Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
Баримтын шалгалт гэж юу вэ?
Ёсзүйн хяналт
Баримтын шалгалтад түлхүүр баримтаа ашиглах
Баримтын шалгалттай холбоотой сэтгэлзүйн үр нөлөө
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Баримтын шалгалт гэж юу вэ?

Дэлхий даяар эрэн сурвалжлах багт редактор юм уу бүр баримтын шалгалт хариуцсан орон тооны ажилтныг багтаан ажиллуулдаг. Ийм үүрэг бүхий хүн эрэн сурвалжлагыг төгс зохион байгуулж бичсэн эсэхийг хянана.

Энэхүү ажил дөрвөн үндсэн хэсгээс бүрддэг:
• Хамгийн нэгдүгээрт та үнэн бодит түүхийг ярьж буйг баталгаажуулах шаардлагатай. Тухайн өгүүлэлд орсон бүх баримт үнэн байхаас гадна тэдгээр баримт уялдан авцалдаж, бүгд нэг том үнэнийг нотлох ёстой. Өөр хэн нэгний тайлбар таны хэлж буй зүйлээс илүү утга төгөлдөр байх юм бол таны өгүүлэлд асуудал байна гэсэн үг.

• Үүний дараа өгүүлэлд орсон баримтат мэдэгдэл болгон эх сурвалжтай бөгөөд тэдгээр эх сурвалжийг та мэднэ гэдгээ баталгаажуулна.

• Эх сурвалжуудаа нягтлан баталгаажуулах явцад мөн ашигласан баримтанд алдаа байгаа эсэхийг давхар хянана.

• Үүний зэрэгцээгээр өгүүлэлд орсон шаардлагагүй мэдээлэл, үг хэллэгийг хасах буюу мэргэжлийн хэллэгээр усыг нь шахна. Үүнд та уур уцаартай, ядарсан, бухимдсан байхдаа бичсэн дайралт, хэрүүлийн үг мөн багтана.

Давтаж хэлье: Та өгүүллээ зөв бичиж, баримтыг шалган залруулаад, бичлэгийн өнгө аяс тохиромжтой байгаа эсэхийг нягтална.

Коламбиа Жоурнализм Ривьюгийн баримт шалгагч, бидний анд нөхөр Ариэль Харт хэлэхдээ, “Таван нүүр ч бай, хоёр мөр ч бай, алдаагүй бүтээл би огт үзээгүй” гэсэн юм.

Тэрээр мөн “Яг үнэндээ бол алдаа гээд байгаа зарим зүйл нь тухай асуудлыг яаж харахаас л шалтгаалж байдаг. Гэхдээ ихэнх бичигчид тэдгээрийг өөрчлөхийг зөвшөөрдөг. Харин бараг бүх бүтээлд баримтын алдаа байдаг: Оныг сольж бичсэн, хуучин мэдээлэл ашигласан, нэрийг буруу бичсэн, байнга гардаг боловч буруу мэдээллийг ашигласан гэх мэт. Үүн дээр бичигчийн ой санамжаас гарсан баримтын алдаа нэмэгддэг. “Үүнийг шалгаад хэрэггүй дээ, би зөв гэдгийг нь яг мэдэж байна” гэх үед л алдаа их гардаг.”

Та гарцаагүй алдаа хийнэ. Хүн бүхэн л алддаг.

Заримдаа таны хэлж буй байдал алдаатай байдаг бол зарим үед хэлж буй зүйлийн агуулга нь буруу байх. Аль ч тохиолдолд энэ бол алдаа. Ухаантай хүмүүс алдаагаа засдаг, харин сайн дурынхан үүнийг хүмүүс анзаарахгүй байх гэж найддаг. Харамсалтай нь хэн нэгэн заавал анзаардаг бөгөөд ихэнхдээ тэр нь таны найз биш байдаг. Хэрэв та алдаагаа хүлээн зөвшөөрч, түүнийг засахгүй юм бол, мөн үүндээ найрсгаар хандаж чадахгүй бол хандлагаа өөрчил, эсвэл мэргэжлээ соль.

Танай байгууллагад урьд өмнө хэн нэгэн баримтын шалгалт хийж байгаагүй байж болно, магад та өөрөө ч аль нэг бүтээлээ ийнхүү нягталж байгаагүй байх. Тиймээс үүнийг хэрхэн хийхийг доор танилцуулж байна:

• Үүнд дор хаяж хоёр хүн оролцох бөгөөд нэг нь бүтээлийг бичсэн хүн, нөгөөх нь хянагч байна. Хоёуланд нь бүтээлийн нэг хувь байх ёстой.

• Эхлээд бүтээлийг нийтэд нь уншиж, ерөнхий ойлголттой болох хэрэгтэй. Нэг талыг барьсан байна уу, хэр зэрэг шударга бичсэн байна, ямар нэг зүйлийг дутуу орхисон мэт сэтгэгдэл төрж байна уу? Энэ талаар хэн өөр дүр зургийг гаргаж өгч чадах вэ гэх мэт.

• Дараа нь өгүүллийг ахиад эхнээс нь, мөр мөрөөр нь, баримт бүрийг нягтлана. “Үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?” хэмээн асуух хянагч нь редактор, хамтран ажиллагч, эсвэл зүгээр л мэргэжилдээ сайн найз тань байж болно.

• Бүтээлийг бичсэн хүн эх сурвалжуудаа нэрлэх бөгөөд хэрэв эх сурвалж нь баримт бичиг байвал түүнийг хоёр тал хамтран үзэж, түүнийг зөв ишлэсэн эсэхийг шалгана. Хэрэв эх сурвалж нь ярилцлага байвал шалгагч бичигч хоёр ярилцлагын тэмдэглэлийг уншина, эсвэл бичлэгийг сонсоно.

• Эх сурвалж байхгүй бол олох хэрэгтэй болно. Олдохгүй бол тухайн хэсгийг хасна.

• Бичигч өгүүллийн баатрын зорилго, санаа бодлыг хэрхэн тайлбарласанд онцгой анхаарч, үзэл бодол орсон хэсгийг ерөнхийдөө хасна. Харин нөхцөл байдлыг тодруулахад заавал байх шаардлагатай баримт, жишээлбэл тухайн хүний сэтгэл санааны байдлыг илэрхийлэх өдрийн тэмдэглэл байх юм бол үүнийг үлдээж болно.

Энэ үйл явц тийм ч хэцүү биш гэдгийг та харж байгаа байх. Бага зэрэг уйтгартай ч юм шиг санагдаж магад. Гэхдээ бидэнд итгээрэй, энэ ажил ямар ч байж болно, лав л уйтгартай биш. Учир нь хянан шалгах явц ахих тусам өгүүлэл амь орж, үр дагавар нь барьцтай болж эхэлдэг. Үүнийг хийх нь ямар ч байсан шүүх хуралд оролцож, юу ярьж байснаа мэдээгүй хэмээн өөрийгөө хамгаалахаас хавьгүй дээр юм шүү.

Манай бэлтгэсэн видеонуудаас