Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
Найруулга зүйн элементүүд
Хэв маягаа тодорхойлохдоо бусдаас суралц
Бичвэрийн бүтэц: Цаг хугацааны дэс дараалал уу, зураглал уу?
Он цагийн дэс дарааллыг бүтээх
Түлхүүр баримтыг ашиглах
Найруулга зүйн арга техник
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Найруулга зүйн арга техник

1. "Гол цөм" буюу та таамгаа хэрхэх вэ?
Хаа нэгтээ өгүүллийнхээ эхний хэсэгт хүмүүст хэлэх гэсэн гол санаа, өгүүллийнхээ гол цөмийг бич. (Дараа нь яагаад энэ асуудлыг хөндөх болсноо дэлгэрүүл).

Хэрэв та таамаг дэвшүүлж, түүнийгээ нотолж чадсан бол тэр нь таны өгүүллийн гол цөм байх болно. Хэрэв ийнхүү гол санаагаа хэлэхгүй бол үзэгчид таныг юун тухай, яагаад яриад байгааг ойлгохгүй үлдэнэ.

Шилдэг бүтээлээр шалгарсан нэгэн өгүүллээс авсан “гол цөм”-ийн жишээг толилууж байна. "1992 онд социалист Засгийн газраас улс төрчдийн цалингийн орлогыг хянах замаар тэднийг хэд хэдэн албан тушаал зэрэг хашихыг цээрлэх Францын гажиг тогтолцоо үйлчилж байв. Гэвч тэд улс төрчдийн цалингаас гадуурх орлогыг тооцохоо мартсан байв. Манай эрэн сурвалжлах баг сүүлийн арван жилд төрөөс баруун, зүүн жигүүрийн улс төрчдийн халаасанд 45 сая доллар нууцаар шилжүүлсэнийг олж илрүүлсэн юм."

Цөм хэсгээ богинохон, цөөн өгүүлбэрээр томъёол. Хэрэв дээрх жишээтэй ойролцоо жижиг зай талбайд өгүүллийнхээ гол санааг илэрхийлж чадахгүй бол та хэлэх гэсэн санаагаа өөрөө ч бүрэн ойлгоогүй байна гэсэн үг.

2. Шударга бус явдлын нүүр царай:

Хувь хүний дүрийг бүтээх
Нөхцөл байдлыг хувь хүний шинж чанар, хувь тавилангаар дамжуулж харуулах аргыг утга зохиолд эртнээс ашиглаж иржээ. Энэ аргыг сэтгүүлзүйд магад хэт их ашигладаг ч байж болно, гэхдээ л энэ нь өнөөг хүртэл өгүүллийн “зүрхийг” мэдрэх гэж хичээж буй сэтгүүлчийн хувьд ч, үзэгчийн хувьд ч амин чухал байсаар байна. Жишээ нь хохирогчийг харуулах нь өгүүллийн гол санааг үзэгчдэд шууд хүргэх хүчирхэг арга байж болно.

Өөр нэг боломж бол үйл явдлын орчинг дүрслэн харуулах байдлаар өгүүллийг эхлэх. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлыг нүдэнд харагдтал дүрслээд асуудлын гүн рүү орно гэсэн үг. Гэхдээ энэ арга нь гол баатаргүйгээр, түүний онцлог, шинж чанарыг харуулахгүйгээр хүмүүст хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадахгүй юм.

Хэрэв та хувь хүний хувь заяагаар дамжуулж санаагаа илэрхийлэх гэж буй бол дараах зүйлүүдийг анхаараарай.
• Таны сонгосон жишээ өгүүллийн агуулгатай нягт уялдсан байх.
Сүр дуулиантай үйл явдлыг харуулаад, дараа нь “өгүүлэх түүх маань өөр асуудалтай холбоотой юм” гэж л битгий хэлээрэй.
• Ямар ч жишээг ганцхан удаа, гэхдээ маш оновчтой ашигла.
Та өгүүлэлдээ зөвхөн нэг л тохиолдлыг нурших гээгүй бол жишээгээ ахин дахин бүү давт.
Шилдэг бүтээлээр шалгарсан доорх өгүүлэлд охиныхоо маш гунигтай түүхийг өгүүлсэн нэгэн ээжийн ярианаас учир дутагдалтай хуулийн улмаас түүний охинд ямар эмгэнэлт амьдрал тохиосныг бид ойлгох болно.

