3. Сурвалжлагч нь дараах үүрэг хүлээнэ:
           6.3.1. Монгол Улсын Үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг хүндэтгэн сахих;
           6.3.2. сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй байх;
           6.3.3. саналаа нууцаар гаргаж буй сонгогчийн эрхийг хүндэтгэх, тэдэнд саад учруулахгүй байх;
           6.3.4. санал тоолох, дүн гаргах ажиллагаанд саад учруулахгүй байх;
           6.3.5. санал авах өдөр нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн, эсвэл эсэргүүцсэн хувцас өмсөх, сурталчилгааны зүйл авч явахгүй байх;
           6.3.6. санал авах байрны дэг журмыг сахих, сонгуулийн хорооны гишүүд, сонгогчидтой зөв боловсон харьцах;
           6.3.7. сонгуулийн хороодын болон сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээллийг шуурхай түгээх.

 6.4. Сурвалжлагч нь зураг бүхий, ажлын газрын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх ба тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын таних тэмдэг бүхий хувцас, техник хэрэгсэлтэй байна. 

 6.5. Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч нар Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах хүсэлтээ Гадаад харилцааны яамаар дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд уламжилна. 
 
 Долоо. Ажиглагч, сурвалжлагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

7.1. Сонгуулийн үйл явцыг ажиглаж, сурвалжилж буй ажиглагч, сурвалжлагчдад  дараах зүйлийг хориглоно:
           7.1.1. сонгогчийн өмнөөс сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурах;
           7.1.2. санал бэлтгэх бүхээгт сонгогчтой хамт байх;
           7.1.3.сонгогчийн хүсэлтээр болон өөрийн санаачлагаар түүний өмнөөс санал өгөх;
           7.1.4. сонгогчтой сонголтынх нь талаар асууж, ярилцах;
           7.1.5. сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, сурвалжлах үедээ нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн, эсхүл эсэргүүцсэн утга илэрхийлсэн хувцас, эд хэрэглэл өмсөх, хэрэглэх, ийм төрлийн сурталчилгааны зүйлс биедээ авч явахгүй байх;
           7.1.6. сонгогчдод болон сонгуулийн хорооны гишүүдэд хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал хуурамч мэдээлэл олон нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэх;
           7.1.7. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон энэ журамд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах.

--- оОо ---

Сэтгэгдэлүүд (1)
noname     2017 оны 03 сарын 10-нд үлдээсэн
ene togtool odo huchin tuguldur baigaa yu
Код, сэтгэгдэл талбар хоосон байж болохгүй.
Код талбарын дээд хэсэгт байрлах зураг дээр байгаа 6 оронтой тоо үсэгний хослолыг код талбарт оруулна уу.
Илгээх