“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
“Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” төслийн хүрээнд батлагдсан “Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчим”-ыг дагаж мөрдсөнтэй холбогдуулан нэр дэвшигч, сэтгүүлчдийн хоорондын маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэх зорилго бүхий Хэвлэлийн Цэцийг 2004 оны 4-р сарын 14-нөөс 07-р сарын 10-ныг хүртэл түр хугацаагаар ажиллууллаа.

Хэвлэлийн Цэц нь төслийн хугацаанд хоёр гомдол хүлээн авч, гомдлын дагуу дөрвөн удаа хуралдаж шийдвэр гаргав.

Гомдол №1.

Гомдол гаргагч: Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ханддолгор
Гомдол гаргасан огноо: 2004.06.03

Гомдлын агуулга: “…УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш МАХН-ын шууд нөлөө бүхий гэгдэн гадуур олон хувиар үнэ төлбөргүй тараагдаж буй, улсын бүртгэлийн 1154 дугаартай МАХН-ын төв байранд байрладаг боловч редакцийн хаяг, эрхлэгчийн нэр, харилцах утасгүй “Монгол араншин” сонин сэтгүүлчийн ёс зүйг зөрчин “Эх орон-Ардчилал” эвсэл, Ардчилсан нам, түүний удирдагчдын нэр хүндийг гутаахыг оролдсон гүтгэлгийг удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. …Энэ бүхэн нь сонгуулийн хуулийг бүдүүлгээр зөрчсөн, улс төрийн ганц намд үйлчилсэн, сэтгүүлчдийн ёс зүйг гажуудуулсан, илт гүжирдсэн үйл ажиллагаа байх юм” гэжээ.

Хуралдаан №1
Хэвлэлийн Цэц 2004 оны 06-р сарын 04-ний өдрийн эхний хурлаараа анхны гомдлыг хэлэлцлээ. Цэцийн хуульч гишүүдээс “Энэ гомдол цэцийн дүрмийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй байна. Дүрэмд “Нэр дэвшигч, сэтгүүлч нь гомдол гаргагч байна” гэж заасан. Гэтэл энэ гомдлын хувьд АН-ын хэсэг бүлэг хүний нэр дээр намын ХМА-ны даргаас хандаж байгаа гомдол байна. Энэ нь бидний хэлэлцэх асуудал биш байна” гэж үзэж байв. Гэсэн ч Цэцийн дарга Ц.Бат-Оршихийн “Цэцэд хандсан анхны гомдол учраас энэ хэрэг дээр Цэц ажиллах нь зүйтэй” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.
Гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, “Монгол араншин” сонинг ХЗДХЯ-нд хэний хүсэлтээр бүртгэсэн, хэвлэх үйлдвэрт хэний гарын үсгээр, хичнээн хувь хэвлэдэг, мэргэжлийн сэтгүүлч ажилладаг эсэх талаар мэдээлэл цуглуулж, МАХН-ын захиалгаар хийгддэг болохыг олж тогтоов. Ингээд МАХН-ын ХМА-ны дарга Ц.Баярт дараагийн хурлаас өмнө тайлбар хийхийг хүссэн мэдэгдэл хүргүүлж, ирсэн тайлбар дээр үндэслэн гомдлыг шийдвэрлэхээр тогтсон.

ШИЙДВЭР
АН-ын гомдлыг хэвлэлийн цэц хүлээн авч шийдвэрлэх болсон, тухайн гомдолд дурдагдсан сонин нь МАХН-ын сонин болохтой холбогдуулан тус намын ХМА-ны дарга Ц.Баярт тайлбар хийхийг хүссэн албан бичгийг 2004 оны 06-р сарын 04-нд биечлэн хүргүүлэхээр тогтов.

Хуралдаан №2
Хариуцагч талаас ирэх тайлбар, хариуг үзэж байж дараагийн шийдвэрээ гаргахаар зөвшилцсөн хэдий ч хоёр дахь хурлын үед МАХН-аас ямар нэгэн байдлаар хариу өгч, тайлбар хийгээгүй тул АН-ын ХМА-ы дарга Б.Ханддолгорын гомдлыг хэрхэн шийдвэрлэх тухай гишүүд санал солилцоод, энэ асуудал нь цэцэд харъяалагдахгүй болохыг мэдэгдэхээр шийдвэрлэв.

ШИЙДВЭР
“Монгол араншин” сонин нь МАХН-ын хүсэлтээр ХЗДХЯ-д бүртгүүлсэн, тус намын шууд харъяалалтай болох нь тогтоогдлоо. Хэвлэлийн Цэцээс МАХН-ын ХМА-ын дарга Ц.Баяраад мэдэгдэл хүргүүлэн, хариу хүссэн боловч өнөөг хүртэл хариу өгч, тайлбар хийсэнгүй. Хэвлэлийн Цэцээс уг гомдлыг нэг намаас нөгөө намыг буруутгаж гаргасан гомдол гэж үзсэн тул энэ асуудал нь Цэцэд харъяалагдахгүй болохыг мэдэгдэж байна.
Цэцийн дарга гомдол, хуралдаан, түүнийг шийдвэрийн талаар хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлэв.

Гомдол 2.

Гомдол гаргагч: УИХ-ын 53-р тойрогт АН-аас нэр дэвшигч М.Сономпил
Гомдол гаргасан огноо: 2004.06.11

Гомдлын агуулга: “Манай сонгуулийн тойрогт МАХН-аас Дэржээгийн Цэвээнжав нэр дэвшиж байгаа билээ. Нэр дэвшигч Д.Цэвээнжавын сонгуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа хүмүүс нь нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан миний тухай илтэд гүжирдэн гүтгэсэн хэт нэг талыг барьж, тэнцвэрт байдлыг алдагдуулсан сурталчилгаа хийж байгаа нь танай цэцэд хандах үндэслэлийг бүрдүүлж байна. “Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчим”-ын 1, 2, 3, 6 дахь зарчмыг үргэлж зөрчиж байгаа энэ үйлдэлд Нинжжамц гэдэг эмэгтэйг буруутай гэж үзэж байна...” гэжээ.
Гомдол гаргагч гомдлын нотлох баримт болгон А-4 хэмжээтэй 4 нүүрээр хэвлэгдсэн материалыг хавсаргасан байв. Энэ нь “Монголын нэг өдөр”, “Хүмүүс”, “Өнөөдөр”, ”Зөвхөн эрчүүдэд”, “4 дэх засаглал” сонингуудад гарсан материалуудыг эмхэтгэж, зурагжуулсан материал байв.

Хуралдаан №3
Цэцийн дарга холбогдох материалтай танилцаж, хурлыг 2004 оны 06-р сарын 14-ний өдөр товлов. Хурлын эхэнд Цэцийн дарга Ц.Бат-Орших Л.Нинжжамцад хандан гомдолд Цэцийн гишүүн Л.Нинжжамцын нэр дурдагдсан тул тайлбар хийхийг хүсэв.
Л.Нинжжамц: “Нинжжамц гэдэг нь би мөн үү, биш үү гэдгийг тодруулахыг хүсч байна. Хөлсөөр ажиллаж байгаа гэдгийг яаж баталж байгаа юм бэ?, “Нотлох баримтыг хавсаргав” гэсэн материалыг үзэхэд надтай ямар холбоотой гэдгийг нь ойлгохгүй байна. Харин дөрөвдүгээр нүүрт гарсан “Дөрөв дэх засаглал” сонины мэдээллийг надтай холбож байгаа бол эрхлэгчээр нь дамжуулан тайлбар өгөх боломжтой. Уг материалд олон сонины нэр дурдсан байна. Д.Цэвээнжавыг би дэмжиж олон нийтийг хамарсан шоу, спорт, урлагийн арга хэмжээнд хөтлөгч байдлаар оролцож байгаагаас сэтгүүлч талаасаа ажиллаагүй...” хэмээн тайлбар хийсэн.
Цэцийн гишүүд Л.Нинжжамцын өгсөн аман тайлбар, ирүүлсэн гомдол, хавсгаргасан материалтай танилцаад гомдол гаргагчийн хавсаргасан материал хэргийг шийдвэрлэхэд хангалтгүй гэж үзэн М.Сономпилээс дахин нотлох баримт хүссэн албан бичиг явуулах, Д.Цэвээнжавын сурталчилгаанд яаж оролцож байгаагаа бичгээр тайлбар өгөхийг Л.Нинжжамцаас хүсэв.
Нэр дэвшигч М.Сономпилээс
• Нинжжамц гэдэг хүний талаар тодорхой мэдээлэл өгөх. Yүнд: овог нэр, эрхэлж буй ажил, албан тушаал гэх мэт;
• Нотлох баримт болгон хавсаргасан материалыг хэн, хаана, хэдэн хувиар хэвлүүлж, тараасан;
• Нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг тодруулах, нотлох баримтаа тодорхой дурдах; зэрэг нотолгоог хүссэн албан бичиг явуулав.
Нэр дэвшигч М.Сономпил нь Дархан хотоос 2004 оны 06-р сарын 15-ны өдөр нотолгоо болгож
1. “Нинжжамц гэдэг эмэгтэйн хувьд тэрээр “Фейс Пи Ар” нэртэй агентлагийг ажиллуулдаг бөгөөд “4 дэх Засаглал” сонины эрхлэгч бололтой юм.
2. Нотлох баримт болгон илгээсэн хуудсыг хаана хэвлүүлснийг мэдэхгүй, энэ талаар судлаагүй. Л.Нинжжамц л сайн мэдэж байгаа байх, үүнийг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэхгүй байна.
3. Нотлох баримтад хавсаргасан материалд хэвлэгдсэн эх сурвалжуудаас “4 дэх Засаглал” сонинг нотлох баримтаар татаж үзнэ үү” гэсэн хариуг хэвлэлийн цэцэд ирүүлэв.
Л.Нинжжамцын хувьд өмнөх хуралд дээр хийж байсан аман тайлбараа бичгээр ирүүлсэн байлаа.

