Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд
Таамаг аюултай байж болно
Таамаг дэвшүлэх нь
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь
Стратеги боловсруулж эхэл!
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь

Таамгийг үргэлж шинээр томъёолох шаардлагагүй байдаг. Зарим үед сурвалжлагч албан ёсны байр суурь, эсвэл нууц эх сурвалжийн мэдээллийг нягтлан шалгах таамаг болгон ашиглаж болох бөгөөд энэ бол маш энгийн боловч гайхалтай үр дүн дагуулдаг арга юм.

Нэг чухал зарчмыг байнга санаж яв: Ихэнх эрэн сурвалжлага амлалт болон түүний бодит байдалд хэрэгжсэн эсэхийг олж тогтооход оршдог. Тиймээс олон тохиолдолд албан ёсны амлалтыг таамаг болгон ашиглаж, түүнийг нягтлан шалгах замаар бодит нөхцөл байдлыг илрүүлж болдог.

Жишээ:
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн түүхэн дэх гайхамшигтай бүтээлүүдийн нэг болох Францын “Халдвартай цусны хэрэг”-ийн илрүүлэлт ингэж эхэлжээ: Анне Мари Кастерет хэмээх сурвалжлагч бүсгүйд нэгэн эр ханджээ. Тэрээр гемофили хэмээх цусны өвчтэй байсан аж. Энэхүү өвчнийг тээгч хүмүүс генийн “алдаа”-ны улмаас цус нь бүлэгнэх чадваргүй болсон байдаг бөгөөд ийм өвчтөнүүд арьсаа өчүүхэн зэрэг гэмтээхэд л цус алдаж үхэх аюултай байдаг аж. Сурвалжлагчид хандсан эрийн яриагаар, ДОХ тархаж эхэлж байсан тухайн үед Францын Засгийн газар гемофили өвчтэй хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийнхэнд санаатайгаар ХДХВ-ээр халдварласан цусны бүтээгдэхүүн худалдаж байсан тухай ярьжээ. Кастерет холбогдох агентлагийн даргатай уулзахад тэрээр “Гемофили өвчтэй хүмүүс манай цусны бүтээгдэхүүнээр дамжин ХДХВ-ээр халдварласан нь үнэн. Гэхдээ

• “Тухайн үед манай бүтээгдэхүүнд ордог түүхий эд ХДХВ-ээс халдварласан байсныг хэн ч мэдээгүй”
• “Илүү найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хэрхэх тухай хэн ч мэддэггүй байсан”
• “Тухайн үед бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол вирусын халдвар аваагүй байсан өөр бусад хүнд тараахгүй л байх явдал байлаа.”

Энэ бол уялдаа холбоотой, ойлгомжтой албан ёсны хариулт байв. Харин Кастерет үүнийг зүгээр л нэг байж болох таамаг гэж үзээд, нягтлан шалгаж эхэлтэл дээр дурдсан зүйлсийн аль нь ч нотлогдохгүй болохыг олж мэджээ. Харин ч эсрэгээрээ:

• Судалгаа шинжилгээний тайлан баримтаас үзэхэд тухайн үед донорын цусанд ХДХВ байж болох талаар мэддэг байсан (тэр бүү хэл тухайн агентлагийн цусан бүтээгдэхүүнд халдвар байгаа тухай анхааруулж байсан аж.)
Найдвартай цусан бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэх талаар мэдлэгтэй эм зүйн болон Засгийн газрын байгууллагууд байсан боловч тэдний саналыг сонсоогүй.
• Халдвар бүхий цусан бүтээгдэхүүн борлуулж байсан агентлаг өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүст ДОХ-ын шинжилгээ хийж байгаагүй учир тэд өмнө нь эрүүл байсан эсэхийн мэддэггүй. Ямар ч тохиолдолд тэртээ тэргүй (гемофили) өвчтэй хүмүүсийг дахин өөр өвчнөөр халдварлуулах нь анагаахын салбарт байж боломгүй явдал юм.
• Өөрийнх нь бүх бүтээгдэхүүн ХДХВ-ийн халдвартайг мэдэж, үүнийг өөрчлөх ямар ч боломжгүйг ойлгосон тухайн агентлаг байгаа бүх бүтээгдэхүүнээ дуустал нь үргэлжлүүлэн борлуулахаар шийджээ.

Кастерет энэ бүхнийг олж мэдэхэд дөрвөн жилийг зарцуулжээ. Ингэх нь хэр чухал байв? Ямар ч байсан түүний бүтээлийн ачаар хэдэн цагаан өмсгөлтэй гэмт хэрэгтэн өргөст торны цаана орж, зарим хохирогч өөрийгөө орь ганцаар биш гэдгийг мэдэж авсан. Мөн энэ дуулианыг халхлах гэж оролдсон тухай үеийн төрийн эрх баригчид сонгуульд ялагдаж, хүн алах машин болж хувирсан эрүүл мэндийн тогтолцоог өөрчилж эхэлжээ. Та ийм ажилд шаардлагатай цаг хугацааг зарцуулахыг хүсэхгүй байвал сэтгүүлч хэвээрээ үлдэж болно л доо, гагцхүү та эрэн сурвалжлагч болоод хэрэггүй.

Хэн ч үүнд ийм их цагийг зарцуулаагүй байхад Кастерет яагаад ингэв гэж та гайхаж байж магад. Түүний дор хаяж нэг өрсөлдөгч нь гэмт хэрэгтнүүдийн талд ажиллаж байснаас гадна маш өндөр нэр хүнд бүхий тэдгээр хүмүүс ийм зүйл хийж чадна гэдэгт хэн ч итгэхгүй байсан явдал эрэн сурвалжлагын гол шалтгаан болсон аж. Нэг зүйлийг бид энэ номонд олон дахин давтах болно. Одоо үүнийг хэлэх чухал завшаан тохиолдож байна: Өөрсдийгөө хамгаалахыг эрмэлзэж буй сөрөг талынхнаас илүү өөрийнхөө олж мэдсэнд итгэж чаддаггүй сэтгүүлчид үнэ цэнэтэй эрэн сурвалжлагыг үгүйсгэдэг.

Манай бэлтгэсэн видеонуудаас