Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
Эх сурвалжаа зураглах
Эх сурвалжид ярих шалтаг өг
Эх сурвалжтай холбоо тогтоох: Бэлтгэх, урих
Харилцаа холбоог эхлэх: Зорилго ба үүрэг
Ярилцлагын арга барил
Ил үү, далд уу, эсвэл нууц уу?
Сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох бус түүнийг ашигла
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох бус түүнийг ашигла

Эх сурвалжтай харьцахад сэтгэл хөдлөл болон сэтгэл зүй маш чухал хэмээх санааг энэхүү бүлгийн туршид онцолж буйг та анзаарсан байж магад. Энэ талаар илүү дэлгэрэнгүй үзье.

1. Сэтгэл хөдлөл бол мэдээлэл
Бодит, тэнцвэртэй сэтгүүлзүйд суралцсан сэтгүүлчдийн гаргадаг сонгодог алдаа бол эх сурвалжаас мэдээлэл авах зорилгоор л уулздаг бөгөөд сэтгэл хөдлөлийг нь ажиглах гэж очдоггүй. Тэд өөрийнхөө ч, эх сурвалжийн ч сэтгэл хөдлөлийг хэрэггүй “шуугиан” гэж боддог. Дэвид Холберстолм “Мөнхийн эрх мэдэл” хэмээх сонгодог бүтээлдээ “Вашингтон Пост сонины харьцангуй туршлага багатай хоёр сурвалжлагч Уотергейтийг бичиж чадсан бөгөөд өрсөлдөгчид нь үүнийг чадаагүйн шалтгаан чухам энэ юм” гэсэн байдаг. Тэдгээр залуу сурвалжлагч эх сурвалжийнхаа айдсыг мэдэрч, тэрхүү айдсын нөлөөнд автахыг өөрсөддөө зөвшөөрсөн аж. Чухам тэр айдас нь энэ бол том асуудал гэдгийг тэдэнд хэлж өгсөн аж.
Сэтгэл хөдлөл наад зах нь ямар нэг зүйл болж байгаа бөгөөд энэ нь чухал болохыг мэдээлнэ. Тэр бүү хэл аль зүгт судалгаа хийх шаардлагатайг сэтгэл хөдлөл зааж өгч болно.

Жишээ:
Үндэсний Фронтынхонтой уулзах гэж очих бүртээ бид тодорхой хүмүүс байнга цуглардаг нэгэн өрөө рүү үргэлж татагддаг байлаа. Тэд бол Фронтын нэгдсэн католик жигүүрийнхэн байсан бөгөөд тэдний үндсэрхэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хүчирхийллийн үйлдлүүдийг удаа дараа баримтжуулсан байдаг. Гэтэл бид байрны нөгөө өрөөнд цуглардаг хүмүүсээс яагаад зайлсхийдэг байснаа гайхдаг байлаа. Тэд хэн бэ? Бид яагаад тэднээс эмээж байна вэ? Үүнийг судалж үзсэний үр дүнд тэдгээр хүмүүс шашингүйчүүдийн жигүүрт харъяалагдаж, тодорхой арван зарчид үл захирагддаг байсан тул Католик жигүүрийнхнийг бодвол илүү хэрцгий, илүү аюултай байсныг бид олж мэдсэн юм. Тийм ч учраас бид далд ухамсраараа тэднээс зайлсхийж байсан аж. Тэд намын удирдлага дотор хүчтэй байр суурь эзэлдэг бөгөөд Католик жигүүртэй тэрсэлддэг байсныг олж мэдсэн нь бидний судалгаанд маш чухал байв. Бид айдсаа үл тоосон бол үүнийг олж мэдэхгүй байлаа.

