Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлүүд, даван туулах арга зам” судалгааны тойм

Судлаач С.Базар

Монгол дахь судлагдсан байдал


1990-ээд оны эхэнд хуулийн байгууллагын ажлын доголдол нь бараг системийн шинжтэй гажуудал болсныг хувь хүний үзэл бодлын үүднээс бус гагцхүү хөдөлшгүй баримтад тулгуурлан бичсэн сэтгүүлч, зохиолч Ж.Барамсайн "Шорон дотроос "өшөө авагчид" байдаг юм биш биз?", “Хуульчид өөрсдөө багаа хууллаа”13 цуврал нийтлэл "Үнэн" сонинд хэвлэгдэн гарсан нь орон даяар шуугиан дэгдээж, нийгмийн сэтгэл зүйд томоохон давалгаа үүсгэжээ.

Тухайн үед сэтгүүлч энэхүү нийтлэлээ сэтгүүл зүйн төрөл жанрын хувьд асуудал дэвшүүлсэн сурвалжилсан тэмдэглэл хэмээн нэрлэж байсан бөгөөд эдүгээ ардчилсан сэтгүүл зүйн үүднээс шинжлэн үзэхэд энэ нь яах аргагүй эрэн сурвалжлах сэтгүүл зүйн томоохон бүтээл мөн билээ. Энэ талаар доктор Л.Норовсүрэн “Наяад оны сүүлийн хагаст манай сэтгүүлчдийн бүтээл туурвилд ер бусын их шинэчлэл явагдаж, тэр нь нийгмийн ухамсар, төрийн машиныг хүртэл шинэ цаг үе рүү хөтлөх зүтгүүр болж байлаа. Яг ийм хүчтэй түрлэгийн эрчин дунд зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай хуулийн байгууллагын ажилд оршиж байсан ноцтой завхралыг илчилсэн нэгэн нийтлэлээрээ Монголын сэтгүүл зүйн түүхэнд мөнхрөн үлджээ.… Өнөөдөр "Шорон дотроос "өшөө авагчид" байдаг юм биш биз?", “Хуульчид өөрсдөө багаа хууллаа” гэсэн тэрхүү цуврал нийтлэл манай сэтгүүл зүйн түүхэнд эрэн сурвалжлах аргаар бичигдсэн анхны бөгөөд дорвитой бүтээлд зүй ёсоор тооцогдох болсон байна” гэж дүгнэсэн бол доктор М.Зулькафиль ”Сэтгүүлч Ж.Барамсай... цуврал материал, ярилцлага нийтлүүлсэн нь илүү үр дүнд хүрч, олон түмний санаа бодолд хүчтэй нөлөөлж чадсан.

Үүний үр дүнд зохиомол хэрэгт холбогдсон олон арван хүнийг цагаатгаж, хуулийн байгууллагын албан тушаалтнууд зохих хариуцлага хүлээж, хууль зүйн салбарт оршиж буй дутагдал доголдлыг арилгах, үйл ажиллагааг нь сайжруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн юм. Тиймээс сэтгүүлч Ж.Барамсайн энэхүү цуврал бүтээл нь Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эх суурийг жинхэнэ ёсоор тавьж, цаашид идэвхтэй хөгжүүлэхэд тодорхой түлхэц өгсөн хэмээн хэлэх бүрэн үндэстэй юм”, доктор Б.Болд-Эрдэнэ “...томоохон асуудал дэвшүүлж, эрч хүчээ авсаар прокурор асан Отгонбаярын булхайтай хэргийг илрүүлсэн. Энэ бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндсийг тавьсан бүтээл” гэжээ.

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь судалгааны хувьд шинэ обьект юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж чухам юу вэ гэдэг талаар судлаачид дараах байдлаар томьёолсон байдаг. Доктор М. Зулькафиль “Нуугдмал байгаа ноцтой асуудал, баримтуудыг ил гаргаж, олон түмний сонорт хүргэх замаар төр засаг, хууль тогтоох байгууллага, томоохон бизнесменүүд, нөлөө бүхий улс төрийн зүтгэлтнүүд, албан тушаалтнуудын үйл ажиллагааг хянах явдал”17 хэмээсэн байдаг. Гэвч Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжих орчин тун ээдрээтэй байна.

Тухайн үедээ төрийн мэдэлд байж, улсын өмчинд тулгуурлан, үндэсний хэмжээнд өдөр тутам тараагдаж байсан томоохон сонинууд хэдийгээр нэрээ сольж, хаягаа өөрчилсөн ч түүний ард улс төрийн хүчний бүлэглэл хүчтэй ноёрхож байна. Энэ байдлыг Монголын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Дашдондов “Хэвлэл мэдээллийг либеральчлах үйл явц Монголд бараг зогсож гацаанд ороод ер урагш ахихаа болилоо” хэмээн дүгнэжээ.

Улс төрийн бүлэглэлийн зэрэгцээ санхүүгийн бүлэглэл ч хэвлэл мэдээлэлд хүчтэй нөлөөлж, ил далд хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Үүний уршгаар сонин хэвлэлийн нийтлэл мэдээлэл сонирхлын бүлгийн эх сурвалжаас ихээхэн хамаарах болж, улмаар хэвлэлийн гол бүтээгдхүүн болох мэдээ, мэдээлэл эзнээсээ хэтэрхий хамааралтай болж, редакцийн хараат бус байдал ноёрхож, улмаар чөлөөт хэвлэлийн хоточ нохой байх, олон түмэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаа байх чадвар алдагдаж эхэлжээ. Үүнийг сэтгүүл зүйн багш, ахмад сэтгүүлч Д.Цэмбэл “Төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэг бүхий чөлөөт хэвлэлийн маань зарим нь харин ч төр засгийн бодлогын үргэлжлэл, зарим нь улс төрийн аль нэг хүчин юмуу, бизнес, ашгийн байгууллагын хавсарга болж байна.

Ингэснээр нийгмийн ухамсрыг төлөвшүүлэхээсээ илүү олон нийтийн санаа бодлын эсрэг түрэмгийлэл бий болгож байна” хэмээн томьёолжээ. Монголын хэвлэлийн чөлөөт байдлын талаар сэтгүүл зүй судлаач, доктор Т.Баасансүрэн “…Нэг талаас харахад Монголд чөлөөт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөө байгаа юм шиг харагдана. Нөгөө талаас авч үзвэл байхгүй, нэлээд хаалттай, хязгаарлагдмал болох нь аяндаа мэдрэгдэнэ. Ийм гайхалтай, хоёрдмол шинж төрхтэй, сэтгүүл зүйн онол, практикийн үүднээс задалж үзвэл тун сонирхолтой цаг үед Монголын сэтгүүлчид аж төрж, туурвин бүтээж байгаа юм” гэж хэлсэн нь анхаарал татсан дүгнэлт мөн.

Дэлгэрэнгүйг PDF хувилбараар энд дарж уншаарай.

Манай бэлтгэсэн видеонуудаас