Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
Баримтын шалгалт гэж юу вэ?
Ёсзүйн хяналт
Баримтын шалгалтад түлхүүр баримтаа ашиглах
Баримтын шалгалттай холбоотой сэтгэлзүйн үр нөлөө
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Ёсзүйн хяналт

Буруушаах эрхээ хэтрүүлж бүү ашигла.
Таны бүтээл уур хилэнг өдөөх нь зүйн хэрэг. Ийм үед таны эрх зүйн эрсдэл эрс нэмэгдэх бөгөөд хэрэг нь илэрсэн хүн уурандаа хүчирхийлэл үйлдэхээс ч буцахгүй болж мэдэх юм. Мэдээж сэтгүүлчид үе үе хүмүүсийг буруушааж, шоолох ч тохиолдол бий. Үүнийг ихэвчлэн редакцийн өгүүллээр хийх учиртай, яагаад гэвэл редакцийн өгүүлэл гэдэг бол үзэл бодол бөгөөд хүн бүхэн л үзэл бодолтой байдаг. Харин шоолонгуй, эсвэл дайсагнасан хандлагыг эрэн сурвалжлагатай холбох юм бол үр дагавар нь хавьгүй харгис байх болно.

Эрх мэдлээ буруугаар ашиглахгүй байхад сурвалжлагчид маш ихээр анхаарах ёстой. Эрэн сурвалжилсан бүтээл тань хэн нэгэнд хүнд шийтгэл дагуулж байгаа бол үүн дээр нь хувийн уур хилэнгээ нэмэрлээд хэрэггүй.

Бидний учирч байсан ихэнх тохиолдолд сурвалжлагчид ядарсан, эсвэл айсан үедээ маш их давшламтгай болдог. Ядаргаанд орсон хүн стресстэй холбоотойгоор тулааны бэлэн байдалд ордог бөгөөд уурласан хүн ч яг адилхан байдаг. Танд юу ч тохиолдохгүй гэх гэнэн зан битгий гарга. Тохиолдож болно, бэлэн бай. Нөгөө талаар өгүүлэлд оруулах үг хэллэгээ ухамсартайгаар сонго.

Дайрч буй хүндээ хариулах боломж өг
Таны олсон баримт нотолгоонд хариу өгөх боломж олгохгүйгээр хэн нэгнийг хэзээ ч бүү буруушаан дайр. Магад тэд танд ямар ч утгагүй тайлбар өгөх байх. Түүнийг нь ишлэ. Эсвэл тэд хариулахаас татгалзвал хариу өгөхийг хүссэнгүй гэдгийг нь л хачирлаж нэмэлгүйгээр хэл. Тэд сэтгүүлчид мэдээлэл өгөх албагүй, хариулахаас татгалзах нь буруутайн шинж тэмдэг биш. (Эсрэгээрээ, тантай ярилцахыг хүссэн хүн бүр шударга, сайн санаатай байх албагүй.)

Та өөрийгөө бодит аюулд учирна хэмээн бодох үндэслэл байхгүй бол дайсагнах хандлагатай эх сурвалжтай ч холбоо тогтоож, мэдээлэл ав. Үүнийг хийх хамгийн чухал шалтгаан нь, таны буруушаан илчилж буй хүн шалтгаанаа тайлбарлангуут таамаг тань гэв гэнэт ямар ч утгагүй болчихдог. Ийм зүйл бидэнд ч тохиолдож байсан бөгөөд заримдаа хэдэн сарын ажил үр дүнгүй болж байсан удаа бий.

Эх сурвалжаа хүндэтгэх үйл явц
Шведийн SVT телевизийн эрэн сурвалжлах албаны дарга Нилс Хансон сурвалжлагч нараа зөв шүүмжилж сургахын тулд дараах дүрмийг баримтлахыг санал болгожээ:

• Юун түрүүнд бүтээлээ уншаад, хувь хүн, байгууллагын тухай бүх шүүмжлэлийг тодруулан тэмдэглэ.
• Тэдгээр байгууллага, хүмүүст өөрсдийг нь шүүмжлэх гэж байгаа талаар мэдээлсэн үү? Үгүй бол мэдээл. (Таныг ална, эсвэл баривчилна гэх мэт маш ноцтой үндэслэл байхгүй бол.)
• Шүүмжлүүлсэн хүн, байгууллага шүүмжлэлд хариу өгсөн үү. Үгүй бол энд асуудал байж болзошгүй. Ийм материалыг өмнө нь авах хэрэгтэй байсан юм.
• Шүүмжлэлд хариу авах үйлдлээ сурвалжлагч баримтуулсан уу? Ийм зүйлийг судалгааны явцад бүрдүүлж байх нь сурвалжлагчийн үүрэг.
• Шүүмжлүүлсэн хүн, байгууллагад хариу өгөх хангалттай хугацаа өгсөн үү? Таны шүүмжлэл хэр цогц байна, төдий чинээ их хугацааг эсрэг талд өгөх хэрэгтэй.
• Шүүмжлэлд хариу өгөх хүсэлт гаргасан хүн тань тийм эрх бүхий хүн мөн үү? Гайхалтай нь маш олон сурвалжлагч тухайн үед харилцуур утсан дээр байж таарсан нарийн бичиг юм уу ямар нэг техник ажилтантай ярих гэж оролдож, цаадуул нь сурвалжлагчийн юу яриад байгааг ч ойлгодоггүй тохиолдол гардаг.
• Шүүмжлүүлж буй талд өөрийнхөө хамгийн сайн тал, хүчтэй баримтыг гаргаж ирэх боломжийг олгосон уу? Хэрэв үгүй бол та түүний эрхийг зөрчиж байгаагаас гадна өгүүллийнхээ хамгийн сонирхолтой хэсгийг алдаж байж ч мэднэ.
• Ярилцлага өгсөн талаас өөрийнх нь яриаг хэрхэн ашиглах гэж буйтай нийтлэл, нэвтрүүлэг цацагдахаас өмнө танилцах хүсэлт ирсэн үү. Ямар ч эх сурвалж өөрийнхөө ишлэлийг уншиж, илүү нямбай болгох үүднээс засварлах эрхтэй (Гэхдээ хэлсэн зүйлээ хасах биш.) Харин таны бүтээлийг бүтнээр нь унших /үзэхийг шаардах эрхгүй. Ийм эрхийг зарим онцгой тохиолдлыг эс тооцвол ямар ч эх сурвалжид бүү өг. Тухайн эх сурвалжтай холбоотой мэдээлэл бүтээлийн үндсэн хэсгийг эзэлж байгаа бөгөөд түүнд урьдчилан үзүүлэхгүйгээр агуулга нь нийтдээ буруу гарч мэдэх тохиолдолд л, тухайлбал шинжлэх ухааны ээдрээтэй асуудлыг эрэн сурвалжилсан бүтээлд л өгүүллийг бүтнээр нь эх сурвалжид уншуулж болох юм.

Аюултай эх сурвалжтай харьцах үйл явц
Дру Саливан зүүн Европ дахь зохион байгуулалттай гэмт хэргийн талаар гайхалтай бүтээл хийсэн бөгөөд гэмт этгээдүүдтэй харьцахдаа юунд анхаарах тухай жагсаалт гаргасныг доор толилуулж байна. Судалгааны явцад тантай дайсагнаж үзэн ядсан эх сурвалжтай харьцахад ч энэ жагсаалт хэрэг болно:

• Утсаар ярь, эсвэл хүн олонтой газар уулз.
• Тэдэнд хувийн мэдээллээ битгий өг (найз охиныхоо нэр, ажил, эсвэл төрсөн газар гэх мэт)
• Мэргэжлийн түвшинд ажилла. Найзархах, дайсагнах, сээтэгнэх, хөгжилдөх, айлгүйтэх, өдөх зэрэг хандлага бүү гарга.
• Бүтээл нийтлэгдсэний дараа тантай яаж холбоо барьж болох мэдээллийг өг (гэхдээ гэрийнхээ хаягийг хэзээ ч өгч болохгүй!)
• Хамгаалуул. Уулзалтыг ажиглах хоёр дахь сурвалжлагчтай хамт яв, хүндрэл гарвал дохио өгч тусламж хүсэх дугаар ав.

