ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БАЙХ ЭРХ
МЭДЭХ ЭРХ: МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БАЙХ ЭРХ
Төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй. Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй. Энэ бол таны эрх төдийгүй үүрэг юм. Та үүргээ умартаж, хариуцлага алдвал төр самуурч мэднэ.

Шууд оролцоо гэж юу вэ?

Иргэдийн шууд оролцоо гэдэг нь товчхондоо төрийн бодлогод нөлөөлж, хүсч буй шийдвэрээ гаргуулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, иргэд удирдагчдаа сонгон хүний эрх, ард түмнийхээ сайн сайхан аж байдлын төлөө төр засагтай хамтран ажиллана гэсэн үг юм.

Төрийн бодлого гэдэг нь хүний эрхийг хамгаалж, сайн сайхан амьдралын нөхцлийг хангах төрийн үүрэг хариуцлагын тухай нэгдмэл ойлголт юм.
 
Иргэд ардчиллын үйл явцад идэвхтэй оролцохгүй бол эрх баригч, улс төрч, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийг хүссэнээ хийж, дур зоргоороо авирлахыг зөвшөөрсөнтай адил юм. Тэгвэл төр засгийн удирдлагууд хэмжээлшгүй эрхтэн дархтан болж, иргэдийн эрх, чөлөө хумигдан дарга шүтдэг дарангуйллын тогтолцоо уруу эргэн очно гэсэн үг юм.

Иргэдийн оролцоо шууд бөгөөд идэвхтэй бол:

- Эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлнэ; -Төр засаг, иргэдийнхээ хүсэл зорилгын тухай мэдээлэлтэй байна;
 -Олон нийттэй зөвшилцсөний үндсэн дээр зөв, амьдралд нийцэхүйц шийдвэр гарна; -Төр засаг түүний байгууллагын үйл ажиллагаа ил тод байж, иргэд илүү мэдээлэлтэй байна; -Нийгмийн сөрөг үзэгдлүүдтэй тэмцэхэд төр засаг, олон нийт хамтран ажиллана; -Иргэд хүчирхэгжиж, хүний хөгжил дээшилнэ;
- Нийгмийн сэтгэл зүй зөв төлөвшиж, олон нийт айдас хүйдсээс ангижирна.

Энэ бүхэнд мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэдийн шууд оролцоог хангахын тулд доорхи 3 эрх, эрх чөлөөг хамгаалж, хуульчлах нь туйлын чухал юм.

- Төлөөлөлтэй байх эрх
- Үйлдэл хийх (үйл ажиллагаа явуулах)
- Мэдэх эрх

Төлөөлөлтэй байх эрх гэж юу вэ?

Таны төлөөлөлтэй байх эрх сонгох, сонгогдох эрх чөлөөгөөр дамжин хэрэгждэг. Сонгуулийг шударга чөлөөтэй явуулахын тулд мэдээлэл туйлын чухал.
 
Та өөрийн сонгосон төлөөллөөр дамжуулан төрийн хэрэгт шууд оролцоно. Таны төлөөлөл УИХ, хот, дүүрэг, хороо, аймаг, сум, баг гээд бүх шатанд байдаг. Та сонгуульд оролцож, саналаа өгөхдөө аж амьдралаа дээшлүүлнэ гэж итгэж, өөрчлөлт хийхийн төлөө байдаг. Ийм учраас та улс төрийн нам, нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтыг сайтар судалж, биелэх магадлалтай эсэх талаар тунгаан бодох хэрэгтэй болно. Улсын ирээдүй танаас хамаарах учир та сонгуульд хайнга хандах ёсгүй. Зөв сонголт хийх нь таны үүрэг. Үүний тулд танд мэдээлэл чухал.

Жишээ: Нэр дэвшигч Дорж танай тойрогт сургууль байгуулахаар амлажээ. Үүнд нэлээн хөрөнгө шаардлагатай нь мэдээж. Энэ бас таны хүсэл, хэрэгцээ гэж бодъё.
Асуулт: Энэ хөрөнгийг хаанаас олох вэ?
Хариулт: Улсын төсөвт суулгана

Хариулт тийм хангалттай бус байна. Улсын төсвийг УИХаар хэлэлцэх үед энэ тухай яригдах ажээ. Нэгэнт амлалт болохоор нэр дэвшигч сонгогдсон бол энэ асуудлыг төсөвт суулгахаар санал оруулж хэлэлцүүлэх нь. Харин батлагдах эсэх нь өнөөдөр тодорхойгүй учир амлалт биелэгдэнэ гэж итгэхэд магадлал бага юм.

Магадгүй танд танай хот, аймаг, сум, дүүрэг, багийн өнөөгийн төсөв, шинэ сургуультай болсноор нэмэгдэх төсвийн хэмжээ, шинэ сурагч, багшийн тоо зэрэг олон мэдээлэл шаардлагатай болох байх. Гэхдээ та зөв сонголт хийхийн тулд эргэцүүлэн бодож, мэдээлэл цуглуулах хэрэгтэй.

Тухайн тойрогт өрсөлдөж буй өөр нэг нэр дэвшигч “сонгогчдынхоо итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг амьдрал дээр бодитой хэрэгжих механизм бий болгох”-ыг амлав. Энэ амлалт биелэгдвэл таныг өөр үзэл бодолтойн улмаас хэн ч ялгаварлан гадуурхахгүй, хавчиж дарамтлахгүй, шагналаас хасахгүй, ажлаас чинь халахгүй нь бололтой. Та аливаа дарамт шахалтгүйгээр бодсон санаснаа хэлж, ажил сайжруулахын төлөө шүүмжлэл өрнүүлж, удирдлагынхаа буруу шийдэрийг эсэргүүцэж болох нь. Таны чөлөөтэй, айдасгүй амьдрах нөхцөл бүрдэх нь. Та тунгаан бодохын тулд бусадтайгаа санал солилцож, мэдээлэл цуглуулах хэрэгтэй.

Байз, байз. Энэ хоёр нэр дэвшигч хоёулаа сайхан, хэрэгтэй зүйл амалж байна. Амлалтаа хэрхэн биелүүлэхийг хэмжих үзүүлэлт бүрхэг байна. Тэгвэл хэн нь илүү шударга, итгэл даах чадвартайг яаж мэдэх вэ? Үнэхээр миний төлөө юу, эсвэл өөрийн ашиг сонирхолдоо хөтлөгдөв үү? Аль хэр нэр хүндтэй хүн бэ? Аль хэр шударга хүн бэ? Урьд өмнө янз бүрийн хэрэг төвөг, хэл аманд өртөөгүй биз?