Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
Эх сурвалжаа зураглах
Эх сурвалжид ярих шалтаг өг
Эх сурвалжтай холбоо тогтоох: Бэлтгэх, урих
Харилцаа холбоог эхлэх: Зорилго ба үүрэг
Ярилцлагын арга барил
Ил үү, далд уу, эсвэл нууц уу?
Сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох бус түүнийг ашигла
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эх сурвалжтай холбоо тогтоох: Бэлтгэх, урих

1. Уулзалтад бэлтгэх
Эх сурвалжтай харилцах хамгийн найдвартай арга бол (тухайн эх сурвалж танд бодитоор аюул учруулахуйц биш л бол) нүүр тулж уулзах явдал юм. Тиймээс эх сурвалжтай хамгийн анх холбоо барих үед өмнөө тавих зорилго бол энэхүү уулзалтыг бүтээх. Анх удаа утсаар ярихаасаа өмнө та нээлттэй эх сурвалж ашиглан тухайн хүний талаар болон ярих гэж буй сэдвийнхээ талаар тодорхой судалгаа хийсэн байх шаардлагатай.

Тухайн хүний талаар:
Зайлшгүй хийх ёстой наад заахын зүйл бол түүний нэрээр “google”-ийн хайлт хийх. Эх сурвалжийн нэр орсон бүхий л мэдээ, мэдээллийг уншиж үз. Хэрэв маш олон холбоос гарч ирвэл заримыг нь сонгоод унш. Гол нь та эх сурвалж, түүний ажил байдлын талаар үнэхээр сонирхож буйгаа л харуулах явдал. Эх сурвалжтай уулзаад түүний ажил албатай холбоотой, мэдээллийн хэрэгслээр цацагдсан зүйлийг давтаж хэзээ ч бүү асуу. Та үүнийг аль хэдийнэ олоод мэдчихсэн байх ёстой.
Хэрэв эх сурвалж тань ямар нэгэн зүйл бичиж олон нийтийн юм уу салбарын хэвлэлд нийтлүүлж байсан бол түүнийг нь олж унш. Хамгийн нууцлаг, бүрэг ичимхий эсвэл хаалттай хүн ч бичсэн зүйлдээ хувь хүний шинж, үнэт зүйлээ тусгадаг. Эдгээр материал нь танд тодорхой таамагтайгаар ярилцлагад очиж, түүнийгээ баталгаажуулах боломж олгоно.

Жишээлбэл, Францын нэгэн алдартай улс төрчийн хэлсэн үг, нийтэлсэн илтгэлүүдээс нь бид тухайн эх сурвалж худлаа ярихыг үзэн яддаг бөгөөд эмзэг сэдвээр ярих шаардлага гарвал асуудлаас зайлсхийж бөөрөнхийлөх авъяастай юм гэж таамаглав. Тэгээд түүний өгсөн ярилцлагад ажиглалт хийж, яг ямар тохиолдолд ярианы сэдвийг өөрчилж шууд хариулахаас зайлсхийж байгааг нь олж тогтоогоод, тэрхүү хариулахын хүсэхгүй байгаа асуудлыг нь судалж үзлээ. Сүүлд түүнтэй уулзаад бид өөрсдийнхөө ажигалсан зүйлийг хэлэхэд тэрээр ямар ч байсан худлаа ярьж хариултаас зайлсхийгээгүй юм.

Ярих сэдвийн талаар:
Та тухайн сэдэвтэй холбоотойгоор сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээ, мэдэгдэл, үйл явдлын талаар мэдэж байх ёстой. Та заавал мэргэжилтэн байх албагүй. Уулзах гэж буй эх сурвалжийнхаа мэддэг, хэрэглэдэг үндсэн нэр томъёог заавал ойлгохгүй ч, тийм зүйл байдаг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Ойлгохгүй байгаа зүйлээ харин дараа нь эх сурвалжаасаа асууж болно.

2. Холбоо тогтоох
Анх холбоо тогтоохдоо уулзах хүсэлтийг утсаар, эсвэл бичгээр дамжуулж болно, гэхдээ аль ч тохиолдолд тухайн хүн гэртээ байх үед холбоо барихыг хичээгээрэй. Түүнийг ажил дээрээ байхад холбогдох нь ямар ч бэрхшээл, сөрөг үр дагавар дагуулахгүй гэдэгт зуун хувь итгэлтэй биш л бол албан байгууллага дээр нь холбоо бүү тогтоо. Дарга нь сонсож байж болно, тэгээд түүнийг хэнтэй ярьсныг хялбархан мэдээд авна (энэ талаар сүүлд дэлгэрэнгүй хөндөх болно). Имэйлийн хувьд ч ялгаагүй, агуулга нь гэмгүй байсан ч хамаагүй. Хамтран ажилладаг хүмүүс нь эх сурвалжийг сэтгүүлчтэй холбогдсоныг мэдэж авахад тийм ч хэцүү биш байх болно.

Бид энд онол яриад байна гэж бүү бодоорой. Бидний мэдэх нэг эрэн сурвалжлах баг нэр заасан төрийн өндөр албан тушаалтан авилга авдаг, дарангуйлагч бөгөөд сэтгэл мэдрэлийн согоготой гэх мэдээллээр судалгаа хийж байсан юм. Тэгээд тэд нарийн бичгийн даргад нь захидал бичиж, туслалцаа хүссэн боловч цаадах нь татгалзсан аж. Гэтэл дарга нь эрэн сурвалжлах багийн юу хийж байгааг мэдэж аваад хөөрхий эмэгтэйг яасан гэж та бодож байна?

