Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд
Таамаг аюултай байж болно
Таамаг дэвшүлэх нь
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь
Стратеги боловсруулж эхэл!
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд

Дээр дурьдсан жишээнээс харахад маш их хөдөлмөрлөх шаардлагтай мэт санагдаж байна уу? Мэдээж хэрэг хөдөлмөр зарцуулах шаардлагатай болоод л тэгж харагдаж байгаа. Гэхдээ сэтгүүлзүйн ихэнх мэдээг бэлтгэх ажилтай харьцуулахад шүү дээ. Ердийн тохиолдолд ганц хоёр эх сурвалжаас яриа авч, хэвлэлийн мэдээг бага зэрэг өөрчлөхөд л мэдээ босоод ирдэг. Харин та таамагт суурилсан эрэн сурвалжлагыг судалгааны бусад аргатай харьцуулахад түүний давуу талууд илэрхий байдаг:

1. Таамаг танд ямар нэгэн нууц далд зүйлийг эрж хайхын оронд нягтлан шалгах зүйлийг гарт тань атгуулдаг.
Хүмүүс нууцаа ямар нэг үндэслэлгүйгээр зүгээр л дэлгэчих нь юу л бол. Харин худал ярихаас хүн бүр эвгүйцдэг энгийн нэг шалтгаанаар өөрийн мэдэж буй зүйлийг баталгаажуулах нь хүмүүст хамаагүй илүү хялбар байдаг. Таамгийн тусламжтайгаар та хүмүүсээс шинэ мэдээлэл эрэлхийлэхийн оронд ямар нэгэн зүйлийг баталгаажуулж өгөхийг хүсэх боломжтой болно. Нөгөө талаар таамаг дэвшүүлэх нь таныг анх бодож байснаас өөр зүйлийг олж мэдэхэд нээлттэй байх байр сууринд аваачдаг. Учир нь нэгэнт зөвхөн таамаглаж байгаа учраас өөр ямар ч мэдээлэл гарч ирэхэд та хүлээн зөвшөөрөх сэтгэл санааны бэлэн байдалд байх болно.

2. Таамаг тань нууц мэдээллийг илрүүлэх таны боломжийг нэмэгдүүлнэ.
Бидний “нууц” хэмээн нэрлээд буй тэр зүйлийн ихэнх нь зүгээр л хэн ч асуудаггүй л болохоос биш нээлттэй мэдээлэл байдаг. Таамаг таныг сэтгэл зүйн хувьд тухайн асуудалд илүү мэдрэмжтэй болгож асуулт тавих боломжийг нээж өгдөг. Францын эрэн сурвалжлагч Эдвин Пленелийн хэлсэнчлэн, “Хэрэв та ямар нэг зүйлийг олохыг хүсч байгаа бол түүнийгээ та хайж эхлэх хэрэгтэй.” Харин бид юу гэж хэлэхийг хүсч байна вэ гэвэл, хэрэв та ямар нэг зүйлийг үнэнээсээ эрэн сурвалжилж буй бол та хайж байснаасаа ч илүүг олох болно.

3. Таамаг таны эрэн сурвалжлах бүтээлийн менежментийг илүү хялбарчилж өгнө.
Та юу хайж байгаа, хаанаас эхлэхээ тодорхой болгосон тохиолдолд эрэн сурвалжлагын эхний шатанд хэдий хэрийн хугацаа зарцуулах шаардлагатайгаа баримжаалах боломжтой болно. Энэ бол эрэн сурвалжлах төслийг амжилттай хэрэгжүүлэх анхны алхам. Үүний талаар бид бүлгийн төгсгөлд дахин хөндөх болно.

4. Таамаг бол ахин дахин ашиглаж болох хэрэгсэл мөн.
Та хийж буй зүйлдээ тодорхой арга барилтайгаар хандаж эхэлбэл энэ нь таны ажлын амжилтад гарцаагүй нөлөөлж эхлэх болно. Хамгийн чухал нь та өөрөө өөрчлөгдөж эхэлнэ. Та юу хийх ёстойгоо хэн нэгнээр хэлүүлэх шаардлагагүй болно. Энэ ертөнцийн зарим замбараагүй зүйл, зовлон шаналалыг багасгахын тулд юу хийх хэрэгтэй байгааг та өөрөө олж харж, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай болно. Таны сэтгүүлч болсны учир шалтгаан энэ биш гэж үү?

5. Таамаг таны бүтээлийг баримтын цуглуулга бус амьд түүх болж урган цэцэглэх хүртэл хөтөлнө.
Эрхлэгч нар тодорхой цаг хугацаа буюу тодорхой хөрөнгө оруулалтын дараа нийтэлж болохуйц бүтээгдэхүүн бэлэн болно хэмээн хүлээж байдаг. Таны эрэн сурвалжлах ажил ийм үр дүнд хүрэх магадлалыг таамаг хэд дахин нэмэгдүүлдэг. Таамаг таны ажлын үр дүнгийн дээд болон доод хязгаарыг тодорхой болгож, хамгийн муу үр дагаврыг урьдчилан харах боломжийг бий болгодог.

• Хамгийн муу тохиолдолд дэвшүүлж буй асуудал тань асуудал биш тул өгүүлээд байх түүх гарч ирэхгүй гэдэг нь таамгийг нягтлан шалгаж эхэлмэгц богино хугацаанд тодорхой болж, илүү их цаг хөдөлмөр зарцуулахгүйгээр энэ ажлыг дуусгах болно.

• Гарч болох хамгийн наад захын эерэг үр дүн бол анхны таамаг тань бодитой бөгөөд богино хугацаанд баталгаажуулан нотлох боломжтой байх явдал.

• Гарч болох эерэг үр дүнгийн дээд боломж бол таамаг тань бодитой байх тохиолдолд дараа дараагийн таамаг урган гарч, эрэн сурвалжилсан цуврал материал, эсвэл нэг томоохон өгүүлэл бичих боломж нээгдэх явдал.
Таамаг дэвшүүлэхийн давуу тал үүнээс ч олон байж болох бөгөөд үүнийг үргэлжлүүлэхээс өмнө зарим анхааруулгыг танд хүргэх нь зүйтэй болов уу.

Манай бэлтгэсэн видеонуудаас