Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
Эрэн сурвалжлах сэтгүүлзүй уламжлалт сэтгүүлзүйгээс ялгаатай
Эрэн сурвалжлах сэдвээ сонгох нь
Энэ хөндөх ёстой сэдэв мөн үү?
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эрэн сурвалжлах сэдвээ сонгох нь:

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд суралцагчид “Эрэн сурвалжлах сэдвээ хэрхэн сонгох вэ?” гэж асуух нь олонтаа. Сэдэв олох тэдний хувьд хэцүү байх нь тийм ч ховор бус. Гэхдээ оюутнуудын маань нэгнийх нь хэлсэнчлэн, “материал бол хаа сайгүй л байдаг”. Асуудлыг олж харахад л хамгийн гол учир байна. Аз болоход эрэн сурвалжлагад даллан дуудах сэдвийг олж харах олон арга бий.

Нэг арга бол хэвлэл мэдээллийг ажиглах. Ер нь аль ч салбарыг ажиглаж, ердийн хэв маягийг нь ойлгосноор ямар нэг онцгой зүйл тохиолдох үед тэрхүү хэвийн биш зүйлийг шууд олж харах чадвартай болох нь муугүй санаа шүү. Хэрэв та ямар нэг асуудлын талаар бичиж дуусаад, “яагаад ийм зүйл болчихов?” хэмээн өөрөөсөө асуух юм бол, гүнзгийрүүлэн судлах зүйл байна гэсэн үг.

Өөр нэг арга бол таны орчинд гарч байгаа өөрчлөлтийг анзаарч, тэдгээр өөрчлөлт байх ёстой энгийн зүйл мэтээр хүлээж авахгүй байх явдал. Бельгийн алдартай сэтгүүлч Крис де Ступ ажилдаа явах замдаа үргэлж тааралддаг байсан биеэ үнэлэгчид гадаад хүмүүст зам тавьж өгдгийг анзаарч, яагаад ингэдгийг гайхан эргэцүүлсний эцэст эмэгтэйчүүдийн талаарх нэгэн өвөрмөц шинэлэг судалгаагаа эхэлсэн байдаг.

Гурав дахь арга бол хүмүүсийн гомдоллож буйг сонсох явдал. Яагаад юмс ийм байх ёстой гэж? Юу ч хийх арга байхгүй гэж үү? Зах дээр, Интернэт хэлэлцүүлэгт, эсвэл үдэшлэгийн үеэр, ер нь хаа сайгүй л сонин содон, гайхширмаар, анхаарал татмаар зүйл сонсогдож байдаг.

Эцэст нь, алдаа мадагтай буруу зүйлд бүх анхаарлаа битгийн хандуул. Зөв явагдаж буй зүйлсийн талаар, тухайлбал шинээр төрж буй авъяас, зорилготой хүрч чадсан хөгжлийн төсөл, баялаг болон ажлын байр бий болгож буй компанийн талаар сайн сурвалжлага хийх нь зарим үед тийм ч амаргүй байдаг. Нэвтрүүлэн хөгжүүлж болох сайн туршлага, амжилт бүтээлийг олж харах нь үзэгчдэд хүргэж болох үнэ цэнэтэй үйлчилгээ мөн.

Ялангуяа эхэлж байгаа хүмүүст сануулахад, жижиг эрэн сурвалжлага гэж байдаггүй. Алслагдсан тосгонд эрэн сурвалжлага хийхэд ямар ур чадвар хэрэгтэй байна, томоохон хотод судалгаа хийхэд яг л тийм чадвар шаардлагатай болно. Энэ бол онол биш, харин бидний туршлага. Өөрийнхөө одоо байгаа газарт гарч буй асуудлыг ашиглаж, ур чадвараа хөгжүүлж эхэл.

Юу хийж буйгаа ойлгохын тулд өндөр эрсдэл бүхий эрэн сурвалжлага хийх боломжийг бүү хүлээ.

Ямар ч тохиолдолд сэтгэл зүрхээ дага. Энэ зарчмын хувьд анхаарвал зохих хоёр зүйл бий.

Эхнийхийг нь бид “хугархай хөлний синдром” гэж нэрлэдэг. Учир нь бид өөрсдөө хөлөө хугалахаас нааш хичнээн хүн доголон явж буйг анзаардаггүй. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн зүйлд илүү мэдрэмжтэй болохоос нааш тухайн зүйлийг тойрсон асуудлыг анзаардаггүй. Тиймээс сэтгэл зүрхээ чагнаж, бусдын үл тоож буй сэдэвт мэдрэмжтэй хандахыг хичээ.

Хоёрдахийнх нь хувьд, хэрэв тухайн асуудал таны сэтгэлийг хөдөлгөхгүй, эсвэл уурыг тань хүргэж, ямар нэгэн өөрчлөлт хийх чин сэтгэлийн хүсэл тэмүүлэл төрүүлэхгүй бол тэрхүү сэдвийг өөр хүнд үлдээсэн нь дээр. Хэрэв та редактор, эсвэл эрхлэгч бол тухайн сурвалжлагч эрэн сурвалжилж буй асуудалдаа хэрхэн хандаж буйг нь анхааралтай ажиглаарай. Тэрээр зүгээр л даалгавар гүйцэтгэж буйгаас өөр онц гойд мэдрэмжгүй байвал даалгавраа буцаан авч өөр хүнд шилжүүлээрэй.

Яагаад? Эрэн сурвалжлага бол илүү их ажил гэдгийг санаж яв. Хэрэв та тухайн асуудалд чин сэтгэлээсээ хандахгүй бол та тэрхүү нэмэлт ажлыг гүйцэтгэхгүй. Мэдээж хэрэг та тухайн ажлыг гүйцэтгэхийн тулд шүүмжлэлт сэтгэлгээгээ ашиглана. Мэдээж та ямар ч тохиолдолд ажилдаа мэргэжлийн арга барилаар хандах болно. Гэхдээ тухайн асуудал таны сэтгэлийг хөдөлгөхгүй байвал ямар нэгэн байдлаар та алдах нь дамжиггүй.

Манай бэлтгэсэн видеонуудаас