“Карол Кастеллона охиноо тэр үед үхчихсэн байсан бол дээр байх байсан гэж бодох үе нэг биш удаа гарч байжээ.
1984 онд эхийнхээ хэвлийд 23 долоо хоногтой байхдаа мэндэлсэн Серена Кастолина дутуу төрсний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон 250 мянга гаруй хүүхдийн нэг юм. 1982-1984 онд хэрэгжиж байсан “Нярайн тухай хууль”-д дутуу төрсөн нярайг амьдруулахын төлөө чадах бүхнээ хийхгүй байх нь эмчийн хувьд гэмт хэрэг хэмээн заасан байдаг. Энэхүү хуулийн дагуу хүчээр амьд үлдээсэн боловч төрснийх нь дараа гэр бүлтэй нь хамт зөнд нь орхисон зовлонт хүүхдүүдийн нэг бол Серена.

Анхаарал халамжаас орхигдсон олон ийм хүүхдийн нэгэн адил Серена Кастелино хэдхэн жилийн өмнө төрсөн бол амьд үлдэхгүй байлаа. Учир нь тэрээр төрөлхийн хараагүй, дээр нь тархины гэмтэлтэйн улмаас ярьж, юм зажилж чаддаггүй. Тэрээр амьдралынхаа эхний найман сард уушигны болон хэвлийн хөндийн хагалгаанд ямар ч нойрсуулагчгүйгээр зургаан удаа оржээ.

“Хэрвээ би хугацаанаасаа хэт эрт төрсөн хүүхэд ямар зовлонг амсдагийг мэддэг байсан бол би охиноо энэ замаар явуулахыг хүсэхгүй л байсан” гэж Нью Жерси дэх Хараагүй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төвийг үүсгэн байгуулагч, тус төвийн ерөнхийлөгч Карол Кастелено ярьсан. “Би охиноо хайрлаж, эрхэмлэж явдаг. Би түүнийг явуулахыг хэзээ ч хүсэж байгаагүй. Гэхдээ хэрэв би хугацаанаасаа өмнө төрөх болбол хэзээ ч эмнэлэг явахгүй, гэртээ үлдээд жам ёсоороо болог хэмээн хүлээх байлаа.”

Энэ хэсгээс дараах зүйлүүдийг анхаар.
• Охиныхоо хувь заяанд гомдон аргаа барах Карол Кастеланогийн дүр үзэгчдэд “Ямар эх хүн яагаад хүүхдээ үхчихсэн байхыг хүсэх билээ?” хэмээх асуултыг төрүүлнэ.
• Эндээс бид өгүүллийн цөмд шууд шилжин энэ өгүүллийг яагаад бичих болсноо танилцуулах боломжтой болж байна.
• Гуравдахь хэсэгт үнэхээрийн сэтгэл эмзэглүүлэх зүйлийг нарийвчлан харуулна. Үзэгчид хэт их зовлон шаналыг хүлээн авч чаддаггүй учир Карол Кастеллогийн тайван ярианд анхаарлыг чиглүүлснээр үзэгчид түүний биеэрээ туулж ойлгосон мэдлэг туршлагаас суралцах төдийгүй зовж шаналсан хүүхдийн тухай бодож эргэцүүлэхээс түр амсхийх боломжийг өгнө.

3. Хохирогчийн өмнө өөрийгөө тавихаас болгоомжил.
Сэтгүүлч хохирогчийн тухай бичиж, нэвтрүүлэхдээ өөрийнхөө үзэн ядалт, жигшсэн эсвэл өрөвдсөн сэтгэлийг товойлгон илэрхийлж, хохирогчөөс илүү өөртөө анхаарал хандуулдаг. Энэ алдааг гаргах тун амархан юм.

Францад үр хөндөлтийн тухай эрэн сурвалжилсан бүтээл дээр ажиллаж байхад хэсэг оюутан нэгэн эмэгтэйн үр хөндүүлсэн явдал “хар дарсан зүүд мэт” байсныг харуулаад, “Эмэгтэй болон түүний нөхөр энэ аймшгийн явдлыг насан туршдаа мартахгүй... Шоконд орсон залуу хос юу ч ойлгохоо болив” гэх мэтчилэн бичсэн байв. Сурвалжлагчийн тайлбар буюу түүний үзэл бодол хохирогчийн зовлон шаналыг гэнэт давамгайлан тодорч буйг анзаарч байна уу? Сурвалжлагч зовлон шаналалыг харахаас өөрийн эрхгүй зайлсхийж байна. Ингэснээр өөрийгөө хохирогчоос илүү чухалд үзэж буй сэтгүүлчийг л үзэгч харах болно. Хэрвээ таны өгүүлэлд зовлон зүдгүүртэй хэн нэгний тухай өгүүлж байгаа бол өөрийгөө биш тэднийг харуул.

