Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
Эх сурвалжаа зураглах
Эх сурвалжид ярих шалтаг өг
Эх сурвалжтай холбоо тогтоох: Бэлтгэх, урих
Харилцаа холбоог эхлэх: Зорилго ба үүрэг
Ярилцлагын арга барил
Ил үү, далд уу, эсвэл нууц уу?
Сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох бус түүнийг ашигла
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Ярилцлагын арга барил

Сурвалжлагч бүр ярилцлага хийх өөрийн гэсэн арга барилын цуглуулгатай байдаг бол ганцхан л арга мэддэг, түүнийгээ хэзээ ч өөрчилдөггүй сэтгүүлч ч олон бий.

Эрэн сурвалжлагчийн хувьд асуулт тавих ажил хийдэг өөр хүмүүстэй аль болох хамт байж, тэднээс суралц. Тэд сэтгүүлч төдийгүй цагдаа, өмгөөлөгч, хуульч, худалдааны менежер, аудитор гэх мэт янз бүрийн мэргэжлийн хүн байж болно.

Тэднээс тодорхой нөхцөлд хэрхдэг талаар, эсвэл хүнтэй сөргөлдсөн түүхээс нь асууж болно. Ярилцлага хийх хамгийн сайн арга барил нь тухайн хувь хүний шинж чанарыг дэлгэж өгдөг тул өөрийн гэсэн арга барилын цуглуулгатай болохдоо үүнийг бодолцох нь зүйтэй. Бид өөрсдийнхөө зарим аргыг доор танилцуулж байна.

1. Мэдээ бэлэглэ
Эрэн сурвалжлах сэтгүүлчийн судалж буй зарим асуудлаар өмнө нь сонин хэвлэлээр хангалттай олон мэдээлэл гарсан байдаг. Тэдгээр мэдээлэл ихэнхдээ алдаа мадаг ихтэй бүрэн бус байх нь олонтаа. Эх сурвалжтай харилцаа холбоо тогтоож, яриагаа эхлэхдээ тухайн сэдвээр гарсан мэдээ нийтлэлийг авч очихыг хичээ. Эх сурвалждаа тэдгээрийг үзүүлж, аль нь үнэн бодитой болох талаар ярилц. Мэргэжил нэгт болхи нөхдүүдээс тань илүү мэдээллийн үнэн бодит байдал чухал байгаа тухай заавал тайлбарлах албагүй.

2. Нөхцөл байдлыг хяналтанд ав
Нэгэн нэвтрүүлгийн хөтлөгч Мик Жэггертай ярилцлага хийх гэж буйгаа нэвтрүүлгийн өмнөхөн мэдэж, маш их сандарсан учир зочиндоо хүйтэн ундаа санал болгохоо ч мартчихсан аж. Дараа нь түүнтэй ярилцлага хийх бидний ээлж болж, бид түүнд цай өглөө. Гол нь зочломтгой болох гэсэндээ биш, тэрээр бидний мэдэлд байгааг тодорхой болгох гэсний үүднээс ингэсэн юм.

Ярилцлагын явцад эрх мэдлийн төлөөх тэмцэл аяндаа л эхэлдэг. Яриа авахдаа эхлээд өөрт тааламжтай байрыг эзэлж, тав тухтай байршлаа ол. Ажлын хэрэгслээ өөртөө ойр байлга. Зочин тань таны дуу хураагуур, эсвэл тэмдэглэлийн дэвтрийг оролдоод эхэлвэл “наадах чинь миний ажлын хэрэгсэл, хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр гар хүрэхэд би дургуй” гэж хэл. “Би энэ ярилцлагыг бичиж авч болох уу” гэж битгий асуу. Үүний оронд “Ярилцлагаа нямбай хийхийн тулд би бичиж авч байгаа юм” гэж тайлбарла. Дуу хураагуураа асаагаад, ярилцлагын он, сар, өдөр, яриа авч буй газар болон ярилцагчийн нэрийг хэлж бичиж ав. Ярилцагч тань ямар нэг байдлаар эсэргүүцэх магадлалтай бол ярилцлагыг гэрчлэх өөр хэн нэгэнтэй хамт очиж, “ярилцлагынхаа тэмдэглэлийг маш нямбай хийх үүднээс би хамт ажилладаг хүнээ туслуулахаар авч ирсэн юм” гэж хэл.

3. Зай барь
Хүнтэй танилцаж, тэдний хүрээнд нэвтрэн нөхөрсөх зорилгоор сэтгүүлч болдог хүн байдаг. Болохгүй нь ч юу байх вэ. Харин эрэн сурвалжлагчийн хувьд цагийг хамтдаа өнгөрүүлэх анд нөхөр тийм их хэрэгтэй байвал нохой авсан нь дээр. Та судалж буй эх сурвалжтайгаа анд нөхдийн харилцаа үүсгэвэл эцсийн эцэст түүнээсээ урвахаас өөр аргагүй байдалд орох болно.

