ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БАЙХ ЭРХ
МЭДЭХ ЭРХ: МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
МЭДЭХ ЭРХ: МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Мэдээллийн эрх чөлөө гэж юү вэ?

Ардчилсан нийгэмд мэдээлэл чөлөөтэй, ил тод байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Энэ чөлөөт байдлыг хангахын тулд иргэд мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх эрхтэй байх ёстой. Энэ бүлэг эрхийг мэдээллийн эрх чөлөө гэнэ.
Дарангуйллын нийгэмд улс орны үнэн бодит байдлын тухай мэдээлэл хаалттай байдаг. Тийм нийгмийн иргэд төр засгийн хяналт, мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрээс тулгасан мэдээллийг хүлээн авдаг.
Тэгвэл ардчилсан, чөлөөт нийгэмд мэдээлэл бол хүчил төрөгч юм.

Мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн таны үндсэн эрхийн нэг бөгөөд иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах нь ардчилсан төрийн үүрэг юм.

                            НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолоос

Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд…НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн

Мэдээлэл ямар ач холбогдолтой вэ?

- Хувь хүний нийгэмд байр сууриа эзлэх, өөртөө болон ирээдүйдээ итгэлтэй байх, өөрийгөө ойлгох, хөгжүүлэх
- Үнэнийг тунгаан бодох, тодруулах, ойлгох
- Эрх, эрх чөлөөгөө зохих ёсоор эдлэх
- Аж байдлаа сайжруулах, амьдрал ахуйгаа дээшлүүлэх
- Улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явц, асуудлаар тодорхой ойлголттой болох
- Ардчилсан үйл явцад идэвхтэй оролцох
- Зөв шийдвэр гаргахад нөлөөлөх сайн засаглалыг бүрдүүлж, түүнд өөрийн хувь нэмрийг оруулах
- Төр, засгийн үйл ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тогтоох
- Шударга байдал, хуульд захирагдах ёсыг хэрэгжүүлэх
- Тэгш эрхээ эдлэх, тэгш боломжоо ашиглах
- Тухайн улс төрийн хүчин, түүний засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахаас урьдчилан сэргийлэх
- Нийгэмд шударга ёсыг тогтооход

МЭДЭЭЛЭЛТЭЙ ИРГЭД ХҮЧИРХЭГ БАЙДАГ.

Мэдээллийн эрх, эрх чөлөөнд:

-Хүн мэдээлэл хүртэх;
-Мэдээлэл олж авах;
-Мэдээлэл түгээх эрхүүд тус тус багтдаг.

Хүн дээр дурьдсан эрхгүйгээр өдөр тутмын ажил төрлөө зохицуулах, орчин нөхцөлдөө зөв үнэлэмж өгөх, нийгмийн амьдралд зохих ёсоор идэвхитэй оролцох ба нийгмийн гишүүнийхээ үнэ цэнийг мэдэрч амьдрах ямар ч боломжгүй байдаг болохоор тухайн эрх нь хүний үндсэн эрхүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.

Надад мэдээлэл яагаад хэрэгтэй вэ?

ЯАГААД гэвэл ТА төр нь ИРГЭНДЭЭ үйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байна.
Энэ нийгэмд ТА ТӨРИЙН ЭЗЭН ТА ТӨРӨӨ СОНГОНО ТА ТӨРӨӨ САНХҮҮЖҮҮЛДЭГ

Мэдээлэлгүй иргэн өөрийн бодож, төсөөлснөөр асуудалд хандаж байгааг буруутгах аргагүй. Иргэд үнэн, бодит мэдээллээр хангагдсанаар асуудалд бодитой ханддаг болно. Өөрөөр хэлбэл зөв үнэлэлт дүгнэлт өгөх боломж нээгдэн төрийн байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй хяналт тавих боломж нээгдэнэ.

     1. Тогтмол хугацаанд болдог, чөлөөтэй, шударга сонгууль бол танд улс орныхоо ирээдүйг шийдвэрлэх үйл хэрэгт биечлэн оролцох боломж юм. Улс төрийн сонгууль аль хэр шударга болох нь таны аль хэр мэдээлэлтэй байхаас шалтгаална. Та сонгуулийн ухуулга сурталчилгаа, хэвлэл мэдээллийн мэдээлэл сурвалжлага, улс төрийн нам, нэр дэвшигчдийн уулзалт, мэтгэлцээний явцад олж авсан мэдээлэлдээ үндэслэн сонголтоо хийнэ. Танд гагцхүү үнэн, бодитой, тэнцвэртэй мэдээлэл хэрэгтэй.

    Нийгэмд хүн бүр адилхан эрх мэдэлтэй байх боломж байдаггүй. Тийм учраас та өөрийнхөө итгэж сонгосон хүнд бүрэн эрхийнхээ хугацаанд эрх мэдэл эдэлж, шийдвэр гаргах зөвшөөрөл олгож байгаа юм. Иймд сонгуульт албан тушаалтан хувь хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүс хувийн ашиг сонирхлынхоо төлөө эрх мэдлээ урвуулан, хэтрүүлэн ашиглаж, зүй бус авирлахаас урьдчилан сэргийлж, та ХЯНАЛТ тавих үүрэгтэй. Ингэхийн тулд та мэдээлэлтэй байх ёстой.

        2. Та улсад хүн амын орлогын, ашиг орлогын, нэмүү өртгийн гэх мэт 10 гаруй төрлийн татвар төлдөг . Энэ татвар нь улсын төсвийг бүрдүүлж, төр, засаг, түүний байгууллагуудын үйл ажиллагаанд зарцуулагддаг.

Өндөр настай эцэг, эхээ асрах, өвчин эмгэгтэй үр хүүхдээ эмчлүүлэх гээд амьдралын хамгийн чухал шаардлагаар танд мөнгө хэрэгтэй байлаа ч татвар төлөх ёстой. Учир нь төр, засгийн байгууллагууд танд үйлчлэхийн тулд үйл ажиллагаагаа хэвийн явуулах учиртай. Харин та мөнгөө хэн нэгэн албан тушаалтнаар үр таран хийлгэхгүйн тулд ХЯНАЛТ тавих үүрэгтэй. Үүний тулд танд мэдээлэл хэрэгтэй.