Хамгийн чухал нь айж буйгаа харуулахгүй байх. Айдас нь таныг хийж буй зүйлдээ, эсвэл өөртөө итгэл муутай байгааг илэрхийлнэ. Түүнчлэн айж байгаа хүн амьтан лугаа адил урьдчилан таамаглах аргагүй, зугтах, эсвэл дайрахад бэлэн байдаг тул та аюултай хүний сэтгэгдэл төрүүлнэ.

Мэдээж хэрэг аюулт этгээдүүдтэй уулзах үед айдас бол хэвийн зүйл. Гэхдээ дахин зөвлөхөд, айдсыг ялан дийлэх нэг арга бол мэдэрч буй зүйлээ тэмдэглэн авч шинжлэх явдал байдаг. Ингэснээр таны сэтгэлийн хөдлөл бодит зүйл болж, үүнээс зай барих боломжтой болдог.

Ил тодоор харилцах
Саливанны аргатай ижил тэстэй, гэхдээ илүү ил тод бөгөөд идэвхтэй байр сууринаас харьцах арга барилыг Пулитцерийн шагналт Дебора Нелсон санал болгож байна.

Тэрээр судалгааныхаа алхам бүрт холбогдох эх сурвалжид өөрийнхөө хийж буй ажил, олж мэдсэн зүйлээ дэлгэрэнгүй ярьж өгч, зөвлөмж өгөхийг хүсдэг аж. Хатагтай Нелсон ажил амьдралынхаа туршид сүйтгэн нураах үйл ажиллагаа явуулж ирсэн нэгэн цагдаагийн тухай дээрх аргаар эрэн сурвалжилсан аж. Нелсон авхай тэр цагдаа руу байнга утасдаж асуудал болгон дээр санал бодлыг нь сонсож байсан бөгөөд бүтээлээ нийтлэхийн өмнөх эцсийн хувилбараа уншуулахад “Гайхалтай өгүүлэл байна. Би яг л ингэж боддог” гэжээ.

Албаны эх сурвалж, эрхтэн дархтантай иймэрхүү илэн далангүй байдлаар байнга харьцах хэцүү гэж зарим уншигч хэлэх байх. “Нийтлэхийн өмнө ишлэлийг үзээд өгөөч гэж бид яаж утасдах юм бэ? Тэд хэлсэн бүхнээ үгүйсгэнэ. Эсвэл нийтлээгүй байхад нь бүтээлийг минь үгүй хийх аргаа олноо!”

Та өөрийнхөө орчин нөхцлийг биднээс илүү мэдэж байгаа. Гэхдээ бидний туршлагаар бол сэтгүүлчид иймэрхүү нөхцөлд өөрсдийнхөө бодож байгаагаас илүү нөлөө бүхий байдаг. Ялангуяа та илэн далангуй ил тод байдлаар ажиллах эрх мэдэлтэй мэт харьцах юм бол эх сурвалж тань тийм гэдэгт итгэнэ. Мөн та зоригтой, өөртөө итгэлтэй дүр харуулбал хүмүүст таныг айж байна гэж таахгүй. Ямар ч тохиолдолд та зөв зүйл хийж буйдаа итгэлтэй л байх хэрэгтэй. Таныг итгэлтэй, эсвэл итгэлгүй байгааг эх сурвалж тань мэдрэх болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас