Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
Эрэн сурвалжлах сэтгүүлзүй уламжлалт сэтгүүлзүйгээс ялгаатай
Эрэн сурвалжлах сэдвээ сонгох нь
Энэ хөндөх ёстой сэдэв мөн үү?
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Энэ хөндөх ёстой сэдэв мөн үү?

Эрэн сурвалжлагыг зохисгүй шалтгаанд үндэслэн эхэлсэн байх нь олонтаа тохиолддог. Хэдийгээр сэтгэл зүрхний мэдрэмж чухал боловч, зарим сурвалжлагч хувийн өс хонзонгийн улмаас судалгаа хийж эхэлдэг. Хэдийгээр гүнзгийрүүлсэн судалгаа хүнд хэцүү ажил байдаг ч, зарим сэдвийг сонгохдоо амар хялбарыг нь л харгалзан сонгосон байдаг. Түүнчлэн дэндүү олон сэтгүүлч тухайн асуудал үзэгчдэд чухал ач холбогдолтой эсэх, хэрэв тийм бол яагаад гэдгийг огт бодож үздэггүй.

Тиймээс тухайн сэдэвт нөр их хөдөлмөр зориулах эсэхээ шийдэхдээ дараах асуултуудыг өөртөө тавиарай:

Хэр олон хүн энэ асуудлын үр дагаврыг амсаж байна вэ? (Үүнийг бид "мангасын хэмжээ" гэж нэрлэдэг)

Тэдгээр хүмүүст нөлөөлж буй үр дагавар нь хэр хүчтэй байна вэ? (Энд чанарын болон тоон үзүүлэлтийн аль аль нь чухал. Нэг л хүнд нөлөөлсөн боловч, тэрхүү үр дагавар нь маш хүчтэй, тухайлбал тэр хүн нас барсан, эсвэл амьдрал нь сүйдсэн тохиолдолд энэ бол чухал асуудал гэдэг нь ойлгомжтой.)

Хэрэв үр дагавар нь эерэг бол шалтгааныг нь бусдад түгээн дэлгэрүүлж болох уу?
Эсвэл үр дагавар хүртэгсэд нь хохирогч уу?
Тэдний зовлонг багасгах боломж бий юу?
Хэрхэн багасгахыг харуулах боломж бий юу?
Шийтгүүлэх (эсвэл ядаж нийтэд таниулах) ёстой буруутан байна уу?
Ямар ч тохиолдолд үүнийг давтагдуулахгүйн үүднээс заавал мэдээлэх ёстой юу?

Хорвоо дэлхий зовлон шаналалаар дүүрэн боловч хүн ихэнхдээ буруу зүйл, алдаанаас болж ямар ч утгагүй зовлонд унадаг. Зовлон шаналал, утгагуй алдаа болон хүнлэг бус зүйлийг багасгахын төлөө хийж болох бүхэн үнэ цэнтэй байдаг. Эрэн сурвалжлага ийнхүү алдааг багасгах замаар зовлон шаналалыг нимгэлэхэд нэмэртэй байх нь гарцаагүй.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг албан тушаал ахиж нэр хүнд олох арга хэрэгсэл болгохын оронд дээрх үйлчилгээг юун түрүүнд зорилгоо болго. Эрэн сурвалжлага бол зэвсэг учир түүгээр хэн нэгнийг санаатайгаар болон анхаарал болгоомжгүйгээс шархдуулж болзошгүйг хэзээ ч бүү март. (Алдарт Уотергейтийн хэргээс болж Ричард Никсоноос гадна олон гэм зэмгүй хүний ажил, амьдрал сүйдсэн тухай Вуудвард болон Бернштайн нар өөрсдөө дурьдсан байдаг бөгөөд үүний сургамжаас суралцаж буй хүн хангалтгүй байна.) Та ажил мэргэжлээ гүйцэтгэх явцдаа зарим хүний амьдралд сайн сайхан, зарим нь хамгийн хар муу ул мөрийг үлдээх болно. Тиймээс чухам хэний амьдралд, яагаад, ямар ул мөр үлдээхээ бодож болгоомжтой ханд. Бусдыг тандаж эрэн сурвалжлахдаа өөрийнхөө хүсэл зорилгыг тунгаан бод. Тухайн асуудлыг илрүүлэн дэлгэх нь бусдад чухал байхаасаа илүү өөрт тань чухал байх тохиолдолд эл сурвалжлагыг хийгээд хэрэггүй л болов уу.

Бид мэргэжлийн ажлаа гүйцэтгэх явцад зуу зуун эрэн сурвалжлах бүтээл дээр ажиллаж байсан. Бүтээл болгон дээр хэзээ нэгэн цагт хэн нэгэн заавал ирж "Та яагаад энэ олон асуултыг асуугаад байгаа юм бэ? Энэ их мэдээллээр та яах гэж байгаа юм бэ? Та ингэх ямар эрхтэй юм бэ?" гэж асуудаг. "Олон түмэн үүнийг мэдэхийг хүсч байна" гэх хариулт бол яавч сайн хариулт биш. Тиймээс би илүү сайн хариулт олж хэлж чадахгүй л бол эрэн сурвалжлага маань мухардалд ордог байлаа. Ерөнхийдөө би "Энд болоод байгаа зүйлс танд болон бусдад маш чухал гэдгийг бид ойлгож байгаа. Үүнийг бид бусдад ярьж өгмөөр байна, гэхдээ бидний ярих зүйлс үнэн бодитой байгаасай гэж хүсэж байна. Үүний тулд та бидэнд туслах байх гэж найдаж байна.

Иймэрхүү тохиолдолд та юу ч гэж ярьж байсан түүндээ итгэх нь чухал. Ярьж буй зүйл тань хандаж буй тухайн хүнд мөн утга учиртай байх нь бүр ч чухал. Хүмүүс сэтгүүлчдийг үзэн яддаг бөгөөд үүний нэг шалтгаан нь тэд бидний хүсэл зорилгод үл итгэдэг. Тиймээс та ч гэсэн үүнийг өөрчлөхөд тус дэм болно хэмээн бид найдаж байна.

Манай бэлтгэсэн видеонуудаас