Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
Удиртгал: Нээлттэй хаалга
Ямар төрлийн эх сурвалж "нээлттэй" байдаг вэ?
Судалгаа хийх нээлттэй эх сурвалжийн стратеги
Нээлттэй эх сурвалж бол эрх мэдлийн эх сурвалж
Нээлттэй эх сурвалж олох
Эх сурвалжаа ашиглахын тулд мэргэжилтний туслалцаа ав
Шалмаг, гэхдээ хөнгөн эхэл
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Ямар төрлийн эх сурвалж "нээлттэй" байдаг вэ?

Орчин үед нээлттэй эх сурвалжийн тоо хязгааргүй болж байна.

Жишээлбэл:
Олон түмний мэдээллийн хэрэгсэлд хэвлэгдсэн зүйлс. Эдгээрийг ихэнхдээ олон нийтийн номын сан, архив, эсвэл тухайн мэдээллийн байгууллагаас авч үзэж болдог:

• Мэдээ (сонин, сэтгүүл, телевиз, радио, Интернэт)
• Мэргэжлийн төрөлжсөн хэвлэл (холбоод, улс төрийн намууд, үйлдвэрчний эвлэл гэх мэт)
• Эрдэм шинжилгээний хэвлэл
• Нийгмийн идэвхтэй хэсгийн мэдээллийн хэрэгсэл (Интернэт хэрэглэгчдийн хэлэлцүүлэг, санхүү эдийн засгийн дүн шинжилгээ, холбоо хөдөлгөөний тогтмол хэвлэл гэх мэт)

Жишээ:
- Мэдээллийн хэрэгсэлд гарсан эмгэнэлээр та хайж байгаа хүнийхээ гэр бүлийг олж болно.
- Эсэргүүцэх хөдөлгөөнүүд хууль эрх зүйн баримт, эсвэл шүүх хэргийг ажиглаж байдаг.
- Улс төрийн намууд улс төрийн хамаарал бүхий бүтээлээр зогсохгүй эмхэтгэл, нийтлэл, намын гишүүдийн бүтээл зэргийг өгөх боломжтой байдаг.
- Мэдээний хайчилбар судалж, эх сурвалжтай ярилцахдаа яриа өдөх, нүүр хагарах асуулт бэлдэж болно. Жишээлбэл эх сурвалжийг тухайн сэдвээр гарсан мэдээ бодитой эсэхийг асууж, яриаг цааш нь үргэлжлүүлж болох юм.

Боловсролын байгууллагын номын сангууд
Тухайлбал хувийн болон улсын их, дээд сургууль, анагаах, санхүү бизнесийн сургууль гэх мэт. Эдгээр нь ихэвчлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байхаас гадна энгийн номын сантай харьцуулбал илүү нарийн мэдээллийн бааз, мэргэшсэн боловсон хүчинтэй байдаг. Ийм номын санд нэвтрэх эрхийг хэрхэн олж авахыг тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран зохицуулна.

Жишээ:
Хэрэглэгчдийн эсэргүүцлийг тухайн компани "амжилтгүй" болсон тухай зарласан боловч бодит байдалд зах зээлд асар их хохирол учруулсан тухай эрэн сурвалжлагын үндсэн мэдээллийг INSEAD бизнес эдийн засгийн сургуулийн номын санд байсан санхүүгийн дүн шинжилгээний тайлан мэдээллээс авчээ.

Засгийн газрын агентлагууд
Ерөнхийдөө бусад ямар ч эх сурвалжийг бодвол хамгийн их мэдээлэл үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь авторитар гэж бидний нэрлэдэг, мэдээллийн эрх чөлөөгүй улс оронд хүртэл хамаарна. Ихэнх тохиолдолд Та бодож байснаасаа хамаагүй их мэдээллийг тэднээс авах боломжтой байдаг.

Жишээ:
- Үйл явдлын тайлан. Агентлаг болгонд мөрдвөл зохих дотоод дүрэм журам байдаг. Агентлагууд ажилтнаа ямар тохиолдолд "алдаа гаргасан" хэмээн үзэж, тухайн алдааг тайланд бүртгэх ёстойн талаар тухайн байгууллагын журам, ажилтны гарын авлагад дурайж байдаг. Тийм тайланг олж авахыг хичээ.

- Хяналт шалгалтын тайлан: Зоогийн газраас эхлээд зам гүүр хүртэл бүх асуудлыг хариуцдаг маш олон байгууллага үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянаж байдаг. Тийм тайлан болон тэдгээрийг гүйцэтгэгчийн талаар олж мэд. Хэрэв аль нэг байгууллагын талаар ийм тайлан байхгүй бол энэ өөрөө асуудал болно – яагаад энэ байгууллагын үйл ажиллагааг хэн ч хянахгүй байна вэ? Хэрэв тайлан байгаа бөгөөд тэрхүү тайланд гамшиг, муу зүйл тохиолдохыг урьдчилан анхааруулж байсан бол яагаад хэн ч үүний ул мөрөөр ажил хийгээгүй вэ?

- Санал гомдол: Олон нийт үргэлж гомдоллодог боловч зарим үед тэдгээр нь ор үндэстэй байдаг. Олон нийтийн санал гомдлыг хэн хүлээн авч байна вэ? Санал гомдлын мөрөөр ямар нэг зүйл хийж байна уу? Юу хийж байна вэ?

Засгийн газрын номын сан
Улсын болон орон нутгийн Засгийн газрын түвшинд, мөн хууль тогтоох байгууллагууд ихэвчлэн өөрийн номын сан, архивтай байдаг. Яамд ч ялгаагүй. Эдгээрт заавал байх ёстой хоёр үндсэн баримт бол чуулганы тэмдэглэл болон бусад хурлын албан ёсны протокол, бүртгэл. Гэхдээ үүнээс ч илүү олон материалыг эдгээр номын сангаас олж авах боломжтой.

Жишээ:
- Сири улсын нэгэн сэтгүүлч Тагнуулын газрын өгөөгүй мэдээллийг Үндэсний номын сангаас олж авчээ.
- Франц улс дахь архи дарсны сурталчилгааны талаарх эрэн сурвалжилсан бүтээл Парламентын номын сангаас санал хураалтын талаарх мэдээлэл авах алхмаар эхэлжээ. Үүний дараа Засгийн газрын үйл ажиллагааг тайлагнадаг эмхэтгэлээс сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тайланг шинжиж үзсэн байна. Тухайн сэтгүүлч хуульд архины сурталчилгааны талаар нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан парламентын гишүүд сонгуулийн кампанит ажлын үеэр архины үйлдвэрүүдээс хандив авсан тухай таамаг дэвшүүлсэн бөгөөд тэр нь үнэн болох нь нотлогджээ.

Шүүх
Шүүхэд наад зах нь шүүхийн шийдвэрийн бүртгэл байдаг. АНУ зэрэг зарим улсад шүүх хурлын үеэр нотолгоо болгож ашигласан бүх баримтын бүртгэлийг нээлттэй хадгалдаг. Ямар ч тохиолдолд судалж буй байгууллага, этгээдтэй тань холбоотой шүүхийн ямар ч хамаагүй баримтыг олж авахыг хичээ.

Шүүх хурлын явцад өгсөн мэдүүлгийг ерөнхийдөө нийтэд нээлттэйгээр хэвлэдэггүй. Тиймээс хэрэв та шүүх хуралд оролцвол мэдүүлгийг маш нямбай тэмдэглэж авах нь зүйтэй.

Жишээ:
Идэ Табелийн Стандарт Ойл Трастын талаарх эрэн сурвалжилсан сонгодог бүтээл үндсэндээ тухайн компанитай холбоотой шүүх хурлын тэмдэглэлийн үндсэн дээр бий болсон байдаг.

Худалдаа аж үйлдвэрийн танхим болон ижил төстэй байгууллага
Орон нутгийн ихэнх Худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн нутагт үйл ажиллагаа явуулж буй бизнес, үйлдвэрлэлийн компани, хөдөлмөр эрхлэлт гэх мэтийн тухай асар их мэдээллийг хэвлэн нийтэлсэн байдаг.

Жишээ:
Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан нэгэн гарын авлагад эмнэлгийн төрөх тасгийн талаарх бодлогыг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан иргэний хөдөлгөөний тухай хэвлэгдсэн байжээ. Шүүх хурлын улмаас тухайн эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий Засгийн газрын тайлан хэвлэгдсэн нь эмнэлэгт хэвтсэн нярайн нас баралтын талаарх эрэн сурвалжлагын үндэс суурь болсон байна.

Кадастрын газар
Ийм байгууллага өмчийн эзэмшлийн талаар мэдээлэл цуглуулдгаас гадна өмч хөрөнгөтэй холбоотой онцгой содон зээлийн талаарх мэдээллийг эндээс олж авч болдог.

Жишээ:
Францад улс төрчдийн эзэмшдэг өмч хөрөнгийн бүртгэлийг ашиглаж тэдний хөрөнгийн
хэмжээ нийтэд зарласан орлогын хэмжээнээс хол давсан байгааг харуулсан бүтээл гарсныг дурьдаж болно.

Төрийн өмчит компанийн тайлан, хэвлэлийн мэдээ
Эдгээрээс гаргасан жилийн тайлан, мэдээллээс тухайн компанийн талаар маш олон зүйлийг мэдэж авч болдог. Хэвлэлийн мэдээллүүд ч ялгаагүй, компанитай холбоотой тухайн үеийн үйл явдлыг стратегийн ямар бодлогын үүднээс зохион байгуулсан тухай хангалттай мэдээлэл өгч чаддаг. Хэрэв тухайн компани гадаадад үйл ажиллагаа явуулдаг бол гадаад мэдээлэл нь ихэнхдээ илүү сайн байдаг бөгөөд дотоодын мэдээлэл авахаас илүү хялбар байх тал бий.

Жишээ:
Францын нэгэн санхүүгийн байгууллагаас гаргасан АНУ-ын Аюулгүйн Байдлын Солилцооны Комисстой хамтран ажилласан тухай жилийн тайлан, хамтын ажиллагааг зохицуулах баримт бичгийг ашиглан нэлээд маргаантай нөхцөл байдалд хэдэн тэрбум долларын бондны наймаа хийснийг илрүүлжээ.

Бизнесийн байгууллагын бүртгэл
Улс болгонд компанийн талаарх бүртгэл хөтөлдөг байгууллага байдаг. Компанийн эзэн чухам ямар мэдээллийг нийтэд ил тод байлгах ёстой нь орон бүрт ялгаатай байдаг хэдий ч ийм бүртгэлийг ашиглаж үзээгүй сэтгүүлч санаснаасаа хавьгүй илүү их мэдээлэл олж авах боломжтойг сануулъя. Жишээлбэл Францад тухайн компанийн ажиллагсдын тоо, орлого, өр зээл, ашиг, алдагдал, захирлуудын нэрс гэх мэтийн мэдээлэл нийтэд ил тод байх ёстой байдаг.

Жишээ:
Ийм мэдээллийг ашигласны үндсэн дээр энэ номыг бичигчдийн нэг нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн веб сайт үнэн чанартаа томоохон компаниудад эдийн засгийн тагнуулын үйлчилгээ хийдэг байгууллагын сайт байсныг олж мэдсэн юм.

Олон улсын байгууллагууд
Ийм байгууллага (жишээ нь Европын холбоо, НҮБ гэх мэт) олон улсын тусламжийн талаар, эсвэл тодорхой улс орны нөхцөл байдлын талаар мэдээллийг бэлтгэж түгээдэг.

Жишээ:
Иворийн нэгэн сонин Европын холбооны аудитын мэдээлэлд үндэслэн тухайн улсын Засгийн газар хэдэн арван сая долларын тусламжийг зориулалтын бусаар ашигласныг олж мэджээ.

Иймэрхүү хязгааргүй олон жишээг бид дурьдаж болно. Мэргэжлийн сэтгүүлч хүн нээлттэй эх сурвалжийн жагсаалттай болж, түүнийгээ байнга шинэчилдэг байх хэрэгтэй бөгөөд ийм жагсаалт нь маш чухал ач холбогдолтой.

Манай бэлтгэсэн видеонуудаас