Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
Эх сурвалжаа зураглах
Эх сурвалжид ярих шалтаг өг
Эх сурвалжтай холбоо тогтоох: Бэлтгэх, урих
Харилцаа холбоог эхлэх: Зорилго ба үүрэг
Ярилцлагын арга барил
Ил үү, далд уу, эсвэл нууц уу?
Сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох бус түүнийг ашигла
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Харилцаа холбоог эхлэх: Зорилго ба үүрэг

Хэвлэл мэдээллийн ертөнцөд сэтгүүлч, эх сурвалж хоёрын харилцаа харуусах, эгдүүцэх сэтгэгдэл үлдээдэг нэг шөнийн явдал мэт байх нь олонтаа. Ялангуяа гамшгийн үеэр бөөн сэтгүүлч ирж нүдэнд үзэгдэх бүхэн рүү дайрч тэмтчээд, нутгийн хоолны чанар, хүмүүсийн харилцааг муулсаар арилж өгөх үед ийм сэтгэгдэл үлддэг. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хувьд бол нууц амрагийн харилцааг бус илүү найдвартай, тогтвортой харилцаа холбоо үүсгэх нь чухал байдаг. Эх сурвалждаа сээтэн хаяж, амраг янагийн харилцаа үүсгэх нь сайн зүйл авчирдаггүй. Харилцаа холбоог хэрхэн яаж үүсгэх нь судалгаа тань цаашид яаж үргэлжлэхийг тодорхойлж өгдөг маш чухал үе гэдгийг санаж яв.

1. Эх сурвалжийг хамгаалах
Эрэн сурвалжлах үед таны хийж чадах хамгийн чухал зүйл бол тантай холбоо тогтоосныхоо төлөө аюулд орж болзошгүй эх сурвалжийг хамгаалах явдал. Ялангуяа эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн тохиолдолд энэ нь онцгой чухал ач холбогдолтой. Нэрийг нь нууцлахыг амлана гэдэг бол эх сурвалжийн ул мөрийг арилгахын төлөө бүхнийг хийнэ гэсэн үг. Энэ нь таны тэмдэглэлийг цагдаа, шүүх хянах нөхцөлд ч хамааралтай. Эх сурвалжийг хамгаалах дараах аргыг бид зөвлөж байна:

А / Эх сурвалжийг ажил дээрээ байхад нь битгий утсаар ярь. Утасны дуудлагыг мөрдөх амархан байдаг. Бүр найдвартай байя гэвэл эх сурвалж та хоёр хоёулаа урьдчилсан төлбөрт утас ашиглах нь дээр.
Б / Имэйлээр харилцахаас зайлсхийх. Энэ бол ил захидал илгээсэнтэй л адилхан. Имэйл хаяг нээхэд хэрэглэгчийг түлхүүр үгээр нууцалдаг боловч энэ нь анхаарал татах магадлалтай.
В / Эх сурвалж та хоёрыг хэн нэгэн таних боломжгүй найдвартай газар уулз.
Г / Хувийн тэмдэглэл хөтлөхдөө эх сурвалж бүрт нууц нэр өг (эх сурвалж А, эх сурвалж Б гэх мэт). Эх сурвалжийн жинхэнэ нэрийг хэлэлцүүлэг, тэмдэглэлдээ хэзээ ч битгий ашигла.
Д / Эх сурвалжтай холбоотой мэдээллийг хүн таамаглаж олохооргүй газар цоожилж хадгал.

2. Зорилгоо тодорхойлох
Эх сурвалжтай анх уулзахаасаа өмнө юу хүсэж зорьж байгаагаа өөртөө тодорхой болго.
Наад зах нь дараах зүйлсийг төлөвлө:
Олж авахыг хүсэж буй зүйлсээ тодорхойлох
Энэ нь тодорхой баримт бичиг, эсвэл итгэлцэл, тайлбар мэдээлэл, дүн шинжилгээ, холбоо барьж болох өөр эх сурвалжийн нэрс зэрэг байж болно.

