Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
Баримтаа цэгцэл
Мэдээллийг эмхлэн цэгцлэх буюу түлхүүр баримтын тухай
Мэдээллийн уялдаа холбоог олох
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Баримтаа цэгцэл

Эрэн сурвалжилсан бүтээлийн судалгаа өдөр тутмын сэтгүүлзүйн судалгаанаас хавьгүй их мэдээллийг бүрдүүлдэг бөгөөд тэдгээрийг явцын дунд зөв зохион байгуулж цэгцлэх шаардлагатай байдаг. Цэгцлэн зохион байгуулах нь бичих, нийтлэх ажлын салшгүй чухал хэсэг мөн. Эхлээд судалгаа хийж, дараа нь мэдээллээ зохион байгуулж, дараа нь бичнэ гэсэн дэс дараалал бодит амьдралд хэрэгждэггүй. Харин судалгаа хийх явцын дунд мэдээллээ эмхэлж, эмхлэх явцад бичих үйл явц эхэлдэг.

Та мэдээллээ эмхлэн зохион байгуулахад шаардлагатай цаг завыг өөртөө зарцуулахгүй бол төгсгөлийн шатанд дор хаяж хоёр дахин илүү цаг шаардлагатай болохоос гадна бичих, тайлбарлах, хамгаалах үйл явц тань илүү хэцүү байх болно. Үүнээс гадна та байнга санаа зовж, шаналж, сэтгэл санааны дарамтанд орно. Тиймээс өдөр тутмын ажилдаа ашиглаж болох зарим энгийн аргыг энд санал болгож байна.

Бид анх удаагаа Америкийн нэгэн томоохон сэтгүүлд эрэн сурвалжилсан бүтээл нийтлэхээр ажиллаж байхдаа нэлээд бүтэлтгүйтэж билээ. Баатруудын маань нэг нь шүүх хурал дээр худал мэдүүлэг өгсөн юм. Бид өөрсдөө тэр хуралд нь оролцож чадаагүй бөгөөд баримт болох ганц зүйл нь тухайн хурлын талаар гарсан сонины мэдээ байсан боловч түүнийг бид гээчихсэн. Эрэн сурвалжлах багийн нэг гишүүн маань судалгааны үр дүнд цуглуулсан бүх мэдээллээ дугтуйнд авч явж байгаад таксинд мартаж алдсаныхаа төлөө багаас хасагдав. Нөгөө нэг хамтрагч маань тухайн асуудалтай холбоотой нотлох баримтыг бүтэн жилийн турш хайсны эцэст тэр баримт өөрт нь байж байсныг олж мэдсэн юм. Иймэрхүү асуудалтай тулгарахгүйн тулд мэдээллээ цэгцтэй хадгалж сурах нь чухал.

Судалгааг зөв зохион байгуулна гэдэг бол:
• Олж авсан баримт, түүний агуулгыг мэдэж байх (танд байгаа ажлын хэрэгсэл),
• Тухайн хэрэгсэл хаана байгааг мэдэж, шаардлагатай үед шууд буюу 30 секундын дотор олж авах боломжтой байх.
• Байгаа хэрэгсэл буюу мэдээллээ хооронд нь холбож уялдуулах чадвартай байхыг хэлнэ.

Та өөртөө юу байгааг мэдэж, богино хугацаанд олж ашиглаж чадаж байгаа бол таны судалгаа дампуурахгүй. Тэдгээр мэдээллийг та одоо бэлтгэж буй бүтээлдээ төдийгүй ирээдүйн өөр судалгаанд ч ашиглаж болно. Энэ бол өөртөө үндсэн хөрөнгө босгож буйтай л адил. Үүнийг та хийж чадахгүй бол таны ажил, албан тушаал дэвжиж өсөхгүй. Тиймээс энэ бол эрэн сурвалжлах ажлын багахан хэсэг гэж бүү бод. Та байгаа бүх цагаа үүнд зарцуулахгүй нь мэдээж, гэхдээ баримт судалгааны шат бүхэнд өөрт байгаа баримт мэдээллээ бүрэн эзэмшихэд зориулж хангалттай цагийг зарцуулах ёстой.

Энэхүү үйл явц хоёр хэсгээс бүрдэнэ:
• Хүн бүрийн мэдэх эхний хэсэг нь цэгцтэй, хайлт хийх боломжтой мэдээллийн сан үүсгэх ажил.
• Хүмүүс тэр болгон ашиглаад байдаггүй хоёр дахь хэсэг нь мэдээллийн санг эмхлэн цэгцлэх явцад өгүүллийнхээ бүтцийг зохиох явдал.

1. Мэдээллийн сан бий болгох
Мэдээллийн санг цаасан хувилбараар, компьютерийн тусламжтайгаар, эсвэл хоёуланг нь ашиглаж бий болгож болно. Энэхүү санг ашиглахад хялбар болгохын тулд энгийн бүтэцтэй, шаардлагатай мэдээллийг хурдан олох боломжтой байх нь чухал. Тиймээс бид дараах алхмуудыг санал болгож байна.

A/ Баримт цуглуулах
Эх сурвалжийн нэрийн хуудас бол баримт. Мөн албан ёсны тайлан, мэдээний хайчилбар, ярилцлагын тэмдэглэл гэх мэт үүнд орно.

Б/ Баримтыг судалж агуулгыг нь үнэлэх
Тухайн баримт дахь чухал хэсгүүдийг тодруулах буюу доогуур нь зурж, тэмдэг тавь. Хэрэв маш чухал хэвлэмэл баримт байвал дор хаяж нэг хувийг хувилж хадгал.

В/ Нэр, гарчиггүй баримт байвал гарчиг өгөх, эсвэл дугаарлах.
Баримтын үндсэн агуулгыг илэрхийлж л байвал ямар ч гарчиг байж болно. (Энэ нь ялангуяа веб сайтад хамааралтай. Веб сайтыг байгаа нэрээр нь хадгална гэдэг бол түүнийг компьютерийнхээ хаана ч хамаагүй хадгалаад мартахтай адилхан. Интернэтийн байршил буюу хаягийг нь тэмдэглэж аваад тухайн сайтын агуулгыг илэрхийлэх гарчиг өгөх, эсвэл тухайн сайтаас хэрэгтэй зүйлээ хуулж авч тусд нь хадгалсан нь илүү дээр байдаг.)
Ярилцлагыг хадгалахдаа тухайн сэдвээр нэрлэвэл дээр. Хэрэв сэдэв нь нууц байх ёстой бол түлхүүр үгээр нэрлэ.

Г/ Баримтуудыг байршуулах
Баримтуудыг өөрт эвтэй санагдах дарааллаар байршуул. Бид үсгийн дарааллаар биет байдлаар болон компьютерт хадгалахыг илүүд үздэг. Түүнчлэн бид сэдэвчилсэн байдлаар ангилж хадгалах дуртай. Жишээлбэл байгаа мэдээллээ тухайн сэдвийн хавтсанд хийж, шинээр материал нэмж ирэх болгонд сэдвийн ангиллаа нарийвчилж, нэг сэдэв дотор дэд сэдэв бий болгох зэргээр мэдээллийн сангаа өргөжүүлдэг. Тухайн нэг сэдэвт багтаж буй мэдээллийг дотор нь мөн он сараар байршуулж, хамгийн сүүлийн үеийн баримтыг хамгийн эхэнд оруулна.

Д/ Баримтуудыг үе үе уншиж үзэх
Сард нэг удаа уншихад хангалттай. Янз бүрийн баримт бичгийг зохих ёсоор ангилсан эсэхийг шалга. Аль нэг баримт танил бус харагдаж байвал зав гаргаад танилц. Гол зорилго бол мэдээллийн сангаа байнга шинэчлэхийн зэрэгцээ байгаа баримтаа сайн мэддэг болох явдал юм.

Е/ Баримтуудыг шилжүүлэх
Ямар нэг үйл явдлын улмаас эрэн сурвалжлагын шинэ сэдэв гарч ирвэл холбогдох баримтыг хуулбарлан авч шинэ хавтас нээ. Ингэхдээ анхдагч баримтуудыг байсан газар нь үлдээхээ мартав. Энэ аргыг Америкийн тагнуулын газар ашигладаг аж: ямар нэг баримт өөр баримттай холбогдох тохиолдолд (жишээлбэл хоёр баримтанд нэг хүний нэр орсон байх тохиолдолд), тухайн хоёр баримтын аль алиных нь хуулбарыг хоёр хавтсанд хоёуланд нь хийнэ. Ингэснээр салангид баримт мэдээллийг хооронд нь холбох боломж нэмэгддэг.

Ё/ Хуулбар хийж хадгалах
Чухал баримт бичгийг хуулбарлаж, гэр, албан тасалгаанаасаа өөр, та өөрөө болон таны хамтрагч нэвтрэх боломжтой тийм газар хадгал. Нууцлах шаардлагатай мэдээллийг, тухайлбал нууц эх сурвалжийн нэрсийг компьютертээ битгий байлга. Таны компьютерт байгаа ямар ч мэдээлэл найдвартай хамгаалагдаж чадахгүй.

Манай бэлтгэсэн видеонуудаас