Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
Найруулга зүйн элементүүд
Хэв маягаа тодорхойлохдоо бусдаас суралц
Бичвэрийн бүтэц: Цаг хугацааны дэс дараалал уу, зураглал уу?
Он цагийн дэс дарааллыг бүтээх
Түлхүүр баримтыг ашиглах
Найруулга зүйн арга техник
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Найруулга зүйн элементүүд

1. Уйтгартай байхаа больж үз
Бидний ихэнх нь сэтгүүлч хүн бол баримтыг байгаа чигээр нь дамжуулж, дүгнэлт хийх боломжийг үзэгчид өөрт нь үлдээх хэрэгтэй хэмээн заалгаж, тийнхүү сэтгэдэг. Тиймээс баримтанд сэтгүүлчийн дуу хоолой, түүний сэтгэгдлийн өнгө аясыг оруулж болохгүй. Өөрөөр ажиллах нь зарчимгүй хэрэг болно. Энэ зарчмыг зохих ёсоор, ухамсартайгаар хэрэгжүүлэх юм бол гайхалтай үр дүн гарах нь тодорхой. Гэлээ ч гэсэн сэтгэл зүтгэл, хувь хүний шинж чанар, үнэт зүйлсээ ажил бүтээлдээ шингээхийг хориглох тухай сонсох нь утгагүй юм.

Утга агуулгыг хүлээн авч ойлгохын тулд үзэгчид мэдрэхүйгээ нээх хэрэгтэй болдог. Тэд харж, сонсож буй зүйлээ мэдрэх хэрэгтэй бөгөөд ингэхгүйгээр тэд ойлгохгүй. Тиймээс үзэгчид ийм боломж өгөөгүй эрэн сурвалжлагч бүтэлгүйтэх болно. Нөгөө талаар эрэн сурвалжлах сэтгүүлч бас бодитой байж, тухайн баримт мэдээлэлд төвийг сахих байр сууринаас хандах учиртай. Энэхүү төвийг сахих байр суурь нь баримтын үр дагаврыг үл тоомсорлох гэсэн үг биш. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үндсэн зорилго бол өөрчлөлт хийх бөгөөд харин хорвоо дэлхийг өөрчлөх хүсэл зорилго яалт ч үгүй хувь хүний хүсэл тэмүүлэлтэй холбоотой субъектив зүйл байдаг.

Хэн олж авч ашиглаж буйгаас хамаарч шинж чанараа үл өөрчлөх бодит объектив баримт бол бичих үйл явцын зорилго биш, зөвхөн арга хэрэгсэл л юм. Үзэгчдэд зөвхөн “шалдан” мэдээлэл хэрэггүй, тэд тийм зүйлийг хүсэхгүй. Тэд бас утга учрыг нь мэдэхийг хүсдэг бөгөөд тэрхүү утга учирыг хэн нэгэн мэдрүүлэх ёстой. Товчоор хэлбэл, анхаарал татах амьд түүхийг баримтад тулгуурлан ярьж өг.

Ихэнх сэтгүүлч бичлэгийн хэв маягтаа хэт их санаа зовдог. Энэхүү хэв маяг нь хувь хүний онцлог шинж чанартай шууд холбоотой байдаг бөгөөд аяндаа л бүрэлдэж тодордог гэдэгт бид итгэдэг. Таны бичих хэв маяг агуулгыг давамгайлах ёсгүй. Хэрэв тэгэх юм бол материал тань чухал биш мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энгийн хэв маягийг цогц болгох маш амархан болж, ээдрээтэй бичлэгийг энгийн болгох хэцүү гэдгийг санаж яв. Хэт их маяг, элдвийн чамин үгэндээ ороолцолдохоос болгоомжил. Эрэн сурвалжлах бүтээлийн амин сүнс нь хэмнэл байдаг, харин хэт их хэв маяг тэрхүү хэмнэлийг удаашруулдаг.

2. Эргэлзэхийн аюул
Баян, эрх мэдэлтэй эх сурвалжууд сурвалжлагчдыг тэнэг амьтан, эсвэл үүдний жижүүр юм уу зарц мэт үздэг. Үүнээс болж зарим сэтгүүлч өөрийгөө үнэлж, өөртөө итгэхээ больж, уулзаж буй эх сурвалжууд өөрсдөөс нь хамаагүй илүү сонирхолтой, идэвхтэй, чухал хүмүүс хэмээн бодож эхэлдэг.

Ийм хандлага таны төсөөлж байгаагаас илүү түгээмэл байдаг бөгөөд эрэн сурвалжлах сэтгүүлзүйд асар сөргөөр нөлөөлдөг. Жил бүр миний сургалтад суусан сэтгүүлчдээс маш сайн сэдэв олж, гайхалтай судалгаа хийгээд, дараа нь түүнээсээ урвадаг цөөнгүй хүн гардаг. Тэд таагүй үнэнийг олж мэдсэн хэрнээ эрх мэдэл бүхий нэгэн этгээд энэ бол худлаа гэж хэлэхэд л үгээр нь болдог. Тэдгээр эрх мэдэл бүхий эх сурвалж нь ухаалаг намба төрх болон сүрдүүлэх өнгө аясыг хослуулан ярихад сурвалжлагч өөрийн эрхгүй бууж өгдөг.

Жишээлбэл эмийн аргаар жирэмслэлтийг зогсоодог тухай эрэн сурвалжлагын төгсгөл шатанд нэгэн алдартай эмч ингэж хэлжээ: “Хосууд итгэлгүй, тодорхой бус байдлын улмаас сонголт хийдэг бөгөөд тэрхүү сонголт нь зарим хүнд таалагдахгүй байж болно.” Энэ эмчийн үгс ухаалаг сонсогдож буй хэдий ч хосууд өөрсдөө биш эмнэлгийн ажилтнууд үхэл амьдралын тухай тэдгээр шийдвэрийг гаргадаг тухай олж мэдсэн сурвалжлагчийн баримтыг үгүйсгэж байгаа юм. Ийм хүмүүст сүүлийн үгийг хэлэх боломж олгосноороо сурвалжлагчид өөрсдийнхөө хөдөлмөрийг үгүйсгэдэг. Өөртөө эргэлзэх иймэрхүү цаг мөчид анхаар. Энэ төрлийн алдааны өөр нэг хэлбэр бол сурвалжлагч судалгааныхаа явцад илчилсэн хэрэгтний бурууг нотолж хатуу дайралт хийж байснаа хамгийн төгсгөлд “гэхдээ тэр бол тийм ч муу хүн биш л юм” гэх явдал гардаг.

Энэ бол сурвалжлагчийн далд айдас, хүлээн зөвшөөрүүлэх хүслийн илрэл. Хэрэв та үнэнийг олсон юм бол түүнийгээ л хэл. Баяр хүргээд ч байгаа юм шиг хэрнээ цаагуураа таныг молигодож дөнгөх эх сурвалжаас бичсэн зүйлээ баталгаажуулах үгс бүү хай.

3. Хатуу бай, гэхдээ бүү доромжил
Эрэн сурвалжилсан бүтээлийн судалгаа хийж дүгнэлт гаргах нь маш дарамттай ажил бөгөөд сэтгэлээр унах, гутарч бухимдах үе бишгүйдээ гардаг. Энэ нь бичвэрийн өнгө аяст нөлөөлж, дайрч давшилсан, доромжилсон үг хэллэг давамгайлах хандлагад хүргэдэг.

Энэ бол хамгаалалтын арга хэрэгсэл, гэхдээ энэ нь үзэгчдэд таны сул байдлыг харуулахаас гадна нэр төр гутаасны төлөө шүүхэд дуудагдах боломжийг нээж өгдөг.

Баримт нотолгоогоор буруутгахын оронд хоосон, увайгүй үгээр дайрч давшлахаас зайлсхий. Бичвэрээ хянаж, иймэрхүү өнгө аяс орсон эсэхийг шалгаж, хас.

Манай бэлтгэсэн видеонуудаас