“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?

ЮНЕСКО-ын “Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл харилцааны хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон “Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд  олон нийт, сэтгүүлчдийн дунд УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр монголын хэвлэл мэдээлэл хэрхэн ажилласан талаарх үнэлгээний судалгаа, санал асуулга явуулсан юм.

I. ОЛОН НИЙТИЙН ҮНЭЛЭМЖ

1.1. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ХҮРЭЭ
Ардчилсан шударга сонгуулийн үр дүн, олон нийтийн сонголтод нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг боловч хэвлэл мэдээллийн хэрэгсэл голлох үүрэг гүйцэтгэдэг. ХМХ-ийн сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл үнэн зөв, бодитой, тэнцвэртэй байх нь эн тэргүүний ач холбогдолтой юм. Үүний тулд хэвлэл мэдээлэл, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс хараат бус байж, мэргэжлийн түвшинд ажиллан, гагцхүү сонгогч түмний эрх ашигт үйлчлэх ёстой. Олон нийт сонгуульд оролцож буй бүх талуудын тухай үнэн бодитой, тэнцвэртэй мэдээллийг хүлээн эрхээ эдлэхэд чин шударгаар туслах нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ажилтнуудын үүрэг билээ. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэн сахих нь хамгаас чухал билээ.

2004 оны УИХ-ын Сонгуулийн үеэр монголын сэтгүүлчид анх удаа Ёс зүйн зарчим баталсан бөгөөд тэд энэхүү зарчмаа аль хэр дагаж мөрдсөн тухай олон нийтийн үнэлэлт, дүгнэлтийг судлахад энэ судалгааны гол зорилго оршино.

Судалгаанд сонгуулийн насны ихэнх нь төвлөрөн суудаг, ХМХ олноор байрладаг нийслэл хотын 500 хүнийг хамруулж, мэдээллийг хүн олноор цуглардаг газруудаар явж, анкет ашиглан цуглуулж, боловсруулсан болно.

Хүснэгт 1. Судалгаанд хамрагдагсдын насны байдал

Судалгаанд сонгуулийн насны бүх бүлэг хамрагдсан бөгөөд боловсролын хувьд ч гэсэн нийгмийн хамгийн идэвхитэй хэсгийг төлөөлөх боломжтой гэж үзэж байна.

Хүснэгт 2.Судалгаанд хамрагдагсдын боловсролын байдал

1.2. СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?

Сонгуулийн үеэр иргэдийн санаа бодолд хүчтэй нөлөө үзүүлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол өргөн нэвтрүүлэг (телевиз, радио) юм. Тэдгээрийн ашиглаж буй агаарын долгион нь нийт ард түмний өмч бөгөөд өргөнөөр ашиглахад хязгаарлагдмал байдаг. Иймд өргөн нэвтрүүлгийн мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн үеэр аль нэг нам, эвсэл, хөдөлгөөнд бус, сонгогчдын эрх ашигт нийцсэн тэнцвэртэй, шударга мэдээллээр хангах үүрэг хүлээдэг олон улсын хэм хэмжээ байдаг. Харин сонин хэвлэлийн хувьд аль нэг нам, эвсэл, хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа шууд илэрхийлэх эрхтэй байдаг ажээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 86% нь сонгуулийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс, 14 хувь буюу 70 хүн бусад эх сурвалж, тухайлбал, сурталчилгааны хуудас, самбар зэргээс сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл авсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн дотроос өргөн нэвтрүүлэг, тухайлбал телевизээс судалгаанд хамрагдагсдын 91.4 хувь буюу 457 хүн мэдээлэл авсан байна. Энэ нь телевиз нийслэл хотод хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамгийн илүү хүртээмжтэйг нотолж байна.

График 1. Сонгуулийн мэдээлэл авч буй байдал

Тайлбар: Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн дамжуулж, түгээж буй мэдээлэл иргэдэд зөв сонголт хийхэд аль хэр тус болсныг тодруулбал 48.4% нь хангалттай гэж хариулжээ. Харин төдийлөн хангалттай бус, хангалтгүй гэж үзэж байгаа хүмүүс 51.2%-ийг эзэлж байна.

График 2. Мэдээлэл сонголт хийхэд хангалттай байсан эсэх

"Мэдээлэл хангалтгүй, төдийлөн хангалтгүй" гэсэн хүмүүсээс тухайлбал ямар мэдээлэл хүсэж байсныг тодруулахад намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулсан дүн шинжилгээ, нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн гэх мэт олон ургальч үзлийг эрхэмлэсэн, хараат бус мэдээлэл хангалтгүй байжээ.

Хүснэгт 3. Мэдээлэл хүссэн байдал

Жич: Нэг хүн нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл гэх мэт давхардуулан хариулсныг үзүүлэлт тус бүрд оруулан дүнг нэгтгэлээ.

Судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн байгууллагууд 2004 оны сонгуулийн үеэр олон нийтийн эрх ашигт үйлчилж чадсангүй гэсэн дүгнэлт хийж болох юм. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл хангалтгүй байсан гэж үзсэн хүн харьцангуй цөөн байсан нь сонирхол татаж байна. Энэ нь сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн бас нэг чухал үүрэг болохыг судалгаанд хамрагдагсад төдийлөн ойлгоогүй, эсвэл ач холбогдол өгөөгүйтэй холбоотой баж болох юм.

1.3. СЭТГҮҮЛЧИД ЁС ЗҮЙГЭЭ ХЭРХЭН БАРИМТАЛСАН БЭ?

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40.4 хувь /202 хүн/ нь сэтгүүлчид энэ сонгуулийн үеэр ёс зүйн зарчим батлан мөрдөж байгаа тухай мэдсэн, 59.6 хувь нь энэ тухай дуулаагүй байна. Энэ тухай сонссон хүмүүсийн 49.5% нь тухайн мэдээллийг телевизээс, 43% нь сурталчилгааны хуудаснаас олж авчээ.

График 3. Мэдээлэл авсан байдал

Тайлбар: Нэг оролцогч нэгээс хоёр эх сурвалж, тухайлбал, радио телевиз, сонин сурталчилгааны хуудас гэх мэт давхардуулан хариулсныг үзүүлэлт тус бүрд оруулан дүнг нэгтгэлээ.
Олон нийт сэтгүүлчдийн энэ алхамыг дэмжиж байгаа нь судалгаанд хамрагдагсдын 67.8 хув? ?? ийн "тийм" гэж хариулснаас харагдаж байна. 

Харин сэтгүүлчийн ёс зүйн зарчмын тухай сонссон, үгүйгээс үл хамааран судалгаанд хамрагдсан 500 хүний 67.8% нь тэд энэ сонгуулийн үеэр ёс зүйгээ баримтлан ажиллаж чадаагүй гэж дүгнэсэн байна. Энэ судалгааг бид "Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим"-д тусгасан зүйл тус бүрээр санал асууж, хариултыг нэгтгэсэн болно.

График 3. Сонгуулийн үеийн ёс зүйн үнэлэмж

Сэтгүүлчид ёс зүйгээ баримтлан ажиллаж чадаагүй гэж үзсэн 335 хүн ёс зүйг хэрхэн зөрчсөн, энэ нь аль хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түлхүү ажиглагдаж байсныг дүгнэхдээ 73.4 % нь "нэг намыг дагнан сурталчилж байсан" хэмээн санал нэгджээ.

Хүснэгт 4. Ёс зүйн зөрчил

Жич: Нэг оролцогч нэгээс хоёр ёс зүйг давхардуулан хариулсныг үзүүлэлт тус бүрд оруулан дүнг нэгтгэлээ.
Сэтгүүлчдийн энэ алдаа хэвлэл мэдээллийн аль хэрэгсэл дээр түлхүү гарсныг тодруулахад судалгаанд хамрагдагсдын 92.5 хувь нь телевиз, үүнээс МҮТВ дээр илүү ажиглагдсан гэж дүгнэсэн байна.

График 4. Телевиз


Телевизийг нэр зааж өгсөн санал нь телевиз гэж хариулсан нийт хариултын 48.1 хувийг, онцолж нэрлэлгүй телевиз гэсэн хувилбарыг сонгосон нь 51.9 хувийг эзэлж байна. Гэхдээ ихэнх оролцогч 2-3 телевизийн нэрийг бичсэн тул телевиз тус бүр дээр хүн бүрийн хариултыг оруулж дээрх дүнг тооцож гаргалаа.

Харин радио, сонины хувьд нийт оролцогчдын 15.2 хувь буюу 51 хүн радио гэж үзсэнээс 10 нь Монголын радио, 10 нь FM радио нэрлэсэн байна. Сонин гэж 335 хүнээс 58.5 хувь нь буюу 196 хүн нь сонгосон бөгөөд 156 хүн нэрлээгүй, 40 хүн 18 сонинг ёс зүйгүй ажилласан гэж үзсэнээ бичжээ. Үүнээс 32.5 хувийг “Өдрийн сонин”, 22.5 хувийг ”Үнэн”, 17.5 хувийг “Зууны мэдээ”, 12.5 хувийг “Сэрүүлэг”, “Хүмүүс”, “Монголын мэдээ” тус бүр 7.5 хувийг эзэлсэн байна.

Судалгааны дүнгээс харахад иргэд сонгуулийн тухай мэдээллийг ХМХ-ээс түлхүү хүлээн авдаг ч энэ нь тэднийг сонголт хийхэд хангалтгүй байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, монголын хэвлэл мэдээлэл ардчилсан нийгмийн хамгийн гол үйл явдал болох сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл олон нийтийн эрх ашигт бус, улс төрийн нам, нэр дэвшигчдэд үйлчилдэг ажээ.

Олон нийтийн хамгийн илүү ашигладаг телевиз тэднийг хүссэн мэдээллээр нь хангаж чадаагүй, мэргэжлийн ёс зүйг баримтлаагүй байна. Энэ нь МҮРТ өнөө хэр Засгийн газрын мэдэлд байж, түүний хяналт дор ажиллаж буйтай холбоотой юм.