Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд
Таамаг аюултай байж болно
Таамаг дэвшүлэх нь
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь
Стратеги боловсруулж эхэл!
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн

Редакторууд гайхамшигтай сайхан сэдвийг үргэлж үгүйсгэдэг хэмээн сурвалжлагчид гомдоллодог. Мэдээж хэрэг тийм зүйл болдог. Гэхдээ ихэнх тохиолдолд редакторуудын зөвшөөрөөгүй тэдгээр сэдэв нь үнэндээ ч сэдэв гээд байхааргүй л зүйл байдаг. Харин ч төлөвлөгөө муутай, мөнгө, цагийг дэмий үрж, тодорхой бус үр дүнд хүрэх гамшгийг даллан дуудах оролдлого байдаг. Бид ч гэсэн залуу байхдаа тиймэрхүү бүтэлгүй “морьдыг” эрхлэгчдээ санал болгож байсан бөгөөд аз болоход ихэнх тохиолдолд биднийг мордоод давхихаас өмнө тэрээр морийг маань хураагаад авчихдаг байж билээ.

Жишээ нь эрхлэгчдээ "Би авлигын тухай эрэн сурвалжилмаар байна" гэж хэлэх нь тийм ч гайхамшигтай санал биш. Мэдээж авлига хаа сайгүй байгаа. Хэрэв та түүнийг хайхад хангалттай их цаг зарцуулах юм бол олж л таараа. Гэхдээ авлига өөрөө бол зүгээр л нэг сэдэв. Энэ бол түүх биш. Сэтгүүлчид юу хийдэг вэ гэвэл асуудал дэвшүүлж, түүх өгүүлдэг. Хэрэв та асуудал дэвшүүлэхийн оронд сэдэв хөөх юм бол та тухайн сэдвээрээ мэргэшиж магад, гэхдээ маш их мөнгө, цаг, энергийг замдаа үрэх болно. Тийм ч учраас тархи нь ажилладаг ямар ч эрхлэгч танд “үгүй” гэж хэлнэ.

Харин та үүний оронд "Сургуулийн орчин дахь авлига үр хүүхэд нь илүү сайхан амьдрах тухай эцэг эхчүүдийн итгэл найдварыг үгүй хийж байна" гэвэл тодорхой асуудлыг дэвшүүлж байна. Энэ чинь сонирхол татаж байна.

Та үүнийг мэдэж ч байж магад, мэдэхгүй ч байж болно, гэхдээ та бас тодорхой таамаглал дэвшүүлж байна. Яагаад гэвэл таны хэлэх гэсэн зүйл үнэн эсэхийг та хараахандаа нотлоогүй байгаа. Та ямар ч байсан сургуулийн орчинд авлига байгаа бөгөөд энэ нь дор хаяж эцэг эхчүүд болон хүүхдүүд гэсэн хоёр бүлэгт ноцтой нөлөөлж байна гэсэн санааг дэвшүүлж байна. Энэ үнэн эсэхийг нотлохын тулд та баримт олж авах ёстой.

ҮЙЛ ЯВЦЫГ ДООР ТОЙМЛОН ХАРУУЛАВ

Нэгдүгээрт, бид таамаглалаа дэвшүүлнэ. Үүний дараа таамагт орсон олон янзын утга санааг задалж салгана.

Дараа нь бид утга бүрийг илүү тодорхой томъёолж, ингэснээр ямар асуулт урган гарч буйг тогтооно.

Авлига гэж чухам яг юуг хэлж байгаа билээ?

Сургуулийн орчин дахь авлига үр хүүхэд нь илүү сайхан амьдрах тухай эцэг эхчүүдийн итгэл найдварыг үгүй хийж байна.Ямар сургууль? Хичнээн сургууль? Бүх сургуульд авлигын үйл явц адилхан байдаг уу? Авлигыг хориглодог ямар хууль, дүрэм байдаг вэ? Тэдгээр нь яагаад үйлчилдэггүй вэ? Энэ тогтолцоонд юугаараа өөр хүмүүс ажилладаг вэ, тэдний дунд эрх мэдэл, хөрөнгийг хэрхэн хуваарилсан байдаг вэ?

Эцэг эхчүүдээс хэн нь авлигатай тохиолдсон бэ? Тэдний итгэж найдаж явдаг зүйл нь юу вэ? Тэдгээр итгэл найдвар, мөрөөдлөө биелүүлэхэд нь боловсрол ямар үүрэгтэй хэмээн тэд боддог вэ?

Боловсрол хүүхдүүдийн амьдралыг үнэхээр дээрдүүлэх үү?
Яаж?
Хүүхдүүд энд юу болоод байгааг мэддэг үү? Хэрэв тийм бол энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ямар ч тохиолдолд таны таамаглал тодорхой асуултуудыг томъёолон тодорхойлж байгаа бөгөөд хэрэв та утга төгөлдөр санаа илэрхийлж буй эсэхээ тогтоохыг хүсэж байгаа тэдгээр асуултад хариулт олох ёстой. Үүний тулд бид таамагаа задалж, дэвшүүлж буй асуудлуудыг тус тусад нь шинжих үйл явцыг хэрэгжүүлнэ. Үүний дараа асуудал бүрийг нягтлан шалгана. Түүнчлэн бид асуудлаа дэвшүүлж, түүхээ өгүүлэхийн тулд ашиглаж буй үг үсэг болгоныхоо утга агуулгыг бодож, нээн илрүүлэх хэрэгтэй болох бөгөөд ингэхгүйгээр бид урагшаа нэг ч алхам хийж чадахгүй.

Та эдгээр асуултад ямар ч хамаагүй дэс дарааллаар хариулж болно. Гэхдээ хамгийн ухаалаг дараалал бол хамгийн хялбар хөнгөн асуултаас эхлэх явдал байдаг. Тэртээ тэргүй ямар ч судалгаа угаасаа тодорхой хугацааны дараа хүндэрч эхэлнэ. Учир нь судалгааны үр дүнд маш их мэдээлэл, баримт хуримтлагдаж, тэр бүгдийг эмх замбараанд оруулах шаардлага тулгардаг. Тухай бүрт та нэр хүндээрээ дэнчин тавьж буй энэ асуудлыг зөв гаргаж ирж чадаж байгаа эсэхдээ эргэлзэн санаа зовох болдог.

Өмнө дурьдсан таамгийн тухай жишээний хувьд бол судалгааг эхлэх хамгийн хялбар арга нь эцэг эх, хүүхдүүдтэй тэдний итгэл найдвар, эргэлзэл хүлээлтийн талаар ярилцах явдал байж болох юм.

Эхний ээлжинд ядаж дөрвөн эх сурвалж (дөрвөөс бага эх сурвалжид мэдээллээ суурилах нь эрсдэлтэй байхыг анхаар) танд сургуулийн орчинд авлига байдаг тухай батлан хэлсэн тохиолдолд та сургуулийн тогтолцоо, түүний дотоод үйл ажиллагаа, эрхэм зорилт, тэмүүлэл зэргийн талаар мэдээлэл цуглуулж эхлэх боломжтой болно.

Сургуулийн үйл ажиллагаа хэрхэн явагддагийн талаар хангалттай мэдээлэл цуглуулсан бол хаана авлига гарах магадлалтайг харуулах хар, саарал толбонууд таны нүдэнд тодрох болно. Тэдгээрийг та өмнө авсан мэдээлэлтэй харьцуулж, сургуулийн зүгээс тунхаглан зарлаж буй зүйлс бодит үнэнд хэр ойр байгааг тогтоож болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас