Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
Удиртгал: Нээлттэй хаалга
Ямар төрлийн эх сурвалж "нээлттэй" байдаг вэ?
Судалгаа хийх нээлттэй эх сурвалжийн стратеги
Нээлттэй эх сурвалж бол эрх мэдлийн эх сурвалж
Нээлттэй эх сурвалж олох
Эх сурвалжаа ашиглахын тулд мэргэжилтний туслалцаа ав
Шалмаг, гэхдээ хөнгөн эхэл
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Нээлттэй эх сурвалж олох

1. Сэдвээ тоймлох
Таны эхний үүрэг бол судалж буй асуудлынхаа талаар ерөнхий дүр зурагтай болох. Энэ үйл явцыг “тоймлох” хэмээн нэрлэдэг бөгөөд анхаарлын төвд байгаа тодорхой асуудлын цаана болон эргэн тойронд юу байгааг тодорхойлохыг хэлж буй юм. Үүний тулд:
• Гол оролцогчдыг тодорхойлох (хувь хүн болон байгууллага)
• Оролцогчдод хамааралтай гол асуудлуудыг олж мэдэх
• Өнгөрсөн болон одоо цагийн чухал өдөр, үйл явдлыг ойлгож авах хэрэгтэй.

Та өөрт байгаа ямар ч хамаагүй баримтаар ажлаа эхэлнэ. Хэрэв та ямар нэгэн байгууллага юм уу хүний нэрээр эхэлж байгаа бол тухайн нэртэй холбоотой материал хай. Тэгээд нэмэлт материал олж авахын тулд олдсон нэр томъёотой холбогдох мэдээллийг судалж үз.

Жишээ:
Америкийн нэгэн музей Францын үндэсний музейд зарим уран зургаа “зээлсэн” эсэхийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. Сонин хэвлэлд гарснаас үзвэл тэдгээр музей үзэсгэлэнгээ “давхардуулсан” гэх. Жилийн тайлангаас нь харахаар олон улсын хэмжээнд уран зураг солилцох буюу зээлэх явдлыг зогсоосон гэх.

Хэрэв та гацаанд орвол саад болж буй зүйлээ тэмдэглэж аваад, түүнтэй хамааралтай өөр мэдээлэл хайж үз. Тодорхой мэдээллийг тодорхой эх сурвалжаас авах гэж хамаг байдгаа зориулахаас зайлсхийхийг ахин дахин оролд. Яагаад гэвэл ингэснээр та бүх эрх мэдлээ эх сурвалжийн гарт атгуулна.

Үүний оронд оролцогч, гол тоглогч, байгууллага, үйл явдал зэрэг таны судалж буй асуудлаас нэг алхмын зайнд байгаа бусад зүйлсийн талаар мэдээлэл хай. Ийм мэдээлэл танд ерөнхий дүр зургийг харуулж, шинэ эх сурвалжийг зааж өгдөг.

Ихэнх тохиолдолд таны тэр баригдашгүй онцгой эх сурвалж өөрөөс нь бусад бүх хүн тантай ярьж мэдээлэл өгч буйг олж мэдээд, өөрөө тантай холбоо барих болно.

Энэ ажлын үр дүнд богино хугацаанд маш их мэдээлэл цугларах нь тодорхой. Тиймээс тэдгээр мэдээллийг анхнаас нь зөв зохион байгуулах тухай тавдугаар бүлгээс уншаарай. Тэр их мэдээлэл танд хэрэг болно шүү.

2. Ерөнхий эх сурвалжид түшиглэн мэргэжлийн эх сурвалжийг чиглэ
Дээр дурдсан ерөнхий мэдээлэл авах эх сурвалжаас гадна чөлөөтэй нэвтрэх боломжтой мэргэжлийн эх сурвалж танд бас хэрэгтэй болно. Жишээлбэл шинжлэх ухааны нээлтийн талаар сонинд гарсан мэдээлэл бол ерөнхий эх сурвалж. Тухайн нээлттэй холбоотой, илүү нарийн мэдээлэл бүхий эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтэлсэн салбарын сэтгүүл бол мэргэжлийн эх сурвалж.

Эрэн сурвалжлах явцад тэдгээр нарийн мэдээллийг олж авснаар Та эх сурвалжтай илүү гүнзгий ярилцах боломжтой болно. Хэн нэгний ажлыг хуулбарлах гээгүй, харин асуудлыг ойлгох гэж хөдөлмөрлөж байгааг тань тэд үнэлнэ.

Мэргэжлийн эх сурвалж олж авах хамгийн сайн арга бол мэргэжлийн хүмүүсээс ямар эх сурвалж ашигладгийг нь асуух явдал.
• Төрийн албан тушаалтнууд танд тайлан мэдээлэл хэнд, хаана, ямар хэлбэрээр байгааг хэлж өгч чадна.
• Сонгуулийн үр дүнд тодорхой албан тушаал хашиж буй хүмүүс хууль тогтоох үйл явц болон тэдгээрийн тодорхой үе шатанд ямар баримт бичиг бий болдог тухай мэдээлэл өгнө.
• Өмчийн мэргэжилтнүүд өмчийн бүртгэлийг хэн хаана хийдгийг хэлж өгнө.
• Мэргэжлийн хөрөнгө оруулагчид компанийн тухай мэдээллийг хаанаас олж хэрхэн ашиглах талаар зааж өгнө гэх мэтчилэн. Та эдгээр хүмүүстэй уулзаж ярилцахдаа гайхан биширч буй баримт мэдээллийнхээ эх сурвалжийг асуухаа бүр мартаарай. Сэтгүүлч, цагдаа, аудит зэрэг бусад эрэн сурвалжлагчидтай уулзахдаа ч үүнийг асуух хэрэгтэй. Зүгээр л баримт цуглуулах бус, тэдгээр баримтыг олж авах аргыг цуглуул.

Жишээ:
Нэг цагдаа хүн амины хэргийн гэрчийг олохдоо эхлээд зөвхөн нэрийг нь, мөн тухайн үед жирэмсэн байсныг нь л мэдэж байжээ. Тэрээр төрөгсдийн бүртгэлийг хотын захиргаанаас олж авч, тухайн хугацаанд төрсөн тодорхой нэр бүхий эмэгтэйчүүдийг шүүж үзсэний үр дүнд хэрэгтэй гэрчээ олсон аж.

3. Эх сурвалжтай холбоотой байж, хаяг байршлыг нь хадгалж бай
Олж авсан эх сурвалжаа мартахгүйн тулд ойр ойрхон ашиглаж бай. Жишээ нь Францад компанийн тухай мэдээлэл авч болох societe.com гэдэг нээлттэй мэдээллийн сан байдаг. Түүнийг ашиглаж, хамтран ажилладаг, холбоотой байдаг компаниудын талаарх мэдээллийг ойр ойрхон шалгаж бай.

4. Салбарын баримт цуглуул
Хаа явсан газраасаа нарийн мэдээлэл цуглуулж явах зуршилтай болох хэрэгтэй. Тухайн үйл явдалтай хамгийн ойр холбогдолтой мэдээллийг үйл явдлын газраас л олно. Тиймээс ямар нэг үйл явдлын газар очих бүртээ нүдэнд өртсөн бүх баримт мэдээллийг цуглуул.

Жишээ:
Та ямар нэг албан байгууллагад очиход тэнд үзүүлэн болгож дэлгэсэн материал байх юм бол аваад судалж үз. Тэгээд хулгайч гэж бодогдуулахгүйн тулд авч болох эсэхийг асуу. Бид Үндэсний Фронтын тухай материал бэлтгэж байхдаа долоо хоног бүр тэдний төв байранд мэдээллийн буланд байрлуулсан сэтгүүлүүдийг авахаар очдог байлаа. Ихэнх нь дууссан, эсвэл хувь хүн, тодорхой бус хөдөлгөөний материалууд байдаг байв. Эсвэл заримыг нь зөвхөн тухайн намын жинхэнэ гишүүдэд зориулж тараадаг байсан боловч гуйхаар өгдөг байв. Эдгээр нь өөр хаана ч олдохгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэзээ ч гардаггүй орон нутгийн болон бүс нутгийн хөдөлгөөнүүдийн талаар үнэтэй мэдээлэл байсан юм.

Манай бэлтгэсэн видеонуудаас