Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
Эрэн сурвалжлах сэтгүүлзүй уламжлалт сэтгүүлзүйгээс ялгаатай
Эрэн сурвалжлах сэдвээ сонгох нь
Энэ хөндөх ёстой сэдэв мөн үү?
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй уламжлалт сэтгүүл зүйгээс ялгаатай

Эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж юу вэ? Үүнийг хэрхэн хийх вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ? Уотергэйтийн тохиолдол буюу эрэн сурвалжлах сэтгүүлзүйг тодорхойлсон тэр мөчөөс хойш хагас зуун жил өнгөрсний дараа ч олон нийт төдийгүй сэтгүүлчид өөрсдөө ч сэтгүүлзүйн энэ төрөл зүйлийн талаар санал нэгдэж чадаагүй байгаа билээ. Бид юу гэж бодож байна вэ гэвэл:

Эрэн сурвалжлах сэтгүүлзүй аливаа далд асуудлыг олон нийтэд ил болгоход чиглэдэг. Ийнхүү далд орсон мэдээлэл нь хэн нэгний эрх мэдлээ урвуулан ашигласантай холбоотой байж ч болно, эсхүл зүгээр л ойлгоход хэцүү, замбараагүй олон мэдээллийн дунд гээгдсэн байж болно. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй нууц болон нээлттэй эх сурвалжийн аль алиныг нь ашигладаг.

Уламжлалт сэтгүүлзүй ихэнхдээ, эсвэл бараг бүхэлдээ өөр хэн нэгний өгсөн мэдээллээс хамаарч байдаг (цагдаа, Засгийн газар, компаниуд гэх мэт). Өөрөөр хэлбэл энэ нь ихэнхдээ ирсэн мэдээлэлд өгөх хариу үйлдэл буюу идэвхгүй маягийн сэтгүүлзүй байдаг гэж хэлж болно. Харин эрэн сурвалжлах сэтгүүлзүй тухайн сурвалжлагчийн санаачлагаар, идэвхтэй эрэл хайгуул, бүтээлч ажиллагааны үр дүн байдаг. (Тийм ч учраас эрэн сурвалжлах сэтгүүлзүйг заримдаа идэвхтэй сэтгүүлзүй хэмээн нэрлэдэг.)

Уламжлалт сэтгүүлзүй бол бодит ертөнцийн дүр зургийг байгаа чигээр нь аль болох объектив байдлаар дамжуулахыг зорьдог. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол үнэн бодит болохыг нь хэн ч хүлээн зөвшөөрөхүйц тийм баримт мэдээлэлд тулгуурлан ертөнцийг өөрчлөх хувийн зорилго сонирхлын төлөө тэмцдэг.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол уламжлалт сэтгүүлзүйн сайжруулсан хувилбар гэж зарим мэргэжилтэн хэлдэг л дээ. Сэтгүүлзүйн энэ хоёр төрлийн аль аль нь хэн, юу, хаана, хэзээ

гэсэн элементүүдэд анхаарлаа төвлөрүүлдэг нь үнэн. Харин уламжлалт сэтгүүлзүйн тавдахь элемент буюу “яагаад?” гэдэг нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйд “хэрхэн?” болж хувирдаг. Сэтгүүлзүйн бусад элементүүд ч эрэн сурвалжлах сэтгүүлзүйн тохиолдолд тоо биш чанарын үзүүлэлт болдог. Жишээ нь “хэн” гэсэн асуултад уламжлалт сэтгүүлзүй овог нэр, албан тушаалаар хариулах бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хувьд “хэн” гэдэг асуултаар тодорхой зан чанар, хэв маягийг эрхэмлэдэг хувь хүнийг танилцуулдаг. “Юу” гэдэг нь зүгээр л нэг үйл явдал биш, шалтгаан, үр дагавар бүхий үзэгдэл байдаг. “Хаана” гэдгийн хувьд зүгээр л нэг хаяг биш, зарим зүйл илүү хүчтэй юмуу илүү сул хэрэгжих боломж бүхий нөхцөл байдлыг илэрхийлдэг. Эдгээр элементийн ачаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн маш сайн бүтээл тодорхой хэмжээний гоо зүйн хүчийг агуулдаг бөгөөд энэ нь тухайн бүтээлийн сэтгэл хөдлөлд нөлөөлөх чадварыг улам хүчтэй болгож өгдөг.

Дүгнэж хэлэхэд, хэдийгээр мэргэжлээрээ ажиллах явцад сэтгүүлч хүн эрэн сурвалжлах сэтгүүлзүй болон өдөр тутмын сэтгүүлзүйн аль алиныг нь хийж байсан байж болох ч, энэ хоёр төрөлд шаардагдах ур чадвар, ажлын дадал, үйл явц болон зорилго нь өөр хоорондоо эрс ялгардаг. Эдгээр ялгааг доорх хүснэгтэд харуулсан болно. Эдгээр ялгааг эрс тэс зааглах боломжгүй тул шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй болов уу. Нөхцөл байдал ерөнхийдөө хүснэгтийн зүүн талд хэлбийх янзтай байвал энгийн буюу өдөр тутмын сэтгүүлзүйн ажил явагдаж байна, харин хүснэгтийн баруун тийш хэлбийх шинжтэй бол сэтгүүлч гүнзгийрүүлсэн эрэ н сурвалжлах арга барилд шилжиж байна гэсэн үг.