Өнгөн дээрээ хохирогчид үнэн чанартаа тийм ч гэм зэмгүй хүмүүс байдаггүй, алсын хараатай улс төрчид аяндаа луйварчин болж хувирдаг, салбарын ахмадууд багийн гишүүдээ санаатайгаар живүүлдэг. Тэдэнтэй хавт живж үхэхээс болгоомжил.

4. Эх сурвалжийн үгийг өөрийнх нь эсрэг ашигла
Ораенэ Фэлачигийн Генри Киссингертай хийсэн сонгодог ярилцлага доромжилмоор учралаар эхэлсэн гэдэг. Ноён Киссингер нуруугаа харуулж зогсоод сэтгүүлч эмэгтэйг өөртэй нь дотно харилцаанд орох гэж буй эсэхийг асуужээ. Фэлачи эхлээд маш их уурласан боловч Киссингер эмэгтэй хүнтэй харьцаж чаддаггүй юм байна гэдгийг олж харжээ. Түүнээс гадна мэргэжлийн үүргээ гүйцэтгэж буй эмэгтэй сэтгүүлчийг доромжлох чадвартай ийм бүдүүлэг хүнийг өрөвдөх шаардлагагүй гэж тэр боджээ.

Ингээд ярилцлага эхэлсэн бөгөөд Фэлачи маш нямбай ажил хэрэгч асуултуудыг айлгүй сээтэгнүүр, зарим талаар утгагүй асуултуудтай ээлжлэн тавьж эхэлжээ. (Жишээ нь “Одоо би танаас сансрын нисгэгчдээс асуусан зүйлээ асууя: Та саран дээр буувал юу хийх вэ? гэх мэт).

Гайхшран балмагдсан Киссингер яриаг хянаж чадахаа больж, яваандаа өөрийгөө ч хянаж чадахаа болиод, эрх мэдэлтэй холбоотой нарийн нандин зүйлсийг хаалт хязгааргүй ярьж эхэлсэн гэдэг.

Фэлачи шиг бай: Эрх мэдэлтэй хүмүүсийг битгий өрөвд, ялангуяа шударга бус хүнд битгий зөөлөн ханд. Сул талыг нь олж харвал түүнийг нь ашигла. Жишээ нь олны танил албан тушаалтан хөдөлшгүй баримтыг л хүндэтгэдэг тухай хэвлэл мэдээллээр хэлсэн байвал түүнтэй уулзахдаа өөрийнх нь зарчим болоод хийж буй зүйлтэй нь зөрчилдөх хөдөлшгүй баримт олж оч.

5. Эх сурвалжийг гайхшруул
Хэрэв та олны танил хүнтэй ярилцах гэж байгаа бол тэрээр нэг л ижил сэдвээр маш олон удаа яриа өгч байсан байх магадлалтай. Тиймээс та үүнийг бодолцож, тэс өөр чиглэлээр яв. Зүгээр л өмнө нь гарч байсан ярилцлагуудыг уншаад, өөр асуултууд бэлд. Сэтгүүлчид заримдаа энгийн зүйлсийг үл тоон орхигдуулдгийг бодоход гайхмаар байдаг.
Жишээ нь Мик Жэггертай сэтгүүлчид бүх сэдвээр ярилцсан хэрнээ ая яаж зохиодог тухай хэн ч асуугаагүй байдаг. Гэтэл тэрээр энэ тухай ярих маш дуртай байсан аж.

6. Эх сурвалжаар өөрийгөө гайхшруул
Мэдээний сурвалжлагчид үргэлж яарч явдаг учир асуулт тавихдаа тухайн эх сурвалж үнэн сэтгэлийн бодлоо хэлэх ямар ч боломжгүй байдлаар асуудаг.

Харин эрэн сурвалжлагч эх сурвалжийн санаа бодолд чухал ач холбогдол өгдөгөөрөө тэднээс ялгардаг. Ялангуяа зарим эх сурвалж “Би энэ асуултанд тань хариулж болноо. Гэхдээ та үүнээс илүү чухал зүйлийг асуусангүй” гэхэд “Наадахыг чинь дараа болъё” гэж буруудахаас болгоомжил. “Тэгвэл та энэ тухайгаа ярьж өгөөч” гэх нь зөв. Ингэснээр та өмнө огт бодолцоогүй шинэ зүйлийг сонсох бөгөөд тэрхүү шинэ мэдээлэл таны судалж буй асуудлаас ч илүү чухал байж болно.

7. Эх сурвалжаа ажиллуул
Ялангуяа цаг хугацааны дэс дараалал нь чухал ач холбогдолтой тийм асуудлыг эрэн сурвалжилж байх тохиолдолд ярилцлагаа амжилттай явуулахын тулд эх сурвалжаа үйл явдлын дэс дарааллаар хөтлөн дагуулж, болсон явдал болгоныг нягтлах нь чухал.

(Тухайн үйл явдалд хэн оролцсон, хэн юу хэлсэн гэх мэт).
Эх сурвалжууд болсон явдлыг бүтнээр нь маш нарийн санаж байх нь ховор. Тиймээс тэдний ой ухааныг сэргээж, зовлон шаналалтай холбоотой дурсамжийг нь хуваалцан зөөлрүүлэх нь зүйтэй. Ийнхүү ярилцсаны үр дүнд таны бичих гэж байсан зүйл өөрчлөгдвөл бүү цочирдоорой.

8. Далд утгыг ойлго
Театрын хэлээр бол “текст” гэж тайзан дээр хэлэх тодорхой үгсийг хэлдэг. Үгний цаадах агуулгыг нь “далд текст” гэнэ. Ярилцлагын явцад үгийн цаана буй далд текст буюу агуулгыг анзааралгүй өнгөрөхөөс болгоомжил. Ялангуяа:

• Эх сурвалжийн дуу хоолойны өнгө өөрчлөгдөх хоромд анхаарлаа төвлөрүүл: Энэ нь ямар нэг сэтгэл хөдлөлийн илрэл байдаг.
• Эх сурвалж шинэ мэдээлэл өгөхгүй хэрнээ ярьсан зүйлээ давтаад эхлэх үед анхаар.
(Давтах нь ой санамжид тустай ч таны ярилцлагын үр дүнд шинэ мэдээлэл гарч ирэх ёстой.)
• Эх сурвалж таны асуугаагүй зүйлийг ярьж эхэлвэл анхаарлаа хандуул. Тэрээр асуудлын голыг хөндөх гээд байна уу, эсвэл ямар нэг зүйлээс зайлсхийх гээд байна уу? Хэрэв зайлсхийх оролдлого хийж байгаа бол хэлэхээс болгоомжлоод байгаа тэр л зүйл нь таны мэдэх ёстой хамгийн чухал зүйл байх вий. Хэрэв та бичлэг хийсэн бол дараа нь дээр дурьдсан үеэр эх сурвалжийн хэлсэн үг болгоныг маш анхааралтай чагнаж үзээрэй.

9. Эх сурвалжийг оролцуул
Эх сурвалж та хоёрын хооронд үүсэх харилцаа түүний ярилцлагын үеэр хэлсэн тодорхой зүйлээс илүү чухал гэдгийг санаж яваарай. Цаг хугацааны явцад энэхүү харилцаа гүнзгийрч, тодорхой холбоо, харилцан хүлээх үүргийг бий болгодог. Ийм харилцаа бий болж эхлэхэд залуу эрэн сурвалжлагчид санаа зовж, өөрийн мэдэлгүй эх сурвалжаас хөндийрөн холдох оролдлого хийдэг. Энэ бол буруу. Ингэхийн оронд харин ч үе үе утсаар ярьж сүүлийн үеийн мэдээлэл авах, эсвэл түүний мэдэж буй зүйлийнх нь талаар санал бодлыг нь асуух зэргээр холбоогоо таслахгүй байх хэрэгтэй. Эх сурвалжид өөрийгөө амьд гэдгээ сануулахын тулд холбоо барьж мэдээлэл авах зайлшгүй чухал хэрэгцээ гарахыг хүлээгээд хэрэггүй. Ийнхүү эх сурвалжид судалгааныхаа явц, амжилтын талаар мэдээлж, түүний санаа бодлыг байнга авснаар тэрээр таны зөвлөх болон хувирч, таны эцсийн бүтээгдэхүүний “хувь нийлүүлэгч” болдог.

10. Тэмдэглэлээ дор дор нь унш
Ярилцлага авсныхаа дараа тэмдэглэлээ шууд уншиж, орхисон зүйл байгаа эсэхийг хянах цаг өөртөө үлдээ. Үүнд заримдаа арван таван минут ч хангалттай байдаг. Сэтгэгдэл, эргэлзээ болон бусад нарийн зүйлийг танхимаас гарангуут мартдаг тул тэмдэглэж ав.

11. Болж өгвөл амарч тайвшир
Мэдээний товч ярилцлага авч сурсан сэтгүүлчдэд эх сурвалжтай урт удаан хугацаагаар ярилцахад хэцүү санагдах нь бий. Мэдээний сэтгүүлчдийн ярилцлага хэзээ ч нэг хоёр цагаас илүү үргэлжилдэггүй. Эрэн сурвалжлах сэтгүүлчид хэдэн өдрийн турш эх сурвалжтай хамт байх тохиолдол гардаг. Ажлын ачаалал, судалгаатай холбоотой дарамтнаас болж сурвалжлагч та эх сурвалжид ширүүн хандах, буруутгах, дайрч давшлах зэрэг хандлага гаргахгүй байхыг хичээгтүн.

Манай бэлтгэсэн видеонуудаас