Хуралдаан №4

Цэцийн гишүүд хоёр талаас ирүүлсэн нэмэлт материал, энэ өдөр хэвлэлийн Цэцэд хандан ирүүлсэн МоСХ-ны “Хэвлэлийн Цэц нь аль нэг нам, хувь хүний ятгалганд автаж, дотоод асуудлаа олон нийтэд цацаж, улс төржих алхамыг удаа дараа хийж байна. Дахин ийм алхам хийвэл МоСХ болон гишүүнээ хэвлэлийн цэцээс эргүүлэн татах болно...” гэсэн мэдэгдэлтэй танилцлаа.
Хурлын үеэр гишүүдээс:
- Нотлох баримтаар татсан материалыг хэн хийсэн, Л.Нинжжамц үүнд холбоотой, хийсэн гэдэг нь тодорхойгүй, нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үндэслэл байхгүй;
- Тодорхой баримт иш татаагүй, хүний нэрийг гутаалаа гэсэн тодорхой заалтгүй;
- “4 дэх засаглал” сонинд гарсан материалын дагуу бид мөрдөөд явах боломжгүй, хоёр тал хоёулаа байсан бол нэг нэгээр нь тусад нь уулзаад, хоёуланг нь уулзуулаад хариу өгөх боломж байсан. Харин цаасан дээрхи материалд үндэслэж байгаа тул боломжгүй;
- Сэтгүүлч өөрийгөө буруутай гэж хүлээн зөвшөөрөөгүй байна. Нөгөө талаас Л.Нинжжамцад хариуцлага хүлээлгэх нотолгоо шууд алга;
- МоСХ “Өдрийн сонин”-д гарсан мэдээллийг үндэслээд өөрийн гишүүнийг өмгөөлсөн мэдэгдэл хийсэн байна. Энэ мэдэгдэлд мөн хариу явуулъя” гэсэн санал гарсан.

ШИЙДВЭР
Гишүүдийн дээрхи саналд тулгуурлан “Цэцийн хүрээнд авч үзэх асуудал биш гэсэн албан бичиг өгөхөөр шийдвэрлэв. Албан бичигт:
1. Таны гаргасан гомдол нь манай Цэцийн дүрмийн үйлчлэх хүрээнд байгаа хэдий ч буруутай гэж үзэж байгаа Нинжжамцыг тухайн гаргасан мэдээлэл буюу дөрвөн нүүр бүхий хуудас материалыг эрхэлж, эмхэтгэсэн, нийтэлсэн болох нь нотлогдохгүй байна.
2. Дээрх материал нь өөрөө албан ёсны, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хариуцсан этгээд бүхий мэдээллийн хэрэгсэл биш байх бөгөөд энэ нь сэтгүүлчдийн үйл ажиллагаагаа тогтмол эрхлэн явуулдаг мэдээллийн хэрэгсэл гэсэн ойлголтыг төрүүлэхгүй байна.
3. Л.Нинжжамц нь “тухайн тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигч Д.Цэвээнжавын олон нийтийг хамарсан шоу үдэшлэгийг зохион байгуулж, хөтлөгчийн үүргийг хүлээж байгаа, би сурталчилгаа, мэдээллийн ажлыг хариуцаагүй буюу таны гаргасан гомдолд өөрийгөө холбогдолгүй” хэмээн тайлбар өглөө.
Иймээс нэгэнт хариуцах эзэн нь тогтоогдохгүй, холбогдох баримт байхгүй асуудлаар Цэц дүгнэлт хийж, дүрэмдээ зааснаар талуудыг эвлэрүүлсэн шийдвэр гаргах боломжгүй” гэж мэдэгдлээ.
МоСХ-нд “…Хэвлэлийн Цэц нь аль нэг нам, эвсэл бусдын ятгалгад үл автан, үйл ажиллагаа явуулж буй бөгөөд цаашид ч шийдвэрлэх асуудлуудад бодит үнэлэлтийг өгч ажиллах болно гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Түүнчлэн бид Цэцийн гишүүний бүрэн эрхийг үл хүндэтгэж, дотоод асуудлаа олон нийтэд дэлгэж, улс төржих алхмуудыг хийгээгүй билээ” гэсэн хариуг өглөө.