Та урагшаа нэг алхсан ч хохирогчийн урд биш дэргэд нь байх ёстой.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сонгодог зорилго бол өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах явдал юм. Энэ нь Burkina Faso-д гардаг Норберт Зонго, J’accuse-д гардаг Зола болон бусад олон дүрээр илэрдэг. Хэрэв та ийм дүрийг бүтээж байгаа бол өөрийн зан чанар, оролцоог харуулах нь зүйн хэрэг. Гэхдээ танд хохирогчийг хамгаалахад туслах бус харин өөрийн хувийн нэр төрийг өсгөх гэсэн өчүүхэн төдий санаа байваас болгоомжлоорой.

4. Эх сурвалжийг яриул
Эх сурвалжийн хэдийнэ хэлчихсэн зүйлийг сэтгүүлч өөрийнхөөрөө өгүүлэх гэж хамаг цагаа дэмий үрэх нь хайран юм. Тухайн үйл явдалд биеэр байлцсан хүн л нөхцөл байдлыг хамгийн оновчтой, итгэл үнэмшилтэйгээр илэрхийлж чаддаг. Эх сурвалжийн бүрэн төгс хэлчихсэн зүйлийг яагаад сайжруулж бичих ёстой гэж?

Нэг шилдэг арга бол эх сурвалжийн хэлснийг бичвэртээ шингээж өөрөө хэлж буй мэт болгон найруулж болдог. Эмнэлгийн дотоод мэдээлэл бүхий хэвлэлийн төлөөлөгчөөр “Нярайн тухай хууль”-ийн аймшигтай үр дагаврын талаар яриулсан жишээг дор танилцуулж байна:

“Өнгөрсөн жил Лос-Анжелесийн Сидарс Синай эмнэлэгийн эмч нар дөнгөж дөрвөн зуун грамм төрсөн хүүхдийг аварч чадсан. 6 сарын хугацаа өнгөрч, 1 сая доллар эмнэлэгийн төлбөрт төлсний дараа тэр хүүхдийг эмнэлэгээс гаргажээ. Гэвч тэр хүү 2 долоо хоногийн дараа нас барсан. “Азаар тэр гэр бүл нөхөн төлбөрийн даатгалтай байсан” гэж тус эмнэлэгийн хэвлэлийн төлөөлөгч Чарли Лэхай хэлсэн юм. “Хүүхэд нь аль хэдийнэ нас барчихсан байхад 1 сая долларын төлбөр төлнө гэдэг юу гэсэн үг вэ, та төсөөлж байна уу?”

Доорх жишээнд бид Үндэсний Фронтын албан тушаалтны хэлсэн урт үгийг дуу хураагчид буулган эх сурвалж болгож ашигласан юм. (Дуу хураагчаар хадгалсан зүйлийг цаасан дээр буулгахад цаг их зарцуулдаг тул бид төдийлөн ашиглах дургүй байдаг. Гэхдээ Үндэсний Фронтынхон гүтгэлгийн асуудлаар шүүхэд заргалдах дуртай байдаг тул бид дуу хураагчийг нотлох баримт болгон ашигладаг.)

Доорх хэсгийн мэдээллийн үнэ цэнэ бараг тэгтэй тэнцэх бөгөөд эх сурвалж ямар ч утгагүй зүйл ярьж байгаа юм. Гэхдээ тэр хүний сэтгэж байгаа нь чухал бөгөөд анхаарал татаж байна. Үүнийг бид доор яриаг бүтнээр нь ашиглахгүйгээр гаргаж харуулж чадахааргүй байсан юм. Бүтээл хэвлэгдсэний дараа энэ ишлэлийг нэгэн сэтгүүл хамгийн түрүүнд сонгож авч нийтэлсэн байв.

“Засгийн газар болон түүний хамсаатнуудад хүүхдийг садар самуунд уруу татсаныхаа төлөө шоронд суухаар хүмүүс ч ажилладаг. Чи намайг сонсож байна уу? Чи намайг сонсож байна уу? Танд үүнийг Рожер Хулэндэр хэлсэн гэж хэлж болно. Цаг 16.45 болж байх шиг байна. ТА НАМАЙГ СОНСОЖ БАЙНА УУ? За яах вэ, би нэг орой “энэ завхарсан амьтдыг дүүжлэх ёстой” гэж хэлсэн. Гэтэл өрөөнд байсан нэг эмэгтэй “Ноён Хулэндэр, Та муухай юм ярьж байна. Яагаад тэднийг дүүжлэх ёстой гэж?” хэмээн асуулаа. Харин би хариуд нь “Хатагтай та pedophilia гэж юу болохыг мэдэх юм уу?” хэмээн лавлав. Тэрээр үгүй, би мэдэхгүй гэв. Тэгвэл сонсож бай. ГУРАВ, ДӨРӨВ, ТАВХАН НАСТАЙ ХҮҮХДИЙГ ӨӨРИЙНХӨӨ БАЙР СУУРИЙГ АШИГЛАН ХҮЧИНДЭХИЙГ ХЭЛДЭГ ЮМ! “Өө, тэгвэл бид тэднийг дүүжлэх ёстой юм байна”, “Хатагтай та хэлсэн шүү!”

Хүмүүс зөвхөн баримт олж авахын тулд таныг сонсдог гэж эндүүрэвзэй. Тэд таны сонгосон эх сурвалжийн зан чанар, дууны өнгө, хэмнэлийг мэдрэхийг хүсдэг. Харилцан яриа бол эдгээр элементүүдийг илэрхийлэх хамгийн сайн зэмсэг юм. Хэрэгцээнийхээ дагуу, мөн үр нөлөөг нь бодолцож хасаж танаж болно, гэхдээ хэрэгтэй үедээ заавал ашиглаарай.

5. Анхан шатны засвар хийх
Редакторлох ажил бол өгүүллийг сайжруулах урлаг. Хөндлөнгийн редакторууд наад зах нь таны өгүүллийг баяжуулах материал санал болгох, түүнчлэн бичлэгээ сайжруулах арга замыг эвтэйхнээр хэлж өгөх чадвартай байх ёстой. Гэхдээ хэн нэгэн үүнийг хийж өгөхийг хүлээлгүйгээр редакторлох үйл явц үргэлж явагдаж байх нь зүйтэй. Сэдэв, үг хэллэгээ тодотгож, цаг үргэлж бичвэрээ сайжруулж байх дадалд суралцахтун.

Сүүлчийн удаа засаж сайжруулсан бичвэрийн хувилбаруудаа өөр өөр нэрээр хадгалж байх (жишээ нь: огноо, зассан дугаараар) шаардлагатай бөгөөд энэ нь алдаатай болон хамгийн сүүлийн хувилбараа олоход тань тусалдаг.

а. Редакторлох гурван шалгуур
Редакторлох нь таны бүтээлийг илүү тунгалаг, илүү жигд хэмнэлтэй болгодог. Доорх шалгуурууд танд бүтээлээ чанартай болгоход тусална. Редакторлосон бүтээл гурван үндсэн шалгуурыг хангах ёстой:

• Учир зүйн авцалдаа байна уу?
Бүхий л нарийвчилсан мэдээлэл хоорондоо уялдаж байна уу? Баримт нотолгооноос гарч ирсэн зөрчлүүдийг шийдвэрлэж чадсан байна уу?
• Мэдээлэл бүрэн дүүрэн байна уу?
Өгүүллээс урган гарч буй бүх асуултад хариу өгсөн байна уу? Баримт бүрийн эх сурвалжийг оновчтой тодорхойлж чадсан уу?
• Сэтгэл хөдөлгөж байна уу?
Хэрэв өгүүлэл тань удааширч, эсвэл агуулга нь давтагдаж байвал та үзэгчээ алдах болно.
Эдгээр шалгуурыг таны бүтээл хангаж байгаа эсэхийг мэдэх хамгийн сайн арга бол уншиж үзэж буй хүн таны юу яриад байгааг ойлгохооргүй тийм хэсэг байгаа эсэхийг шалгаж үзэх явдал байдаг. Найруулгын алдаа гаргах хамгийн түгээмэл алдаа болон тэдгээрийг хялбархан байдлаар залруулах боломжийг доор дурьдав:
• Тухайн хэсгийг дотоод мэдээлэлд тулгуурлан мэргэжлийн болон албаны үг хэллэгээр бичсэн байх.
Үүнийг засахын тулд аль болох энгийн хэлээр бичиж, мэргэжлийн үгнээс зайлсхийнэ.
• Өгүүлбэрүүд хэт урт байх.
Урт өгүүлбэрүүдийг богино болгож бич. Гэхдээ хэт олон жижиг өгүүлбэр урт өгүүлбэртэй адилхан нөлөө үзүүлдэг гэдгийг анхаарах.
• Догол мөрүүд хэт урт байх.
Хүн, орчин, санаа өөрчлөгдөх бүрт шинэ догол мөрнөөс бич.