Эх сурвалжтай холбоо тогтоохоосоо өмнө өөрийгөө хэрхэн танилцуулах тухай бод. Ямар ч байсан та эх сурвалждаа хэн болох, юу хийж байгаа тухайгаа хэлж, хийж буй зүйл тань амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдрүүлэх нь чухал. Та “Би заавал амжилтад хүрнэ” гэж хэлэх албагүй ч, өөрөө амжилтдаа итгэж байж, ярьж буй хүндээ итгүүлэх болно.
Доорх сайн болон муу жишээг эрэгцүүлж бодоорой:

Буруу: “Танд нэг их хэцүү биш бол би нэг зүйл гуйх гэсэн юм …”

Юу нь буруу вэ: Та асуух гэсэн биш, асууж байна. Мөн та эх сурвалжид өөртэй тань ярих хэцүү байх учир үүнээс зовж байгаа ойлголт төрүүлэх хэрэггүй.

Зөв: “Сайн байна уу. Намайг ........ гэдэг. Би ... сонин/телевизийн ..... сэтгүүлч байгаа юм. Бид .... асуудлын талаар юм бичих гэж байгаа, энэ нь их чухал сэдэв учир би энэ талаар бүрэн дүүрэн бөгөөд нямбай бичмээр байна. Энэ талаар тантай хэзээ уулзаж ярилцаж болох вэ?”

Юу нь зөв байна вэ: Та өөрийгөө болон зорилгоо бүрэн танилцуулж, эх сурвалждаа тантай ярилцах хангалттай шалтаг өгч байна. Уулзаж болох уу гэж асуулгуй, хэзээ уулзах вэ гэж асууж байна. “Ярилцлага” гэдэг үг ашиглаагүй учир эх сурвалж өөрийнхөө нэрийг сонинд гарах гарчиг, түүнтэй холбоотой бөөн асуудалтай холбож ойлгохоос зайлсхийж байна.

Хэрэв та тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаггүй бол өмнө ямар байгууллагад ажиллаж байснаа хэлж болно. Хэрэв ямар ч байгууллагад тогтмол ажиллаж байгаагүй бол ямар мэдээллийн хэрэгсэлд өгүүллээ өгөх гэж буйгаа хэл.

Анхаар:
Та хаана ажилладаг нь чухал биш, харин яаж ажилладаг тань чухал.

Буруу: “Та тусалж чадах цорын ганц хүн шүү, туслаач, гуйж байна!”
Юу нь буруу вэ: Хэрэв өөр хэн ч танд туслахыг хүсэхгүй, та өөрөө ч өөртөө тусалж чадахгүй байгаа юм бол бид яагаад туслах ёстой гэж?

Зөв: “Таныг энэ тал дээр жинхэнэ мэргэжилтэн гэж ойлгож байгаа тул санаа бодлоо хуваалцвал маш их талархах болно.”
Юу нь зөв бэ: Та эх сурвалждаа тал засаж байна. Гэхдээ энэ нь худлаа биш бол яагаад болохгүй гэж. Нөгөө талаар танд бас ижил түвшний өөр эх сурвалж ч олдоно гэдгийг давхар ойлгуулж байна.

Үндсэн зарчим:
Үргэлж өөрийгөө маш чухал ажил хийж байгаа гайхамшигтай хүн учир тантай учрах хэн бүхэн онцгой завшаантай нэгэн гэж бодож бай. Хэрэв энэ танд хэцүү байвал өөрийгөө дутуу үнэлдэг хүнд илүү тохирох өөр ажил хайсан нь дээр.

3. Хаана уулзах вэ
Хэрэв эх сурвалж тань олдохгүй, эсвэл уулзахыг хүсэхгүй, эсвэл тодорхой бус шалтгаанаар уулзалтаа хойшлуулаад байвал хаашаа ч яваад өгөх боломжгүй тийм газар өөрийгөө танилцуулах боломж хайж үз. Эх сурвалж тань шүүх хуралтай бол хурлын танхимд нь оч. Хэрэв багш бол хичээл дээр нь оч. Францын нэгэн чухал албан тушаалтан бидэнтэй уулзахаас татгалзаж хэдэн сар болж билээ. Тэгээд бид түүний долоо хоног бүр сонгогчидтойгоо уулздаг байсан албан байранд нь очоод дараалалд зогссон юм. Бидний ээлж болоход бид ороод “Бид нар дарааллын хамгийн сүүлийн хүмүүс. Таны уулзалтын хуваарь дуусахад 20 минут дутуу байгаа юм чинь одоо ярилцъя” гэлээ. Тэр инээгээд зөвшөөрсөн юм.

Хэрэв эх сурвалж тань уулзахыг зөвшөөрвөл гэрт нь юм уу өөрт нь тав тухтай байх газар уулз. Судалж буй сэдэв тань эх сурвалжийн ажилтай холбоотой бөгөөд ажлын газар нь ярилцлагын тухай мэдэж байгаа бол албан тасалгаанд нь уулзах хамгийн тохиромжтой байдаг. Тухайн хүний ажлын өрөө эзнийхээ талаар маш их мэдээлэл өгдөг. Юу уншдаг, юу сонирхдог, яриаг нь таслахад хэрхэн ханддаг гэх мэт. (Сонни Брак-ийн Уолл Стреет-д нийтлэгдсэн “Дээрэмчний бөмбөг” өгүүллийн гол баатар ямар ч шалтгаангүйгээр нарийн бичгийн дарга руугаа хашгирах хором түүний мөн чанарыг нээж өгдөг.)

Манай бэлтгэсэн видеонуудаас