Түр байгуулагдсан Цэцийн ажиллах дүрмийг тухайн үед хэлэлцэж баталсан боловч амьдрал дээр зарим нь хэт явцуу, зарим нь хэт өргөн хүрээтэй учир бидэнд ирүүлсэн хоёр гомдлын аль аль нь уг цэцээр авч хэлэлцэх асуудал биш мэт хэлбэр талаасаа харагдаж байв. Гэвч ямар нэг хэмжээнд гарц хайж, гомдолд хүндэтгэлтэй хандах зарчмыг Цэц барьж ажиллалаа.

2. Хэвлэлийн цэц ажиллах хугацаанд гарсан хүндрэл бэрхшээлүүд:
Хэвлэлийн Цэц нь туршилтын хэлбэрээр түр хугацаанд ажилласан хэдий ч
бидэнд ирүүлсэн гомдлоос харахад “Хэвлэлийн Цэц нь Монгол улсад байх ёстой байгууллага юм байна” гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Бидний ажилласан энэ хугацаанд хэрхэн ажиллаж, гомдол хэрхэн шийдвэрлэгдэж, шийдвэр нь хэр жинтэй, бодитой байгаа, ямар арга замаар хэрэгжиж байна вэ? гэдгийг хэвлэл мэдээллийнхэн болон сонгуульд өрсөлдөж буй улс төрийн хүчин, нэр дэвшигчид сонирхон ажиглаж байсныг энд дурдах хэрэгтэй болов уу.

Бид энэ чиглэлээр анхны оролдлого хийж байгаа болохоор нэлээдгүй дутагдалтай тал, урьдчилан харж, тооцоолоогүй асуудал, бэрхшээл гарч ирж байлаа. Тухайлбал:

1. “Хэвлэлийн Цэцийн гишүүн нь сонгуулийн үеэр аль нэг нам, нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд оролцохгүй байна” гэдгийг бид дүрэмдээ нарийн зааж өгөөгүйгээс манай Цэцийн гишүүн Л.Нинжжамцтай холбоотой ийм асуудал гарч ирсэн. Энэ тохиолдолд Цэцийн дарга болон бусад гишүүд ямар байр суурьтай байх, түүний гишүүний асуудлыг хэвээр нь үлдээх үү эсвэл татгалзуулах уу гэдгийг мөн зааж өгөөгүйгээс Цэцийн гишүүд зөвхөн дүрэмд заасны дагуу ажилласан бөгөөд өөрийн гишүүний ёс зүйн асуудлыг шийдвэрлэж чадаагүй;
2. Хэлэлцэх асуудал, хүлээн авч шийдвэрлэх гомдлоо нарийвчлан тусгаагүйгээс Цэцэд ирсэн гомдлуудыг шийдвэрлэх боломжгүй байлаа.
3. Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх тогтолцоог бий болгож чадаагүйгээс чухам ямар асуудлыг, ямар хүрээнд шийдвэрлэх, гаргасан шийдвэрийг хэн, хаана, ямар хэлбэрээр хэрэгжүүлэх нь тодорхойгүй үлдсэн юм.

Зөвлөмж:


Цаашид Хэвлэлийн Цэцийг тогтмол үйл ажиллагаатай, бие даасан байгууллага болон ажиллавал дараах саналыг дэвшүүлж байна.

1. Хэвлэлийн цэцийг хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус байдлаар тогтмол үйл ажиллагаатай болгох;
2. Энэхүү байгууллагын санхүүжилтийн зохистой хэлбэрийг сонгох; (УИХ-аас төсөвлөгдөж, хянагдаж байх)
3. Хэвлэлийн цэцийн бүтэц, шийдвэрлэх өргөдөл гомдлыг тодорхой нарийвчлан, илүү оновчтой тогтоох;
4. Хэвлэлийн Цэцийн гишүүд аливаа улс төрийн намаас хараат бус байх, өөрөөр хэлбэл, дүрэм нь сонирхлын зөрчлийг зохицуулсан байх;
5. Цэцийн гишүүд аль болох олон төлөөлөлтэй байх;
6. Дүрэм нь нөөц гишүүнтэй байх, чөлөөлөх зэрэг гишүүнчлэлтэй холбоотой бүх зүйлийг зохицуулсан байх;
7. Хэвлэлийн Цэцийн хариуцлага, шийдвэрийг биелүүлэх механизмыг тодорхой тусгах;