б. Сайн өгүүлэл галт тэрэг шиг байдаг
Бүтээл тань хүрэх газрын зүгт найдвартай авч явна. Замдаа зорчигч нэмж авах, эсвэл гайхамшигтай үзэгдэл дээр анхаарлыг төлвлөрүүлэх үүднээс алгуурлаж болно, гэхдээ зогсож болохгүй. Бичих, хянан засварлахдаа өгүүллийнхээ хэмнэлд анхаар. Үзэгч, уншигчийг нэг хэсгээс нөгөөд зөөн аваачих хэрэгтэй. Ингэж чадахгүй бол өгүүлэл тань болохгүй байна гэсэн үг. Гэхдээ өгүүллээ бүтнээр нь өөрчлөх хэрэггүй. Асуудалтай байгаа хэсгүүдээ тодорхойлж, илүү үр нөлөөтэй болгохын тулд материал нэмж оруулах эсвэл хасах хэрэгтэй.

в. Зайлшгүй тохиолдолд л дахиж бич
Хэрэв өгүүлэл тань уялдаа холбоогүй, бүрэн дүүрэн бус болох нь батлагдаж, түүнийг хүчтэй хэмнэлд шилжүүлэх шаардлагатай тохиолдолд та зөвхөн нэг юмуу хоёр үгийг өөрчлөх биш, бүтцээр нь өөрчилж дахин бич. Ингэхдээ сайн болсон хэсгүүдийг хөндөхөөс зайлсхийж зөвхөн алдаатай хэсэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд болж өгөхгүй байгаа хэсгийг илүү товчлох шаардлагатай байдаг. Уншигч, үзэгчид хүргэх гэсэн хамгийн хүчтэй сайн хэсгээ сонгон авч, түүнийхээ эргэн тойрныг сайжруулж, үлдсэн хэсгийг нь орхи.

г. Бичихэд тулгардаг бэрхшээлийн 95 хувийг шийдэх гурван зам:
Тана, тана, дахин тана.
Асуудалтай хэсгүүдийг засварлах хамгийн хялбар бөгөөд сайн арга бол танаж хасах. Хэрэв та аль нэг хэсгийг гурваас олон удаа шинээр бичих гэж оролдсон бол энэ нь хэтэрхий их цаг барсан ажил тул үүнийг орхиж дараагийн хэсэг рүүгээ орсон нь дээр.

Эрнест Хэмингуэйн “Хонх хэнийг дуудна вэ” туужид 60-аас олон удаа засварлан бичсэн хэсэг байдаг гэдэг. Гэлээ ч гэсэн энэ бол тийм ч зөв арга биш. Хэмингуэй бичсэн зүйлээ сайжруулж чадахгүй байсан юм бол та ч гэсэн чадахгүй. Тиймээс хас.

д. Бичвэрийн алдаанаас сургамж ав
Хэрэв тухайн хэсгээс юу ч ойлгогдохгүй байвал, та хэлэх гэсэн санаагаа ойлгоогүй байгаа эсвэл хэлэх гэсэн зүйл тань үнэн биш гэсэн үг. Ихэвчлэн сүүлийнх нь байдаг. Хэрэв танах боломжгүй тийм чухал санаа байвал үнэхээр юу хэлэхийг хүсэж буйгаа бодох цаг гарга. Энэ нь бичих ажлын салхгүй хэсэг бөгөөд чухам ийм үед л бүтээл илүү хүчтэй, уран яруу болж ажил урагшилдаг.

ж. Хэр том бүтээл байх вэ?
30 жилийн өмнө АНУ-д сэтгүүлийн өгүүлэл 7000 орчим үгтэй байх нь түгээмэл байв. Өнөөдөр сонин, сэтгүүлд 2500–аас илүү үгтэй ялангуяа эрэн сурвалжилсан өгүүллүүд ховор болжээ. Түүнчлэн кино болон видео зах зээл ч эрэн сурвалжилсан бүтээл маш богино хэмжээтэй байхыг шаардаж байна.