 УЛАМЖЛАЛТ СЭТГҮҮЛ ЗҮЙ

 ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙ

Судалгаа

Мэдээллийг тогтсон давтамжтайгаар цугуулж, түгээнэ /өдөр бүр, 7 хоног бүр, сард 1 удаа/ гэх мэт.Мэдээлэл баталгаажиж, бүрэн болохоос өмнө түгээх/цацах боломжгүй.
Судалгааг шуурхай гүйцэтгэх бөгөөд тухайн бүтээлийг бэлтгэж дууссан л бол үргэлжлүүлж судлаад байдаггүй.Тухайн мэдээлэл баталгаатай болтол нь судалгааг үргэлжлүүлэх бөгөөд зарим үед хэвлэгдсэний дараа ч үргэлжлүүлэн судалдаг.
Бүтээлийг шаардлага хангахуйц хамгийн бага хэмжээний мэдээлэлд үндэслэн гаргах бөгөөд маш товч байж болдог.Бүтээлийг олж авч болох хамгийн их хэмжээний мэдээлэлд үндэслэн гаргах бөгөөд маш урт байж болно.
Эх сурвалжийн хэлсэн үг баримтыг орлож болдог.Эх сурвалжийн үгийг нэг бол батлах, эсвэл үгүйсгэх баримт шаардлагатай байдаг.

  Эх сурвалжтай харьцах харьцаа

Эх сурвалжид ихэнхдээ үнэн зөв мэдээлэл өгнө гэсэн итгэл үнэмшлийн үүднээс ханддаг.Эх сурвалжийн шударга байдалд найдаж болохгүй, ямар ч эх сурвалж буруу мэдээлэл өгч болох учир нягтлан шалгахгүйгээр хэний ч мэдээллийг ашигладаггүй.
Албаны эх сурвалжууд өөрсдийгөө болон зорилгоо нийтэд сурталчлах үүднээс мэдээллээ сайн дураараа өгдөг.Мэдээллийг ил болгох нь тухайн байгууллага/албан тушаалтны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх учир мэдээллээ нууцалдаг.
Сурвалжлагч тухайн мэдээллийг өөр эх сурвалжаар тайлбарлуулж, өөр байр суурь илэрхийлэх боломжтой хэдий ч албан ёсны мэдээллийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг.Сурвалжлагч албан ёсны мэдээлэлд эргэлзэж буйгаа шууд илэрхийлэх, хараат бус эх сурвалжийн баримт нотолгоонд үндэслэн үгүйсгэх боломжтой.
Сурвалжлагч тухайн асуудлаар харьцаж буй эх сурвалжуудаас илүү бага мэдээлэлтэй байдаг.Тухайн асуудлаар харьцаж буй эх сурвалж дангаараа болон уг сэдэвтэй холбоотой бүх эх сурвалж нийлээд ч сурвалжлагчийн мэдэж буй бүх зүйлийг тэр бүр мэддэггүй.
Эх сурвалжийг ихэнх тохиолдолд ил тод нэрлэдэг.Ихэнх тохиолдолд эх сурвалжийн аюулгүй байдлын үүднээс нэр албан тушаалыг нь нэрлэдэггүй.

  Бүтээгдэхүүн

Тухайн бүтээл нь ертөнцийг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрсний тусгал байдаг бөгөөд сэтгүүлч мэдээллийг дамжуулахаас өөр хүсэл зорилго агуулдаггүй.

Сурвалжлагч нөхцөл байдлыг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэрээр байгаа байдлыг олон түмэнд таниулан илчлэх замаар шүүмжлэх, өөрчлөх, эсвэл зарим тохиолдолд илүү сайн туршлагыг сурталчлахыг зорьж ажилладаг.

Тухайн сэтгүүлчийн хувийн хүсэл тэмүүлэлгүйгээр бүтээл хэзээ ч бий болохгүй.Бүтээл, сэтгүүлч 2-ын хооронд хувийн хамаарал заавал байх албагүй.
Тухайн асуудалд сэтгүүлч төвийг сахих байр сууринаас хандаж, аль нэг талыг баримтлахгүй.Сурвалжлагч тухайн сэдэвтэй холбоо бүхий баримтанд шударга хандахыг зорих бөгөөд үүнийхээ үндсэн дээр хохирогч, сөрөг болон эерэг баатрыг тодорхойлдог.
Хурц өрнөл бүхий бүтэц, найруулга тийм ч чухал биш. Мэдээ үргэлжилж л байдаг учир тухайн бүтээл тодорхой төгсгөлгүй байна.Үр дүнд хүрэхийн тулд асуудалд хурц үг хэллэг ашиглах бөгөөд төгсгөлд нь уншигч сэтгүүлчийн юм уу эх сурвалжийн хэлэх гэсэн дүгнэлтэд хүрдэг.
Сурвалжлагч зарим жижиг сажиг алдаа гаргах нь тийм ч ховор биш.Алдаа гаргах нь ноцтой үр дагавар дагуулах бөгөөд албан ба албан бус шийтгэлд хүргэхийн зэрэгцээ тухайн сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын итгэл үнэмшлийг нурааж үгүй болгох аюул өндөр байдаг.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүй энгийн сэтгүүлзүйгээс хэд дахин илүү ажил шаарддаг юм шиг харагдаж байна уу? Үнэхээр ч үйл явцын бүхий л шатанд илүү няхуур ажиллах шаардлагатай байдаг хэдий ч энэ ажлыг үр дүнтэйгээр хийж, таашаал авах боломжтой. Түүнээс гадна эрэн сурвалжлах сэтгүүлзүй тухайн сэтгүүлч, түүний байгууллага болон олон нийтэд маш их зүйлийг өгдөг.

Олон нийтэд:
Үзэгчид өөр хаанаас ч олж авах боломжгүй, үнэ цэнтэй, итгэж болох бөгөөд амьдралд нөлөөлөхүйц тийм мэдээлэлд дуртай байдаг. Ийм мэдээлэл нь улс төр, мөнгө санхүүгийн талаар, эсвэл гэртээ эдэлж хэрэглэдэг зүйлсийн тухай байж болно. Гол нь үзэж буй хүмүүсийн амьдрал тухайн мэдээллээс хамаараад өөрчлөгдөж магадгүй байх нь л чухал. Тиймээс үүнийг санаж яв: Эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш, энэ бол үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээ нь хүмүүсийн амьдралыг илүү дээр, илүү хүчтэй болгож өгдөг.

Танай байгууллагад:
Хэн нэгэн танд “эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд тансаглал” гэж хэлэхийг бүү зөвшөөр. Ихэнх мэдээллийн байгууллага алдагдалтай ажилладаг. Харин эрэн сурвалжлагыг зөв зохион байгуулж, сайн менежмент хийж, үнэ цэнээ өсгөх зорилгоор ашигладаг байгууллага ашигтай ажиллах магадлалтай байдаг. (Францын долоо хоног тутмын Canard enchaině болон Их Британийн The Economics Group гэх мэтийн өөр хоорондоо ялгаатай мэдээллийн байгууллагуудыг жишээ болгон дурьдаж болох юм.) Үүнээс гадна хэвлэл мэдээллийн ийм байгууллага тухайн нутаг, орчиндоо илүү нэр нөлөөтэй байж, олон нийтийн дэмжлэгийг илүү ихээр хүртдэг учир эдгээр байгууллагын мэдээлэлд нэвтрэх боломж өргөжиж, ингэснээр зах зээлд эзлэх байр суурь нь бэхждэг.

Өөрт тань:
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг сургаж, мэргэшүүлж өнгөрөөсөн арваад жилийн туршид “би өөртөө дайсан л нэмэх юм биш үү” гэсэн асуултыг олон удаа сонсож байлаа.Үнэн хэрэгтээ хэрэв та ажлаа зөв хийх юм бол дайсантай болохоосоо илүү олон найз, нөхөдтэй болох юм. Та мэргэжлийн болон түүнээс ч өргөн хүрээнд өөрийгөө танил болгоно. Таны ур чадварыг өндрөөр үнэлэх бөгөөд та сэтгүүлчээр ажилласан ажиллаагүй энэ салбарт үргэлж ойр байх болно. Эрэн сурвалжлах чадваргүй сэтгүүлчийн хувьд ийм биш байдаг л нэг энгийн сэтгүүлчийг өөр хүнээр солих амархан, ийм хүн ур чадварын хувьд ажлын талбартаа хол явдаггүй.

Хамгийн гол нь та хувь хүний хувьд гайхалтайгаар өөрчлөгдөнө. Үнэнийг таны гарт хэн нэгэн атгуулахыг хүлээлгүй өөрөө эрж олох чадвартайгаа мэддэг болох учир илүү хүчтэйгээ мэдрэх болно. Эргэлзээ тээнэгэлзлээ чагнан суухдаа айдсаа сөрж давах чадвартай болно. Та ертөнцийг өөр нүдээр харж, илүү гүн гүнзгийгээр ойлгодог болно. Сэтгүүлзүй олон хүнийг увайгүй бөгөөд залхуу болгох тохиолдол бий, зүгээр л яваандаа ийм болдог. Эрэн сурвалжлага хийснээр ийм хувь заяаг тойрч өнгөрч болно. Товчоор хэлбэл эрэн сурвалжлагаас хожих зүйл нь маш их бөгөөд хэрэв та өөрийнхөө болон сэтгүүл зүйн төлөө санаа тавьдаг л бол та өөртөө, үзэгчдэдээ болон хамтран зүтгэгчиддээ эрэн сурвалжлагын үнэ цэнийг санал болгох болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас