Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
Удиртгал: Нээлттэй хаалга
Ямар төрлийн эх сурвалж "нээлттэй" байдаг вэ?
Судалгаа хийх нээлттэй эх сурвалжийн стратеги
Нээлттэй эх сурвалж бол эрх мэдлийн эх сурвалж
Нээлттэй эх сурвалж олох
Эх сурвалжаа ашиглахын тулд мэргэжилтний туслалцаа ав
Шалмаг, гэхдээ хөнгөн эхэл
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эх сурвалжаа ашиглахын тулд мэргэжилтний туслалцаа ав

1. Архивын ажилтнууд бол бурхад
Эх сурвалжид чөлөөтэй нэвтрэх боломжтой байх нь тэдгээрийн үр дүнтэй ашиглаж болно гэсэн үг биш юм. Энэ нь ялангуяа төрөлжсөн тусгай номын сан болон архивт хамааралтай. Шийдэл: тухайн архивыг хэн хариуцдагийг нь олж, түүнээс тусламж хүс. Ер нь бол аль нэг архивт орох болгондоо тухайн архивын ажилтны нэрийг мэдэж авах нь сайн арга шүү. Бидний мэдэхээр архивын ажилтны үнэ цэнийг хүмүүс дутуу үнэлдэг бөгөөд тэдний мэдлэг туршлагыг үнэлж хүндэтгэж буйгаа харуулбал та хангалттай сайн хариу хүртэх болно.

Жишээ:
Францын халдвартай цусан бүтээгдэхүүний тухай эрэн сурвалжлах төсөл дээр ажиллаж байхад хийх шаардлагатай эхний алхам нь цус солих болон ДОХ-той холбоотой, тухайн асуудал дэгдэхээс өмнө гарсан эрдэм шинжилгээний бүх материалыг олж үзэх явдал байлаа. Парисын томоохон эмнэлгийн номын сангийн менежер байгууллагынхаа мэдээллийн сангаас холбогдох нийтлэлийн бүтэн жагсаалтыг гаргаж өгсөн бөгөөд тэдгээрийг хэвлэсэн бараг бүх сэтгүүл тэр номын сангийн архивт байж байв. Энэхүү даалгаврыг бид хагас өдрийн дотор гүйцэтгэсэн юм.

Парисын уран зургийн зээлийн тухайд, бид Соёлын яамтай холбоо барьж, урлагийн салбарт төрөөс олгодог дэмжлэгийн тухай мэдээлэл хаанаас авч болохыг асуухад хэн нэгэн албан тушаалтантай холбож өгөв. Утсаа авсан хүн компьютер дээр юм бичиж байгаа нь тод сонсогдсон тул юу бичиж байгааг нь асуулаа.Тэрээр яамны мэдээллийн баазаас лавлагаа авч байна гэв. Тэр мэдээллийн бааз нь олон нийтэд нээлттэй байдаг уу гэхэд тийм гэсэн хариу сонсов. Тэрхүү мэдээллийн баазад нийтийн номын сангаас нэвтэрч болохыг мөн бидэнд хэлж өгсөн бөгөөд тэндээс бид Яамнаас тэтгэлэг дэмжлэг авсан бүх хүний нэрсийн жагсаалтыг олж авсан юм.

2. Юу олж авснаа ойлгож ав
Баримт мэдээлэл олно гэдэг бол түүнийг ойлгож авна гэсэн үг биш. Албаны, эсвэл хувийн хэвшлийн салбарын үг хэллэгийг шууд ойлгох нь тийм ч амар байдаггүй бөгөөд зарим үед “орчуулагч” шаардлагатай болдог.

Энэ нь жилийн тайлан, хурлын тэмдэглэл зэрэг олон янзын нээлттэй эх сурвалжид шууд хамаарна. Хэрэв та ийм баримттай тулгарах юм бол түүний үг хэллэг, агуулгыг хөрвүүлэн тайлбарлаж өгөх хүн олох нь таны дараагийн ажил болно. Ийм хүн хайхдаа тухайн салбарт ажилладаг, асуудлыг сонирхох боловч ашиг сонирхолын зөрчилгүй нэгнийг сонгоорой.

Жишээ:
Үндэсний Фронт сөрөг хүчнээ зайлуулахын тулд хотын захиргааны санхүүг хэрхэн ашиглаж байсныг нь ойлгох үүднээс Фронтын талын захирагчтай нэгэн хотын санхүүгийн нээлттэй тайланг олж авсан юм. Тэгээд тэрхүү тайлангийн мөр бүрийг өмнө ижил төстэй өөр хотын захиргаанд санхүүгийн хэрэг хариуцан ажиллаж байсан хүнтэй хамтран судалж үзсэн юм.

Тантай ярилцсанаа бусдад тараах тийм хүнээс зөвлөлгөө авахгүй байхыг хичээ. Ялангуяа таны эрэн сурвалжилж буй салбарын ажилладаг хүмүүсийг таньдаг, тэдэнтэй хамтран ажилладаг хүмүүстэй асуудлыг хэлэлцэхээс болгоомжил. Ярилцлага авах гээгүй л бол шүү дээ. Ийм хүмүүс таны хийж байгаа зүйлийг өөртөө ашигтайгаар хэрэглэх болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас