Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
Баримтаа цэгцэл
Мэдээллийг эмхлэн цэгцлэх буюу түлхүүр баримтын тухай
Мэдээллийн уялдаа холбоог олох
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Мэдээллийн уялдаа холбоог олох

Баримт мэдээллийг цуглуулж, хянаж, ашиглах ажлыг хялбарчилснаар та мэдээлэл хоорондын уялдаа холбоог илүү гярхай олж харах болно. Ямар ч тохиолдолд та зарим мэдээллээс асуулт урган гарах боловч хариулт үгүй байгааг олж харна. Тиймээс та судалгааны явцад нэмж олох шаардлагатай мэдээллийг архивынхаа тусламжтайгаар тогтоох боломжтой. Түүнчлэн та дэвшүүлж буй таамагтайгаа холбоотой шинэ мэдээлэлд илүү мэдрэмжтэй хандах бөгөөд ингэснээр шинэ нээлт хийх магадлал илүү өндөр байх болно.

Мэдээллийн уялдаа холбоог олох үйл явцын жишээг доор толилуулж байна:

1-р алхам (эхлэх):
Үндэсний Фронтын талаар эрэн сурвалжилж байхдаа тэд байнга шүүхэд дуудагддаг байсныг бид анзаарсан юм. Тэгээд шүүх хурлын далимаар анхаарал татах нь тэдний нэг үндсэн стратеги юм хэмээн таамаглаж, шүүхэд дуудагдсан тохиолдлууд, тухайн хэргийн талаар хэвлэлд гарсан мэдээний хайчилбар болон шүүхийн шийдвэрүүдийг цуглуулж үзлээ.

2-р алхам (олон талт мэдээллийг холбох):
Цугларсан мэдээллийн хэмжээ ихсээд ирмэгц бид төрөл зүйлээр нь ангилж эхлэв. Жишээлбэл сонгуулийн будлиантай холбоотой шүүх хэрэг, Фронтын гишүүдийн оролцсон хүчирхийллийн гэмт хэргийн баримтууд гэх мэт.

3-р алхам (төвлөрөх):
Шүүх хэргийн заримд нь халзан толгойт буюу неонацистууд холбоотой байсан юм. Хэдийгээр Үндэсний Фронтынхон үүнийг албан ёсоор үгүйсгэж байсан ч бид тэднийг неонацистуудын хөдөлгөөнтэй ямар нэг байдлаар холбоотой байж болох юм хэмээн таамаглалаа. Тиймээс бид халзан толгойтуудтай холбоотой нэг хавтас нээж, зарим мэдээллийг хуулбарлан шилжүүлэв. Ингэснээр хоёр неонацист Үндэсний Фронтоос хотын захиргаанд нэр дэвшиж байсан нэг хүнтэй хамтарч бейсболын цохиураар нэгэн урт үстэй иргэнийг зодож, тахир дутуу болгосон тухай шүүх хэргийн тайланг олж харсан юм. Бид хохирогчийн өмгөөлөгчтэй холбоо барив.

4-р алхам (уялдаа холбоог олж харах):
Бидэнтэй уулзсан өмгөөлөгч хэрэгтэн нь илрээгүй өөр нэг бүлэглэлтэй холбоотой хавтаст хэргийн материалтай танилцахыг зөвшөөрөв. Тэрхүү гэмт хэргийг хэт үндсэрхэг шашингүйчүүд үйлдсэн байж болзошгүй гэсэн учир бид Үндэсний Фронтын хэт үндсэрхэг шашингүйчүүдийн нууц хөдөлгөөнтэй холбоотой өөр нэг хавтас нээж, түүндээ халзан толгойт неонацистуудын материалыг хуулбарлан нэмэв. Ингээд Үндэсний Фронт шашингүйчүүдийн нууц хөдөлгөөнөөр дамжуулж неонацистуудтай холбогддог гэсэн таамаг дэвшүүллээ.

5-р алхам (тоймлон бүлэглэх):
Бид шашингүйчүүдийн нууц хөдөлгөөн, халзан толгойт неонацистууд болон Үндэсний Фронттой холбоотой шүүх хэргийн материалууд хоорондоо холбоотой эсэхийг мэдэх зорилгоор янз бүрийн хавтаст багтах мэдээллийг нийлүүлж, холбож үзлээ. Эдгээр мэдээлэлд Үндэсний Фронтын албан тушаалтнуудын неонацистуудын тухай өгсөн ярилцлага, Фронтын хэвлэмэл бүтээгдэхүүнээс авсан хайчилбарууд, болон бусад баримт орсон байв.

Хураангуй:
Мэдээллийг эмхлэн зохион байгуулах үйл явцын үндсэн зарчим ба хэрэгсэл
1
Баримт, хайчилбар зэргийг тодорхой шалгуураар шууд олох боломжтой байдлаар зохион байгуул.
2
Шинэ баримт орж ирмэгц нэр өгөх, ангилах, уншиж танилцах ажлыг дор дор нь хийж бай.
3
Байгаа баримт мэдээллийг нэг дор багтаан ангилах үүрэг бүхий түлхүүр баримт бий болго.
4
Мэдээллийг цэгцлэх замаар нэмж судлах асуудлыг тогтоо.
5
Баримт мэдээллийг нүүлгэн хөдөлгөж, бүлэглэн ангилах замаар хоорондынх нь уялдаа холбоог ол.

Манай бэлтгэсэн видеонуудаас