Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд
Таамаг аюултай байж болно
Таамаг дэвшүлэх нь
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь
Стратеги боловсруулж эхэл!
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл

Таамагт суурилсан эрэн сурвалжлагыг нэгэн томоохон жишээн дээр авч үзье. Дарга маань найзынхаа зөвлөснөөр нэгэн асуудлыг судалж үзэхийг бидэнд даалгаснаар энэ бүхэн эхэлсэн юм. Тэр найз нь юу гэсэн бэ гэхээр “Эмч нар дутуу төрсөн нярай хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй өсөж торниулахгүйн тулд устгаж байна” гэжээ. Энэ асуудлаар эрэн сурвалжилсан өгүүлэл босгож чадахгүй бол бид ажилгүй болох тухайг ч дарга маань ойлгууллаа.

1. Нэр томъёог ялган салгаж, нээлттэй эх сурвалж олох
Энэ асуудлын юу нь сонин байна вэ? Юун түрүүнд хүний амь амьдралыг аврах үүрэгтэй хэдэн эмч гэв гэнэт галзуу нярайн алуурчин болж хувирсанд та үнэхээр итгэж байна уу? Та ер нь “Би нярайн алуур хийх олон нийтийн үйлчилгээ эрхэлдэг” гэсэн бичиг бүхий хаяг зүүсэн эмчийг харсан уу? Бид ч хараагүй. Тийм хүн байдаг байлаа ч, тэднийг хаанаас яаж олох юм бэ? Та аль нэг эмнэлэг рүү утас цохиод “Танайд алуурчин байна уу?” гэж асуух уу? Бид ч бас тэгэхгүй. Гэхдээ энэ асуудлын зөв зүйтэй тал нь юу вэ гэвэл нягтлан шалгаж болох хэд хэдэн нэр томъёо байна:

Нягтлан шалгахад хамгийн хэцүү асуулт бол эмнэлэгт нярай хүүхдийг хэрхэн устгадаг/алдаг/ тухай. (Та эмнэлэг рүү утасдаад “Танайх сүүлийн үед нярай хүүхэд алсан уу? Яаж алсан бэ?” гэж асуухгүй нь мэдээж) Тиймээс бид үүнийг хойш нь тавилаа. Үүний оронд бид анагаах ухааны энгийн ойлголт өгөх ном хайж, тухайн асуудлаар ойлголт авахаас гадна дутуу төрсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар статистик тоо баримт хайж үзлээ. Эдгээр нь бүгд орон нутгийн номын санд (нээлттэй эх сурвалжийн хамгийн тод жишээ) чөлөөтэй байж байв.

2. Эхний шинжилгээ:
Таамаг хэр үндэслэлтэй вэ?
Дараагийн алхам бол олж авсан баримтаа ямар нэг байдлаар хооронд нь холбож, дэвшүүлсэн таамгийг хэр баталгаажуулахыг тандах явдал юм. Шинээр төрсөн нярай хүүхдийн жингийн талаарх үндэсний статистикийн мэдээлэл, дутуу төрөлтийг хэрхэн тодорхойлдог стандарт болон эрдэм шинжилгээний судалгааны тайлан баримтаас бид дараах чиг хандлагыг олж тогтоов:

Өөрөөр хэлбэл 1970 – 1984 оны хооронд дутуу төрсөн хүүхдийн тоо эрс буурч байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо дутуу төрөлттэй тодорхой хэмжээгээр холбоотой байсан учир энэ хугацаанд мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо ч буурсан аж. Тэгээд 1984 оноос хойш эдгээр тоо эрс өсөж эхэлсэн байна.

Энэ нь бидний дэвшүүлсэн таамгийг үгүйсгэж байна уу, баталгаажуулж байна уу? Аль нь ч биш: Дээрх тооноос нярай хүүхдийн алуурчид байгаа эсэх нь харагдахгүй байна. Магадгүй наяад оны дунд үеэс дутуу төрөлтийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо эрс нэмэгдсэн нь зарим солиотой төсөөлөлд ташуур өгсөн ч байж болно. Бидэнд одоохондоо мэдэх юм алга. Эсвэл тэдгээр алуурчид үнэхээр 1970 - 1984 он хүртэлх хугацаанд “ажилладаг” байсан бөгөөд 1984 оны үед баригдахаасаа болгоомжилж тийм хэрэг хийхээ больсон ч юм уу, бүү мэд. 1984 онд ямар нэг өөрчлөлт гарсан гэдэг нь бидний мэдэх цорын ганц зүйл юм.

