Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
Эх сурвалжаа зураглах
Эх сурвалжид ярих шалтаг өг
Эх сурвалжтай холбоо тогтоох: Бэлтгэх, урих
Харилцаа холбоог эхлэх: Зорилго ба үүрэг
Ярилцлагын арга барил
Ил үү, далд уу, эсвэл нууц уу?
Сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох бус түүнийг ашигла
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Ил үү, далд уу, эсвэл нууц уу?

Эх сурвалжууд “Үүнийг тэмдэглэж аваад хэрэггүй шүү” гэж хэлэх дуртай. Гол нь тэд юу ярьж байгаагаа сайн мэддэггүй. Харамсалтай нь сэтгүүлчид ч мэддэггүй. Эх сурвалжийг дурьдах болон нууцлах олон янзын боломжийг доор танилцуулж байна:

Тэмдэглэлд /Бичлэгт орохгүй (Off the record):
Сурвалжлагч эх сурвалжид тухайн мэдээллийг ашиглахгүй хэмээн амлах боловч өөр эх сурвалж яг тэр мэдээллийг бүтнээр нь өгөх тохиолдолд энэ амлалт хүчингүй болдог. Ийм тохиолдолд эх сурвалж тухайн мэдээллийг ашиглахыг хориглож чадахгүй.

Эх сурвалжийг тодорхойлохгүй (Not for attribution):
Сурвалжлагч мэдээллийг ашиглаж болох боловч тухайн мэдээллийг эх сурвалжид шууд хамаатуулахгүй. Эх сурвалжийг хэрхэн тодорхойлохоо сурвалжлагч эх сурвалжтай урьдчилан тохирно. Жишээлбэл “шүүхийн байгууллагад ойр эх сурвалж” гэх мэт.

Тэмдэглэлд/Бичлэгт орох (On the record):
Мэдээллийг эх сурвалжид хамаатуулан нийтэлж болно.
Сурвалжлагчийн анхаарах гол зүйл бол хэрэв эх сурвалж “Үүнийг тэмдэглэлд оруулахгүй байхыг хүсье” гэвэл энэ нь ихэнхдээ “Мэдээллийг хэрэглэж болно, гэхдээ намайг хэлсэн гэж битгий бичээрэй” гэсэн үг байдаг. Тиймээс та эх сурвалжаас “Та энэ мэдээллийг битгий ашиглаарай гэж байна уу, эсвэл нэрээ гаргахыг хүсэхгүй байна уу?” хэмээн тодруулж асуух нь зүйтэй. Хэрэв эх сурвалж тань “Миний нэрийг гаргаад хэрэггүй” гэвэл “Таны хэлсэн энэ зүйлийг хэр олон хүн мэдэх вэ? Хэрэв би таны өгсөн мэдээллийг нийтэлвэл таныг хэлсэн байна гэж шууд хардах боломж бий юу” гэж асуу. “Үгүй” гэвэл “Энэ мэдээллийн эх сурвалжийг хэрхэн тодорхойлох вэ?” хэмээн асуу. “Тэгээд таныг хэн гэж бичих вэ?” гэж битгий хэлээрэй. Нэрээ нууц үлдээх эсэхийг эх сурвалж өөрөө л шийднэ. Тэднээс ажил, албан тушаал, аюулгүй байдлаараа дэнчин тавьж мэдээлэл өгөхийг бид шаардаж чадахгүй.

Эх сурвалжийн сонголтыг та хүндэтгэх ёстой. Баримтыг ашиглахдаа эх сурвалжийг нь шууд илрүүлэх боломжгүй байдлаар нийтэл. Ганцхан, эсвэл цөөхөн хүний мэдэх зүйлийг та мэдэж байгаагаа харуулах тийм асуулт тавихаас болгоомжил. Нууц эх сурвалжийн мэдээлэл ашигласнаар тухайн мэдээлэлтэй холбоотой эрсдэл эх сурвалжаас тан дээр шилждэг. Тухайн мэдээлэл үнэн, эсвэл худал байхаас таны нэр хүнд, итгэл үнэмшил хамаарна. Хэрэв нууц эх сурвалжийн мэдээллээс болж та шүүхэд дуудагдвал танд нотлох баримт байхгүй. Тийм учраас нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллийг дараах тохиолдлоос бусдад нь хэвлэн нийтлэхээс татгалз:

• Тухайн мэдээлэлтэй холбоотой баримтыг өөр эх сурвалжаас авах боломжтой
• Нууц эх сурвалжийн мэдээлэл нь баримтаар нотлогдсон бусад мэдээлэлтэй нийцэж байгаа
• Өнгөрсөн хугацаанд тухайн эх сурвалж итгэл найдвартайгаа харуулсан.

Хэрэв эх сурвалж хэлж буй зүйлээ баримтаар нотолсон бөгөөд тухайн баримтаар эх сурвалжийг олох боломжгүй бол тэр баримтыг нь нэхэж ав. Гэхдээ эх сурвалж утга агуулгыг нь мэдэхгүй баримтаас ишлэл авч байгаа бол үүнийг бүү ашигла. (Францын халдвартай цусан бүтээгдэхүүний хэргийг нийтэлсэн Le Monde сонины эрүүл мэндийн сэтгүүлч үүнээс болж хохирсон байдаг. Түүний эх сурвалж баримтын ерөнхий агуулгыг хэлэлгүйгээр хэдэн үг ишлэсэн боловч тэдгээр нь өөр агуулгатай байсан нь сүүлд илэрчээ.)

Хэрэв танд ийм баримт олдохгүй бол түүний ярьсан зүйлийг нийтлэхийн тулд нэрийг нь хэвлэх зөвшөөрөл хүс. “Бид энэ өгүүлэлд таны нэрийг оруулъя. Та хэвлэхээс нь өмнө өөрийнхөө ярьсан зүйлтэй холбоотой хэсгүүдийг уншиж үзээд, хэрэв танд таалагдахгүй бол бид хасаж болно” гэж хэлэхэд бидний ярилцсан нэг бус эх сурвалж зөвшөөрч байсан юм.

Манай бэлтгэсэн видеонуудаас