Үүнийг шийдвэрлэх нэг боломж бол бүтээлээ нийтэд хүргэхийн тулд зай талбайн хэмжээ хязгаарыг хүлээн зөвшөөрөх явдал. Илүү товч цомхон бүтээлийг уншиж, үзэхэд ч хялбар байхаас гадна илүү хүчтэй нөлөөлдөг.

Хоёр дахь шийдэл бол хасаж танахаас өөр арга замыг санал болгох. Сэтгүүлзүйн түүхэнд томоохон бүтээлийг үзэгчдэд ч, хэвлэл мэдээллийн байгууллагад ч ашигтай байдлаар түгээх олон арга хэрэгслийг ашиглаж ирсэн.

• Цуврал:
Бүлэг бүлгээр нь цуврал болгон бич.
Нэг урт өгүүллийн оронд хэд хэдэн цуврал богино өгүүлэл бич. Үүнийг нийтлэхэд ч хялбар байх болно. Түүнчлэн үүнийг сурталчилж хэрэглэгчдийн анхаарлыг татахад ч илүү хялбар байна. Яагаад гэвэл цувралаар нийтэлж буй хэсэг болгон тань дараагийн хэсэгт анхаарлыг хандуулна. Мөн хэвлэл мэдээллээр бүлгүүдийг бүтнээр нь дахин хэвлэх ч боломж бий.

• Дамнуулан нийтлэх:
Янз бүрийн мэдээллийн хэрэгслээр өгүүллийг дамнуулан нийтлэх
Сонинд зөвхөн богино хэмжээний өгүүлэл нийтлэх боломж байж магадгүй. Гэтэл вэб сайтад илүү урт дэлгэрэнгүй хувилбарыг тавих боломж гарч болно. Иймд танд янз бүрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан өргөн хүрээнд түгээх боломж бий учир та өөрийнхөө бичсэн өгүүллийг урт, богино хувилбараар нь хадгалж бай.

• Брэнд бий болгох:
Тогтмол нийтлэх замаар хүлээлт үүсгэх
Танд хэр их зай талбай хэрэгтэй байна вэ? Маш олон эрэн сурвалжилсан өгүүлэл хэт урт, нуршуу байдаг. Ихэвчлэн эдгээр нь нэг бус олон өгүүлэл биччих материал агуулж байдаг. Тиймээс нэг том дуулиантай өгүүлэл нийтэлснээс байгаа материалаа ашиглаж тухайн сэдэвтэй холбоотой хэд хэдэн жижиг нийтлэл гаргах боломжийг судалж үз. Эдгээр нь цуврал нийтлэлээс арай хол зайтайгаар гарах боловч хэт удааж гаргавал сэтгүүлчийн дэвшүүлсэн асуудал, мэдлэг туршлагыг олон нийт мартах болно. Энэ бол сэтгүүлч өөрийн брэндээ бий болгох, түүнчлэн хэвлэл мэдээллийн брэндийг бий болгох нэг арга юм.

6. Төгсгөх эрмэлзэл
Өгүүлэх урлаг нь сэтгэлд хүрэхүйц, утга яруу төгсгөлийг шаарддаг. Харамсалтай нь бодит байдал дээр сэтгүүлчид ийм төгсгөлийг зохиож бичих эрхгүй байдаг. Гэхдээ бид өгүүллийг төгсгөх биш, хаах ёстой. Үүнд асар том ялгаа бий. Төгсгөл бол тухайн өгүүлэлд гарсан бүх асуудлыг шийдэж өгнө. Хаалт бол өгүүлэл цааш үргэлжлэхгүй болсныг тэмдэглэнэ.

Нэг талаар та өгүүлэлд эцсийн шийдэл байхгүй байхад тийм зүйл бий болгох гэж эрмэлзэхээс болгоомжлох нь зүйтэй. Гэхдээ нөгөө талаар цаашид ер нь ямар шийдэл байж болох талаар санал дэвшүүлэх хэрэгтэй. Алберт Лондрес Гуанна дахь Францын хорих колонийн тухайн эрэн сурвалжилсан бүтээлээ “Би дууслаа. Одоо Засгийн газар ажлаа эхлэх ёстой” хэмээн дуусгаж байжээ.

Хэн нэгэнд тухайн асуудлыг хэрхэн шийдэх санаа байгаа бол үүнийгээ уншигчдад хүргэ. Эсвэл өөрийнхөө санааг дэвшүүл, яагаад гэвэл та эрэн сурвалжлага хийсэн тул тухайн сэдвийг сайн мэдэж буй мэргэжилтнүүдийн нэг. Ингэснээр та ижил төстэй асуудлыг шийдсэн хүмүүсийн анхаарлыг татаж, үүнийг хариуцаж буй албан тушаалтнуудад яг одоо шийдвэр гаргах шаардлагатайг сануулна. Нэг сайн арга бол өгүүллийн гол баатраар сүүлийн хэсгийг хэлүүлэх.

Өөр нэг арга бол судалгаа хийх явцдаа өгүүллийнхээ төгсгөлд оруулж болох хэсгийг ухамсартайгаар цуглуулах. Францад болсон халдвартай цусны талаарх дуулиантай хэргээс хийсэн эрэн сурвалжлага шилдэг бичлэгийн шагнал хүртсэн бөгөөд эндээс жишээ авъя. Бүтээлийг эх сурвалжийн мэдэгдэл, үйл явдлын газрын дүрслэл болон эцсийн дүгнэлтээр дуусгасан байдаг:

“Эмч хүн бусдыг бодвол илүү хариуцлагатай байх ёстой юу? Яагаад жишээлбэл энэ эмчийг буруутгах ёстой гэж? Шүүх хурал дээр түүнийг яагаад ажлаасаа огцорч, бодит байдлыг нийтэд мэдээлээгүй юм бэ гэж асуухад “Би хүүхдүүдээ тэжээх ёстой” гэсэн юм. Хурлын танхимд түүний ар талаарх бусармаг хэрэгтээ ашиглаж байсан хүүхдүүдийн ар гэрийнхэн нь дүүрэн байв. Тэдний үрс үхсэн. Учир нь энэ эрэгтэй болон нэрийг нь бид хэзээ ч олж мэдэхгүй өөр олон эмч тэдний хөвгүүдийг хуурч мэхлэсэн.”

Та өөрөө, эсвэл хэн нэгэн таны өмнөөс төгсгөлийн үгийг хэлсэн байсан аль ч тохиолдолд сүүлийн үг тань үнэн үг байх ёстой. Ихэнх эрэн сурвалжилсан бүтээлд зохиогч өгүүллээрээ дамжуулан юу хэлэх гэснээ сайн мэдрээгүй эсвэл шууд хэлэхээс өөрийн мэдэлгүй болгоомжилсноос сүүлийн хэсгээ баллаад хаячихдаг.

Бид хамгийн түгээмэл тохиолддог хоёр алдааг давтан хэлье:
“Магадгүй, энд өгүүлсэн хүн тийм ч муу хүн биш байх” хэмээн дуусгах тохолдолд энэ бол та биш, таны айдас дуугарч байна: Ингэснээр та шүүмжлэн илчилсэн хүнээсээ өршөөл хайж байгаа хэрэг биш үү? (Алдарт сэтгэл зүйч Эрих Фроммын хэлсэнчлэн, зарим хүн Гитлерийг шүтэн биширдэг гэж хэлдэг боловч үнэн хэрэгтээ Гитлерээс айдаг гэж өөрийгөө доош хийхгүйн тулд тэгдэг аж.)

Эсвэл та “Амьдрал бүхэлдээ л бэрхшээлүүд юм. Гэхдээ сайн санаат бидний нөхдүүд үүнийг шийдэхээр тэмцэж байна” хэмээн хэлсэн цэцэн мэргэн, нэр хүнд бүхий эх сурвалжийн үгийг ишлэх юм бол та өөртөө итгэлгүй байгаагийн шинж. Дөнгөж сая л та бүтээлдээ байдал тийм биш гэдгийг хэллээ шүү дээ.

Та олсон зүйлээ хүлээн зөвшөөр. Энэ нь таны бодож байгаагаас ч хэцүү, гэхдээ таны ажлыг илүү амжилттай болгоно. Хэрэв судалгааны явцад дүгнэлт хийх эрхийг олж авсан бол дүгнэ. Гэхдээ түүнийгээ хэмжээ хязгаартай, шударга, үнэн байлгахад анхаар. Харин Үнэн гэж нотлогдсон зүйлээ бүү няцаа.

Манай бэлтгэсэн видеонуудаас