3. Шинжилгээг үргэлжлүүлэх нь
Бид хөгжлийн бэрхшээлтэй болон дутуу төрсөн хүүхдийн тухай эрдэм шинжилгээний мэдээлэл нэмж цуглуулахаар номын сандаа буцаж очлоо. Нэг бүтээлд “Бэби Дэу” хэмээх зүйлийн тухай бичсэн байв. Бид тухайн бүтээлийг бичсэн хүнтэй холбоо барьж, “Бэби Дэу” гэж юу гэсэн үг болох тухай асуулаа.

Тэрээр “Энэ бол дутуу төрсөн нярай хүүхдүүдийн амь насыг аврахын тулд тэдний хөгжлийн бэрхшээл болон эцэг эхчүүдийн хүсэлтийг үл харгалзан хийж болох бүхнийг гүйцэтгэхийг эмч нарт үүрэг болгосон хууль буюу Нярайн хууль” хэмээн хариулав.

Энэхүү ганцхан баримт л бидний таамгийг шууд баллаж хаяхаар байв. Мэдээж хэрэг энэ хуулийг хэрэгжүүлдэг бол шүү дээ. Тиймээс бид эмч нар энэ хуулийг хэр зэрэг сахин биелүүлдэг тухай асуулаа. “Биелүүлэхээс өөр аргагүй. Эмнэлэг болгонд эмч нарын талаар санал гомдол хүлээн авах шууд утас ажилладаг. Хэрэв хэн нэгэн таныг үүргээ биелүүлэхгүй байна гэж үзвэл таныг шууд баривчилна” гэж тэр хэллээ. Тийм зүйл аль нэг эмнэлэг дээр болж байсан тухай та мэдэхүү гэж биднийг асуухад тэрээр “мэднэ” гэв. (Сүүлд нь бид шүүхийн шийдвэр биелүүлэлтийн талаарх холбогдох баримт мэдээллийг Холбооны агентлагаас олж авсан юм.)

Тэр хууль хэзээнээс хэрэгжиж эхэлсэн тухай бид асуув. Та зөв таалаа – 1984 онд.
Ингээд бидний анхны таамаг эрс суларч, оронд нь өөр таамаг тодорч эхэллээ: “1984 онд баталсан хууль эмч нарыг хөгжлийн ноцтой бэрхшээлтэй, дутуу төрсөн нярай байгалийн жамаар нас барахыг хүлээн зөвшөөрөх эрхгүй болгов. Үр дүнд нь хөгжлийн бэрхшээлтэй бүхэл бүтэн үе төрж байна.”

Бидний өгүүлэл хэр том болохыг урьдчилан харах хэрэгтэй байсан учир дараагийн өдрүүдэд нь бид шинээр төрсөн тэдгээр хүмүүсийн талаар баримт цуглуулав. Эхлээд бид хууль гарснаас хойш 1995 он хүртэлх хугацаанд буюу дутуу төрсөн боловч хуулийн “дэмжлэгтэйгээр” амьд үлдсэн хүний тоог тооцоолон гаргав. Үүний тулд бид зүгээр л 1983 онд буюу хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх жилд дутуу төрсөн хүүхдийн тоог хууль гарснаас хойшхи жилүүдэд төрсөн хүүхдийн тооноос хасахад л хангалттай байв. Үүний дараа дутуу төрсөн хүүхдүүдээс хэд нь хөгжлийн бэрхшээлтэй байдгийг эрдэм шинжилгээний судалгаанд үндэслэн тооцоолов.

Бид тооны мэргэжилтэн, эмч ч биш учир буруу тооцоолсон байж болно, тиймээс гаргаж авсан баримт маань үнэн байж болох эсэхийг мэргэжлийн хүмүүсээс магадлан асуув. Хамгийн гол нь бид өөрсдийнхөө тооцоонд итгэж чадахгүй байлаа. Наад зах нь хоёр зуун тавин мянга гаруй хараагүй, хөлгүй, мэдрэлийн согогтой хүүхэд хуулийн “ачаар” төрсөн байх магадлалтай байлаа.

Мэргэжлийн хүмүүс бидний тоог зөв хэмээн баталсан юм. Гэхдээ уг асуудалд хамааралтай өөр нэгэн зүйл илэрснээр бид таамгаа өөрчлөн томъёолох шаардлагатай болов. Ингэж бид асуудлынхаа үндсэн хэсэгт орсон юм.

4. Асуудлыг өөр өнцгөөс харж болохыг анхаарч, шинэ таамаг дэвшүүлэх
Гүнзгийрүүлсэн судалгааны явцад асуудлыг анх дэвшүүлэхдээ олж хараагүй байсан олон шинэ өнцөг гарч ирдэг. Эдгээр нь ихэнхдээ нягтлах хэрэгтэй шинэ таамаг дэвшүүлэхийг шаарддаг боловч таны анх сонгосон асуудалтай шууд хамааралгүй бол тэдгээрийг түр орхиж болох юм.

Гэхдээ зарим үед шинээр илрүүлсэн зүйл тань анх хайж байсан мэдээллээс хавьгүй чухал байдаг. Эсвэл таны анх дэвшүүлж байсан санааг цочирдмоор сонин байдлаар тодруулж өгдөг. Ийм тохиолдолд та шинээр гарч ирсэн санааг үл тоовол томоохон өгүүлэл бичих боломжийг алдаж болзошгүй.

Дээрх жишээний хувьд бол хөгжлийн ноцтой бэрхшээлтэй хоёр зуун тавь гаруй мянган хүүхдийг учир дутагдалтай хуулийн улмаас хүчээр амьд байлгасан тухай статистикийн жинтэй тоо баримт бидэнд байна. Гэхдээ үүнээс “Тэдгээр хүүхдүүдэд юу тохиолдсон бэ?” хэмээх дараагийн асуулт урган гарч байгаа юм.

АНУ тухайн үед нийгмийн халамжийн тухай хуулиа өөрчилж, халамжийн үйлчилгээг иргэдэд хүртэхэд илүү хэцүү болгосныг бид олж мэдэв. Нийгмийн халамж хүртдэг хүн амын хэсэг бол ихэнхдээ ядуу, цагаан бус арьстан байдаг бөгөөд тэдгээрийн нэлээд хэсэг нь дутуу төрөлтийн улмаас зовж шаналж байдаг. Тиймээс бид дараагийн таамгаа “Нийгмийн халамжийн шинэчлэлийн улмаас дутуу төрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн хамгаалалд хамруулах нь илүү хүндрэлтэй болно” хэмээн томъёоллоо. Ингээд бид маш богино хугацаанд нээлттэй эх сурвалжаас таамгаа нягтлан шалгав.

Өөр маш олон баримт орж ирэх байсан ч бидний бичих өгүүлэл ерөнхийдөө тодорхой болсон байлаа. Бид дарга дээрээ орж, “Таны санал болгосон асуудлыг бид нотолж чадахгүй нь ээ. Та биднийг ажлаас халвал халахаас биш. Харин бид дараах зүйлсийг баталж чадахаар байна:

• 1984 онд баталсан хууль эмч нарыг хөгжлийн ноцтой бэрхшээлтэй, дутуу төрсөн нярай байгалийн жамаар нас барахыг хүлээн зөвшөөрөх эрхгүй болгов.
• Үүний үр дүнд хоёр зуун тавь гаруй мянган тахир дутуу хүүхэд төрсөн бөгөөд тэдний хүртэх нийгмийн халамжийг бас багасгасан байна.
• Нэг хуулиар тахир дутуу хүүхдүүдийг хүчээр амьд байлгаж, өөр нэг хуулиар тэднийг гудамжинд гаргаж хаяж байна.
• Та эдгээр хуулийг өөрчлөхөд тус болохыг хүсч байна уу, даргаа?"

Үүнийг санаж яв: Хэрэв ийм тохиолдолд танай дарга "үгүй" гэж хэлэх юм бол Та даргаа сольсон нь хавьгүй дээр. Бид даргынхаа анх санал болгосон таамгийг үгүйсгэж унтраасан билээ. Зөвхөн муу сэтгүүлч л даргынхаа санаанд нийцэх гэж дэвшүүлсэн таамагт нь баримтыг тохируулан өөрчилдөг. Сайн сэтгүүлч бол олдсон баримт нь таалагдсан, эс таалагдсанаас үл хамаарч таамгаа баримтын дагуу өөрчилж чаддаг.

Үгүй ээ, тэр биднийг халаагүй. Бид өгүүллээ нийтлүүлж, түүнийхээ төлөө хоёр ч шагнал хүртсэн. (Үүнийг болон бидний бусад бүтээлийг Та энэхүү гарын авлагын төгсгөлд хавсаргасан бүтээлийн жагсаалтаас олж авч болно). Нөгөө хуулиуд харин хүчин төгөлдөр хэвээрээ л байгаа. Үүнд бид маш их харамсдаг. Гэхдээ бид энэ түүхийг бусдад ярьж өгөөгүй бол бүр ч ихээр харамсах байсан.

Манай бэлтгэсэн видеонуудаас