• Нэг удаагийн уулзалтаар олж авах зүйлсээ тодорхой хэмжээнд хязгаарлаж болно. Бидний анд нөхөр, Францын нууц албаны асуудлаар мэргэшсэн Филип Мэделин нэг удаагийн уулзалтаар нэг л мэдээллийг тодруулах, эсвэл баталгаажуулах зорилгыг өөртөө тавьдаг гэсэн юм.
• Эсвэл боломжийнхоо хэрээр хамгийн олон зүйлийг мэдэж авах шаардлага ч гарч болно. Ийм тохиолдолд эх сурвалж таныг яагаад ингэж буйг мэдэж байх ёстой.
• Ерөнхийдөө ямар ч тохиолдолд уулзалтын төгсгөлд тухайн асуудлаар өөр хэнтэй уулзаж болох тухай асууж, нэр, холбоо барих хаяг, утас олж авах зуршилтай бол. Үүний тулд бид ихэвчлэн “Саяны ярьсан асуудлаарх хэний санаа бодлыг та үнэлж хүндэтгэдэг вэ? Түүнтэй хэрхэн холбоо барихыг хэлж өгч тус болно уу?” хэмээн хүсдэг.
Эх сурвалжид хэр ихийг ярих вэ
Эх сурвалж танаас яагаад энэ тухай бичих гэж байгаа, ингэх нь ямар ашигтай юм бэ хэмээн асуух болно. Та ямар ч хариу өглөө гэсэн газар дээр нь шударгаар хариулах л чухал. Бид Английн дипломат харилцааны гурван дүрмийг мөрдөхийг санал болгож байна:
• Хэзээ ч худал битгий ярь
• Зайлшгүй шаардлагатай биш л бол буруу мэдээлэл бүү өг. Худал хэлснийг тань мэдвэл наад зах нь таныг хөөж гаргана, цаашлаад зодох, буудах, тамлах зэрэг ямар ч үр дагавар дагуулж болзошгүйг санаж яваарай. (Бразилийн нэгэн эрэн сурвалжлах сэтгүүлч мансууруулах бодис наймаалагчтай уулзахдаа нууц камер авч явснаа нуусны төлөө чухам ийм төлөөс төлсөн аж).
• Бүх үнэнээ битгий ярь. Жишээлбэл хэт барууны хөдөлгөөнийнхөнтэй ярилцахдаа
“Танай хөдөлгөөний талаар хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйл бүрэн биш юм шиг санагдаж байгаа учир бид үнэн зөв мэдээллийг танаас авах гэсэн юм” гэж хэлж болно. Мэдээж та “Бодит байдалд бол танайх бүр дор байх” гэж хэлэхгүй.
• Хэрэв та асуултад хариулж чадахгүй бол үнэнээ хэлж, хэзээ хариулах боломжтойгоо бас тайлбарла.

Эх сурвалжийн тухай Та юу мэдэхийг хүсч байна вэ?
Тэр ер нь ямархуу хүн бэ?
Тэр ямар сэдэлд хариу үйлдэл хийх бол?
Бидэнтэй ярилцахдаа тэд ямар санаа, хүсэл зорилго агуулж байгаа бол?
Тэр зүгээр л ямар нэг зүйлийг бидэнтэй хуваалцахыг хүсч байна уу, эсвэл өөрийнхөө зорилгод биднийг ашиглах гэж байна уу?
Английн тагнуулын алба дараах гурван талт диаграмыг ашигладаг бөгөөд энэ нь Шведийн SVT телевизийн сүлжээний зарчимтай ч нийцдэг аж.
Энэхүү диаграмыг ашиглахдаа дараах зүйлсийг анхаарна уу:

ХАМТРАН АЖИЛЛАХ
Өс хонзон?
Шударга зарчимч байдал?
Хувийн амбиц?
Хүлээн зөвшөөрөгдөх хүсэл? Эрх мэдэл?

МЭДЭЭЛЭЛ ХҮРТЭХ БОЛОМЖ
Эх сурвалжид мэдээлэлтэй байх боломж, эрх мэдэл, албан тушаал бий юу?
Тухайн мэдээллийг өөр хэн хүртэх эрхтэй?
Тогтоосон эх сурвалжийн оролцоогүйгээр мэдээллийг ашиглах боломж бий юу?

Хүсэл зорилгын хувьд:
Яг ямар хүсэл зорилготой байгаа нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь юу хүсч байгаа нь тодорхой, ойлгомжтой, итгэл үнэмшилтэй байх явдал.

Мэдээллийн чанарын хувьд:
Өдөр тутмын сэтгүүлзүйд мэдээллийн чанар эх сурвалжийн түвшнээс хамаарах бөгөөд хамгийн дээд түвшний буюу дээгүүр албан тушаал эзлэх эх сурвалжаас авсан мэдээлэл хамгийн чанартай байна гэж үздэг.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд эсрэгээрээ, дээгүүр түвшний эх сурвалж хувийн болон байгууллагын зорилгод илүү анхаарч, мэдээллийн үнэн бодит байдлыг үл тоодог, тиймээс аливаа байгууллагад харьцангуй доогуур байр суурь эзлэх хүмүүс байгууллагын болон хувийн амбиц багатай байх магадлалтай учир тэднээс илүү чанартай мэдээлэл ирнэ гэж үздэг.

Мэдээлэл хүртэх боломжийн хувьд:
Ихэнх тохиолдолд дунд албан тушаалтан, тухайлбал төлөвлөх болон хэрэгжүүлэх түвшинд ажилладаг хүмүүсээс мэдээлэл авах хамгийн тохиромжтой байдаг. Эдгээр хүн чухал баримтанд нэвтрэх боломжтой хэдий ч бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг өөрчлөх эрх мэдэлгүй байна.

Нөгөө талаар тэдний байр суурь маш эмзэг байдаг тул танд мэдээллийг нууцаар дамжуулсан хүнд “Үүнийг өөр хэн мэдэх вэ?” хэмээн асуух нь зүйтэй. Хэлсэн зүйлийг нь ишлэснээр эх сурвалжаа илрүүлэхээс сэргийлэхийн тулд үүнийг мэдэх шаардлагатай байгаагаа тайлбарла. Уулзалтын үеэр бусдын мэдэх ёсгүй мэдээллийг тэмдэглэж авбал дэргэд нь “ишлэлд зориулаагүй” гэсэн тэмдэглэл тавьж, үүнийгээ эх сурвалждаа тайлбарла. Нэг үгээр хэлбэл эх сурвалжаа хамгаалахыг хичээж буйгаа харуул.

ЧАНАРТАЙ МЭДЭЭЛЭЛ
Эх сурвалж ярьж буй зүйлээ өөрөө мэдэрч, хийж, үзсэн үү, эсвэл дам сонссон уу?
Эх сурвалжид мэдээллээ баталгаажуулах баримт, эсвэл өөр эх сурвалж бий юу?
Өгсөн мэдээлэл нь олж авсан бусад баримттай нийцэж байна уу?
Эх сурвалжид нууц зүйл бий юу?
Эх сурвалжид бусад байгууллага, хүмүүстэй Таны мэдэх ёстой ямар нэгэн харилцаа холбоо бий юу?
Эх сурвалж өмнө нь үнэн зөв мэдээлэл өгч байсан уу?

3. Дүрээ сонгох
Ярилцлагын үеэр та үндсэндээ дараах хоёр дүрийн аль нэгд тоглох боломжтой.

Мэргэжилтэн
Мэргэжлийн эх сурвалжтай ижил түвшинд ярилцаж, түүний ярьсан зүйлийг бүрэн ойлгож үнэлэхээс гадна ихэнх хариултыг өөрөө мэддэг. Ярилцлагыг энгийн хүмүүс ойлгоход хэцүү өндөр түвшинд явуулна. Зарим эх сурвалж ийм ярианы дараа “Асуудлаа үнэхээр мэддэг хүнтэй ярилцах сайхан юм, өөрийнхөө зарим санааг туршиж үзэх боломж гарлаа” гэхийг бид сонсож байлаа.

Харин нэгэнт мэргэжилтний дүрд орсон бол ярилцлагын явцад тийм ч мундаг мэргэжилтэн биш гэдгээ харуулахаас өөр аргагүй байдалд бүү ороорой. Та ямар ч нэр хүндгүй болно.

Гэмгүй нэгэн
Ийм хүн маш бага зүйл мэддэг бөгөөд тодорхой хэмжээгээр боловсрохыг хүсч байгаа учир эх сурвалжтай маш нямбай ярилцана. Гэхдээ гэмгүй дүрд тоглогч зарим үед өөрийгөө бага зэрэг доогуур үнэлүүлэхийг эрхэмлэх боловч тэнэг хүн биш гэдгээ мэдрүүлнэ. Хэрэв та “Колумб” хэмээх киног үзсэн бол ийм хүнийг амархан төсөөлнө. Энэ дүр бол маш хүчтэй дүр, учир нь ийм дүрд тоглогч гэнэн, энгийн асуулт ч асуух чадвартай, мөн цогц хүнд сэдвийг ч хөндөх боломжтой. Гэмгүй ярилцагч бүх зүйлийн талаар мэдэж авах шаардлагатай байдаг тул хэр их мэдэж байгаа, яг юу хүсч байгаагаа эх сурвалжид аль болох мэдэгдэхгүй байхыг хичээнэ.

Зарим үед эрэн сурвалжлагчид яриагаа эхлэхдээ
Гэмгүйн дүрээр эхэлж, явцын дунд Мэргэжилтэн болж хувирдаг. Ингэхдээ та эх сурвалжийг хавханд оруулж барьж авах зорилготой биш л бол хуурч байсан мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг анхаар.
Ярилцлагын үеэр та дээрх хоёр дүрийн аль нэгийг, эсвэл хоёуланг нь сонгож болно. Гол нь та тухайн үед тоглох дүрдээ итгэл үнэмшилтэй байх л чухал.

Эх сурвалжтай харьцах харьцаа тань явцын дунд хөгжин дээшилж болно.
Гэмгүй асуултуудаар эхэлсэн сэтгүүлч судалгааны явцад илүү нарийн, мэргэжлийн асуулт тавьдаг болж байгааг олон эх сурвалж таашаан ажигладаг. Учир нь энэ бол сэтгүүлч эх сурвалжийг сонсож, түүнээс суралцаж байгаагийн шинж. Ерөнхийдөө сэтгүүлч, эх сурвалж хоёрын харилцаа энэ л чиглэлд хөгжих учиртай.

Манай бэлтгэсэн видеонуудаас