2. Сэтгэл хөдлөлийн нөлөө
Дээр дурдсанчлан эрэн сурвалжлах явцад хамгийн түрүүнд мэдээлэл өгдөг хүмүүс бол тусламж, тайтгарал хайсан хохирогчид байдаг. Сурвалжлагч эх сурвалжийн нөхцөл байдлыг мэдэрч, түүнд нээгдэх тусам тэдний шаналалыг өөртөө шингээж авдаг. Үүнээс болж сэтгэл санааны хүнд байдалд орж зовж буйн тухайгаа үргэлж гомдоллохгүй байхыг ухамсартайгаар хичээх, ялангуяа эх сурвалжтай энэ талаар ярихгүй байх нь чухал. Нөгөө талаар сурвалжлагч бүр судалгааны тодорхой үе шатанд, ихэнхдээ бүтээл бэлэн болохоос өмнө гутрал, дарамтанд орох нь элбэг байдгийг санаж яваарай. Белгийн сэтгүүлч Крис де Ступ Өмнөд Европ дахь секс боолчлолын тухай эрэн сурвалжилсан гайхалтай бүтээлийнхээ судалгааг хийх үеэр секс клубуудэд нууц нэрийн дор нэг жил ажилласан бөгөөд сүүлдээ хэдэн долоо хоногийн турш гутрал дарамтанд орж, гэрээсээ ч гарч чадахаа байсан талаар бидэнд ярьсан юм.

Үүнийг даван туулах нэг арга бол нэг нэгнээ дэмжиж тэнцвэржүүлэх хамтрагчидтай баг болж ажиллах явдал юм. Танай эрхлэгч ийнхүү багаар ажиллахын ач холбогдлыг дэмжихгүй байвал тэр эрэн сурвалжлах сэтгүүлзүйн талаар ойлголт багатай хүн байж болох юм. Тиймээс өөр хүмүүсээс дэмжлэг хайх нь зүйтэй.

3. Ялааны хорны синдром
Урт удаан хугацаанд үргэлжлэх судалгааны явцад сурвалжлагчид эх сурвалжийнхаа сэтгэлийг сэргээх, урам дэм өгөх аливаа зүйлд онцгой мэдрэмжтэй болж, цавуулаг ялааны хор ялааг өөртөө наадуулдан цуглуулдагтай нэгэн адил эх сурвалжтай нь холбоотой байж болох бүхнийг өөрийн мэдрэлгүй цуглуулж эхэлдэг. Үүний нэг шинж тэмдэг бол сурвалжлагч мэдээллийн хэрэгслээр гарч буй, тухайн судалгааны асуудалтай бага боловч холбоотой байж болох, урьд өмнө хэзээ ч анзаарахааргүй байсан тийм зүйлсээ анзаарч эхэлдэг. Өөр нэг шинж бол сурвалжлагчийн сонсох чадвар өөрчлөгдөж, судалж буй асуудалтай холбоотой үгнүүдэд онцгой мэдрэг хандан, хаа явж буй газраа тэдгээр үгийг онцгой соргог сонсдог болдог. (Тийм ээ, тийм зүйл бидэнд тохиолдсон, та нарт ч тохиолдох болно.)

Энэ бол гайхалтай зүйл бөгөөд танд илүү их эрч хүч өгөх нь гарцаагүй. Нөгөө талаар энэхүү онцгой мэдрэмжид ухамсартайгаар хандахгүй бол та нөхцөл байдал, орчин тойрноо эрүүл ухаанаар цэгнэх чадвараа алдаж, бүгдийг зөвхөн судалж буй асуудлынхаа л өнцгөөс харж эхлэх вий. Хэрэв та иймэрхүү байдалд орж буйгаа мэдэрвэл оюун ухаанаа сарниулж, хэсэг хугацаанд өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хичээгээрэй.

4. Ач холбогдлын мэдрэмж
Хэдэн жилийн өмнө, таван жил үргэлжилсэн судалгааны ид дунд бид хүндлэн хайрладаг байсан хүмүүс маань гэмт хэрэгт холбогдсон болохыг мэдэж, үүнийг нотлох үүрэг авсан билээ. Тэд мөн хувь хүний хувьд хүчирхэг хүмүүс байсан учир тэдэнд үнэнийг хэлэх нь аймшигтай зүйл байлаа. Ийм тохиолдолд зарим сурвалжлагчийн бие суларч өвдөх нь ч энүүхэнд. Шударга сурвалжлагч бүр тухайн асуудлыг баталгаажуулах хангалттай баримт байгаа эсэх, ямар нэг зүйлийг орхигдуулаагүй эсэхийг өөрөөсөө асуух тэр мөчид иймэрхүү хямрал тохиолддог. Нэг талаар та өвдөх хүртлээ олон зүйлийг үзэж, дуулсан. Нөгөө талаар та үзсэн дуулсандаа ч эргэлзэж, энэ бүхэн худлаа байгаасай хэмээн хүсэхдээ, нэмэлт судалгаа хийх хэрэгтэй гэж бодно.

Та олсон зүйлсээ нийтлэхгүй юм бол бүр ч хэцүү байдалд орно гэдгийг ойлгож, санаж яваарай. Өөрт байгаа баримтынхаа хүрээнд ажиллах хэрэгтэй ч, өөрийнхөө хөдөлмөрийг хүндэтгэж, дуулсан мэдсэнээ олон түмэнд хүргэ.

5. Сэтгэл хөдлөлийг хянах нь
Сэтгэл хөдлөлөө тодорхой хэмжээгээр хянахын тулд судалгаа хийх явцдаа тэмдэглэл хөтөл.
• Юу мэдэрч, юунаас болж тухайн зүйлийг мэдэрч байгаагаа бич. Та хэнтэй ярилцсан бэ? Тэд юу гэж хэлсэн бэ? Танд юу гэж бодогдсон бэ?
• Мэдэрч буй зүйлээ тэмдэглэж авснаар та тэдгээрийг цэгнэж, ашиглах материал болгож чадна.
• Энэхүү мэдээллийг бусад ямар ч мэдээллийн нэгэн адил нягтлан шалгаж болдог. Тиймээс эх сурвалжтай харьцах харилцааны шинж чанар, мөн эрэн сурвалжлагад учирч болох аюул зэргийг тогтоохын тулд тэдгээрийг ашиглаарай. Сэтгэл түгших, айх зэрэг нь тодорхой нөхцөлд илэрдэг. Эдгээр нь нэмэлт судалгаа хийх хэрэгцээ шаардлага байгааг ч тодорхойлж өгч байж мэднэ. Эсвэл та бусдаас тасарч, ганцаардаж буйн илрэл ч байж болно. Аль ч тохиолдолд хамтрагч, дэмжигч хайх, эсвэл мэдээллээ шалгаж баталгаажуулах зэргээр ямар нэг үйлдэл хийх нь чухал.

6. Маргаашийг бүү март
Эрэн сурвалжилсан бүтээл гаргасныхаа дараа эх сурвалжаа мартдаг сэтгүүлчид дэндүү олон. Тэдний нэг нь бүү болоорой. Харилцаа холбоогоо бүрмөсөн тасалвал эх сурвалж таныг ашигч, урвагч гэж бодно. Харин өгүүллээ нийтлүүлсэн ч, үе үе холбоо барьж байвал ирээдүйд хэрэг болох эх сурвалжийн сүлжээгээ бэхжүүлж авна. Энэ зэргийн ухаан танаас гарахгүй бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр оролдоод ч хэрэггүй.

Өөр нэг зүйл нэмж хэлэхэд, сэтгүүлзүйн олон оюутан “Эрэн сурвалжлагч болсноор бид өөрсөддөө дайсан л нэмэх юм биш үү?” гэж асуудаг. Мэдээж хэрэг тэгнэ. Гэхдээ та ажлаа нямбай хийж, хүнтэй харьцахдаа тэдний болон өөрийнхөө эрхийг хүндэтгэх юм бол дайсан тань хүртэл таныг хүндэтгэнэ. Хамгийн чухал нь та дайснаасаа олон анд нөхөдтэй болж илүү өндөр чанарын нөхөрлөл таны амьдралыг баяжуулах болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас